анхны компьютер

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер "Оч" өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй "Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны ...-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү" ..... гэсэн 4/5 тоот "өргөдөл хүргүүлэх тухай" албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд "Оч"-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе! Микрокомпьютер “Оч”. Дисплейн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, HDD-ийн оронд “Электроника” нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет ашиглав. Чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторууд хөрөөдөж хийв. Тэжээлийн блок хадгалагдсангүй. “Оч” компьютер нь одоо Мэдээлэл технологийн үндэсний паркын музейд хадгалагдаж байна. 38 жилийн хугацаанд, “Оч”-г ашиглалтад оруулсныхаа дараа Москва явж аспирантурт суралцан доктор цол хамгаалсан О.Батсүх, ЗТО-ны дизайнер-багш, автомашины будгийн шилдэг үйлчилгээ үзүүлдэг болсон байсан Мягмарсүрэн нар нь бурхны оронд оджээ, ум сайн амгалан байх болтугай. БХЯ-ны ...-р ангийн инженер асан Д.Дашцэрэн улсаа компьютержүүлэх зорилго дээрээ ардчилал эхлүүлэхээр 1990 оны анхны өлсгөлөнд оролцож амиараа дэнчин тавьсан, одоо бизнесмэн. Инженер Д.Толя 2006 онд үүнийг бичигчийн хамт Монгол Улсын анхны суперкомпьютер Bit HPC-г угсарч ашиглалтад оруулсныхаа дараа ногоон картаар АНУ явсан, одоо тэндхийн иргэн,  Siemens-ийн нэг салбарт ажилладаг. Цөөнгүй жижиг конденсатор, элемент өгч, багаж хэрэгслээр дэмжсэн инженер А.Гантөмөр “Хэт моторс” ХХК-ийг байгуулж мотор, машин оношлодог, засварладаг болжээ. Гар хийх ажлыг гүйцэтгэсэн багш Л.Гантулга боловсролын салбарт ажилласан хэвээр, олон шавьтай. Энэ компьютерыг угсрах үйл ажиллагааг Залуу техникчдийн ордонд явуулах зөвшөөрөл олгон дэмжсэн, тэндхийн дарга агсан Ш.Содномдаржаагийн гэгээн дурсгалыг хүндэтгэе! Электроникийн лабораторио 2 сар өдөржин, шөнөжин 24 цагаар ашиглуулсан багш Д.Цэцэгмаад баярлаж явдаг шүү. Бидний Залуу техникчдийн ордонд ажиллах үед ажлыг маань орлон хийж байсан ТБТ-ийн инженерүүддээ эрүүл энхийг хүсье! Мөн тогтмол санах ойн чип 2716-д систем шивэхэд eraser, программатораа өгч ашиглуулдаг байсан ТБТ-н инженер төсөлч Донжоо эгч, Маам ах агсан нар бидэнд их тус хүргэсэн, талархаж явдаг. "ОЧ"-ИЙН ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮУ БАЙВ? Овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр* (intel8080), шуурхай санах ой их* (16КБ), ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв. Харьцуулах компьютер нь 1983 онд аймгийн төв, 3 хотын Статистикийн Хэлтэс, ТБТ-д суурилуулсан байсан Польш улсын 22ш суурин МЕRА-100 (үнэ нь USD15000) мини компьютер байлаа. Мэйнфрэйм Минск-32 ~90 кв м, IBM360 110 кв м талбай эзэлдэг байлаа. Гэвч MERA-100 зөвхөн ассемблер хэл зөвшөөрдөг, гэтэл "Оч" ассемблерээс гадна BASIC-тэй буюу хэрэглэгчээс програмчлалын өндөр ур чадвар шаардахгүй авсаархан ширээний компьютер байв. Нэг бэрхшээл нь “Оч”-ийг бүтээхэд ашигласан чипүүд Intel-ийн голдуу байсан тул эдгээр нь манай дэлгүүрт төдийгүй ЗХУ, Герман, Польшийн дэлгүүрт огт байгаагүй. Унгар, Польшийн хар зах дээр харин байсан. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулахад ЗХУ-ын талын соц улсууд, түүний дотор хамгийн түрүүнд дэмжсэн БНМАУ-д АНУ тэргүүтэй хэд хэдэн улс өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх COCOM нэртэй санкц тавьсан нь ЗХУ цэргээ Афганистанаас 1989 онд гаргах хүртэл үргэлжилсэн. "Оч"-ийн чип, эд ангиудыг Герман, Унгарын тоног төхөөрөмжийн сэлбэгээс авах, Польшийн мэргэжилтнүүдтэй бараа солилцох, нууцаар худалдаж авах замаар 3 жил цуглуулсан билээ. "Оч" нь, 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан ШБОС-84 үзэсгэлэнгийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, COCOM-ын МУ дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай. Тэр үед COCOM-ын санкцын хэрэгжилтийг хянадаг төлөөлөгч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга байсан. “Оч"-ийн процессорын хайрцагт, модем залгаж телефон шугамаар дата дамжуулах зорилгоор serial data chip 8251 бүхий хавтан угсарч гадна талд нь 25 хөлтэй коннектор эрэгдсэн байсан. ОЧ”-ИЙГ БҮТЭЭГЧДИЙН ЗОРИЛГО БИЕЛСЭН ҮҮ? “Оч”-ийг, тэр үед нэвтэрч эхлээд байсан, IBM PC, Apple II зэргийн нэгэн адил мэргэжилтэн бүрт, бас айлд байх компьютер болгохоор, бас сүлжээнд холбохоор бүтээж угсарсан билээ. Өнөөдрийн байдлаар PC МУ-ын айл бүрт хүрч амжаагүй, гэхдээ угсрагчид олноор бий болсон, бөөний нийлүүлэгчид цөөнгүй, Оч маань Дөлийн хэмжээнд хүрсэн. Сүлжээний хувьд, хотуудын төв хэсгийн айл, ААНБ-ын PC-нүүд шилэн кабелийн сүлжээнд холбогдсон ч захын гэр хороололд суурин дата үйлчилгээ маш хангалтгүй. Үүрэн холбооны дата үйлчилгээ УБ-ын гэр хороолол, аймаг, сумын төв, суурингуудад хүрсэн ч, малчны хот, бэлчээрийн өчүүхэн хэсэгт хүрээд буй нь холбоо, электроникийн Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон БНХАУ-ын хөрш улсын хувьд чамлалттай явдал. Бидэнтэй хамт ТБТ-д ажиллаж байсан програмист Д. Энхбат (өнгөрсөн жил МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч) санаачилга гарган, хувийн зардлаараа МУ-ыг 1996 онд интернетэд холбосон. Өнөөдрийн байдлаар хөдөөд хэдэн зуун terabit/s-н нэвтрүүлэх чадвартай 30 мян км илүү шилэн кабель татагдаж, үүрэн холбооны хэдэн арваас олон зуун mbps хурдаар хэдэн арван км-ын цаана утас таталгүй дата үйлчилгээ хүргэх чадвартай олон мянган станц суурилагдсан, гэтэл МУ-ын нутаг дэвсгэрийн 80% гаруйд дата үйлчилгээ хүрээгүй, хөдөөгийн малчид өвөлжөө, зуслан, бэлчээртээ, хэдий тэд өндөр хүчин чадалтай процессор, олон гигабайт санах ой, 3G/4G/5G-ийн модемуудтай смарт төхөөрөмжтэй ч, интернетгүй. Учир юунд оршино вэ? Шилэн кабелийн маань тариф маш өндөр, тухайлбал УБ-с АНУ хүртэл 1мбит/с нь ₮16000 (Жемнэт ХХК) байхад, УБ-с аймаг, сум байтугай Төв шуудангаас УБ-ын гэр хороолол хүртэл  ₮80000 (МХС ТӨК) юм байна. АНУ, Япон, Герман гэлтгүй, бидэнтэй нэг зиндаанд байсан Латви, Эстони, Казахстаны хөдөөд 1 мб/с-ийн урсгалын сарын тариф 1 ам доллар хүрдэггүй гэнэ PC нэвтрэлтийн хувьд “Оч”-г хийх үеийн зорилго биелэхэд ойртсон, смарт төхөөрөмжөөр харин ч давсан буюу “Гал” болсон. Харин мэдээлэл дамжуулах сүлжээний хувьд тэр үед төсөөлөөгүй өндөр үзүүлэлттэй дамжуулах, төгсгөлийн төхөөрөмж, станцууд МУ-ын суурингууд, зам дагуу тавигджээ. Харин сум, суурин хүрсэн шилэн кабелийн нэвтрүүлэх чадварын 1% ч ашиглагдахгүй байхад суурингийн иргэдэд хүрэх үйлчилгээний тариф өндөр атлаа үзүүлэлт нь бага аж. Малчдын бэлчээр, өвөлжөөнд бол, хэдий тэд смарт төхөөрөмжтэй ч суурин байтугай үүрэн холбооны сигнал очоогүй, буюу “гал” түлшгүй. Шалтгааныг нь сурвалжилсаар мэдсэн зүйл минь Харилцаа Холбооны Тухай Хууль, чухамдаа 17.2 дахь заалт нь гэнэ! Энэ заалтын “... байж болно” гэдэг чухал уу гэхэд хөдөө тийш татсан эрчим хүчний шугам, дэд станцын хамт, мөн хөдөө тийш барьсан авто замыг ашиглахад дан ганц хөдөөнийхөн мөнгө төлдөггүй биз дээ, Авто замын тухай, Эрчим хүчний тухай хуулиудад энэ тухай заалтууд тун тодорхой гэх мэргэн дүү олон. 1984 онд компьютер бөөнөөр үйлдвэрлэхэд COCOM гол саад байсан бол өнөөдөр орон нутгийн дамжуулахад маш өндөр тариф тогтоосон хуулийн заалтыг өөрчлөхгүй байгаа УИХ маань тэр COCOM-ын үүрэг гүйцэтгэж байна. ЦХХХЯ, ЗГ, УИХ-д дэвшүүлэх үндэслэл бүхий санал боловсруулж өргөн барих нь өнөөдрийн “Шинэ Оч” бололтой, түүнээ Дөл, улмаар Гал болгон хөгжөөнө үү, энэ нь МУ-ын хөгжлийг суга дээшлүүлнэ, амжилт хүсье! Бэлтгэсэн: Г.Оюунбаяр, Булган, Тэшиг, Эрин баг,  

Дэлгэрэнгүй
712-1652051911Untitled

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд  олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй.  Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
agaariin medee

Радио холбооны анхны өдрүүд …

Ардын засгийн эхний жилүүдэд  “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх технологи хэрэгтэй байлаа. МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 дугаар сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь  хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад “радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг  монголын  төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ. 1930 онд ЗХУ-ын  эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцлийг судлаад “Монгол улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ. Засгийн газрын 1931 оны 3 дугаар сарын 13 ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэсэн “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. 1931 оны зун радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. МОНГОЛ РАДИО хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дамжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ. Их хүрээнд 1880 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор сууриших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ”  гэдэг орос ажилчдийн клуб байжээ. “Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын төхөөрөмжийг ашиглан төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ. 1931 оны 6 дугаар сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ. Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа :  нийслэлд радио анх эхлэж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргье” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг. “Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ. 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ. 1931 оны намраас “Монгол радио” хоршоо өөрийн радио зангилаатай болж айл өрхүүдэд радио цэгийг ажиллуулж эхэлжээ. 1933 оны 02 дугаар сарын 3-ны 5-р хурлаар радионы ажлыг сайжруулах зорилгоор: -Радиогийн барилга байгууламжийг барих ажлыг цахилгаан шуудан бичгийн хороонд хариуцуулаад Монгол - Радио хоршоог татан буулгаж түүний хөрөнгө мөнгийг Цахилгаан Шуудан Бичгийн Хороонд шилжүүлжээ. - ЗХУ –аас ирүүлэхээр бэлэн байгаа тоног төхөөрөмжүүдийг Улаан-Үдээс УБ-т авто машинаар татан авах БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах зорилгоор 1933 оны 2 сарын 9 нд БНМАУ- ЗСБНХУ-ын хооронд гэрээг УБ хотод хийжээ. Уг гэрээнд: ЗХУ ын талаас 1-15 киловаттын радио нэвтрүүлэх болон хүлээн авах станцууд 1000 радио цэг ажлуулж чадах радио зангилааг УБ –д суурилуулах 150- 500 ватт чадал бүхий жижиг радио станцыг аймгуудын төв болон томоохон сурин газруудад суурилуулах Мэргэжлийн боловсон хүчнүүдийг дагалдуулан сургах үүрэг хүлээж БНМАУ-ын талаас Радио станцуудыг суурилуулах байр тоног төхөөрөмжүүдийг хадгалах агуулах болон мэргэжилтнүүдийн орон сууцуудыг бэлтгэх Радио станцуудад хэрэглэгдэх багана мод болон барилгын материалуудыг шаардагдах газруудад нь хүргэх зардлыг гаргах Энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ. БНМАУ-д радио нэвтрлүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас  “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ. 1934 оны 9 дүгээр сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлэгийг нээх ажиллагааг УБ хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас Элчин сайдын төлөөлөгчид оролцжээ. [caption id="attachment_62943" align="aligncenter" width="243"] Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Рэнцэнгийн Мэнд[/caption]  “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар анх цацагджээ. [caption id="attachment_62942" align="aligncenter" width="480"] Анхны радио диктор Батаа[/caption] Нээлтийн үйл ажиллагааг 13 аймгийн төвүүдэд радиогоор сонсгожээ. Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ. 1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байна. 1946 оноос Л.Мөрдорж хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 аад жил болжээ. Үг. Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж [caption id="attachment_62941" align="aligncenter" width="367"] Эх оронДэлгэр Монгол орнооМагтаж бид нар дуулахдааТэнэгэр сайхан жаргалааБахдаж заавал оруулдаг[/caption]   1947-онд Америкийн Атлантик хотод, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа. БНМАУ ыг цаашдаа нэгдсэн төлөвлөгөөтөй хөгжүүлэх бодлогын баримтыг 1947 онд хуралдсан МАХН ын 11 р их хурлаар хэлэлцээд Улс ардын аж ахуйг 1948 - 1952 онд хөгжүүлэх анх дугаар таван жилийн төлөвлөгөөг батласан нь чухал алхам болжээ. Анх дугаар таван жилийн төлөвлөгөөнд сум ба томоохон газруудад 13 радио зангилаа байгуулах, 280 суманд Эх орон хүлээн авагчийг тавихаар төлөвлөжээ. Бэлтгэсэн: Харилцаа холбооны түүхийг судлагч Г. Шаравдэмбэрэл

Дэлгэрэнгүй
292538-06042022-1649228820-109363736-hannes_astok

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий

Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад айлчлах үеэр www.gogo.mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Дэлхий дахинд e-estonia гэгдэх болсон Эстони улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж шагшигдах болсон бэ. Эстонийн Засгийн газар цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн нууц нь юунд оршдог вэ? -Эстонийн дижитал шилжилтийн бодлого 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараа буюу 1991 онд Эстони тусгаар улс болсон. Тухайн үед төр засагт хүн амын тоо, иргэдийн хувийн өмчийн бүртгэл гэх зэрэг ямар ч мэдээлэл байгаагүй. Иймээс хүн амын тооллогыг дахин явуулахаар болов. 1990-ээд оны эхэнд Засгийн газрын сайдууд бүгд шижигнэсэн залуус байлаа. Тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд 33 настай байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах эрс шийдэмгий алхам хийж, тусгай хөтөлбөр боловсруулсан. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, цахимжуулахаас гадна төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхэх байдлыг халах, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр иргэд төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломж бүрдсэн. 25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм. -Дижитал шилжилтийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ? -1997 онд e-estonia хөтөлбөрийг эхлүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэцдээ дөрөөлөн 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, 2000 онд Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх боломж бүрдсэн. Мөн E-Tax Board системийг нэвтрүүлснээр хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болсон. Өмнө нь татварын мэдээллийг цуглуулахын тулд 250 хүн нэг сар болгон ажилладаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, иргэд таван минутад татвараа мэдүүлж, татварын буцаалтаа тав хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болсон. Тус и-эйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2002 онд E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ, 2005 онд i-Voting үйлчилгээг нэвтрүүлж сонгуулийг цахимаар өгдөг болсон юм. Мөн E-Police, E-Health E-Court, E-Law, M-Parking /Mobile Parking/ үйлчилгээг цахимжуулсан. -Цахим шилжилт Эстонийн төрийн бүтээмж, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн вэ? -Эстонид иргэд төрийн байгууллагын үйлчилгээг уламжлалт аргаар авахын тулд ирж, очих, дараалалд зогсох гээд ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг байсан. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд гэртээ суурин компьютероор нэвтрэн орж, 30 минут л зарцуулдаг болсон. Дээр дурдсанчлан өнөөдөр Эстонид иргэн бүрийн бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан. Дижитал шилжилтийн хүрээнд манай улс өнөөдрийг хүртэл нэг тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар хоёр тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий. -Таны хувьд Монгол Улсад гурван жилийн өмнө айлчилж, e-Mongolia системийн эхлэлийг тавьж байсан. Тухайн үед Монголын нөхцөл байдал ямар байсан вэ? -Цахим засаглалыг хөгжүүлэхэд бодлого, стратеги, дэд бүтэц, технологи, иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван хүчин зүйл маш чухал нөлөөтэй. Гурван жилийн өмнө намайг анх ирж байхад цахим засаглал, дижитал шилжилтийг Монголын төр засгийн зүгээс дэмжиж буйг анзаарсан. Манай улсын "Цахим Засаглал"-ын академи нь дэлхийн олон улсад сургалт, семинар явуулдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд төр засгийн дэмжлэггүй бол аливаа улсад цахим шилжилт хийх хэцүү гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Монголын Засгийн газар цахим шилжилт хийх үйлсэд манлайлал үзүүлсэн нь авууштай. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан. Өнөөдөр Монголд гар утастай, интернеттэй хүн e-Mongolia системийг ашиглах боломжтой. -E-Mongolia системийг хөгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг аппликейшны нэг болсон. Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -E-Mongolia системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт тавьж байсан. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Гэсэн хэдий ч миний ажигласнаар төрийн зарим нэг үйлчилгээг нэгтгэх, багасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн технологийн боловсрол маш чухал. Цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. -Эстонийн "Цахим Засаглал"-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ? -Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан. -Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ? -Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй. Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг удаа хөрөнгө оруулалт хийсэн бол тэр нь насан туршийнх гэж буруу ташаа ойлгох үе их бий. Тухайлбал цахим шилжилтийн системүүдийг 10-12 жилд шинэчлэх шаардлагатай. -Таны хувьд дөрөв дэх удаагаа манай улсад ирээд байна. Өргөн уудам газар нутагтай гурван сая монголчууд бид хот, хөдөө гэлтгүй төрийн үйлчилгээг адил тэгш авах боломж нь хэзээ бүрдэнэ гэж та харж байна вэ? -Хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг байгаа газраасаа ямар ч асуудалгүйгээр авах нь цахим шилжилтийн гол үүрэг нь шүү дээ. Гэхдээ үүний тулд мэдээж дэд бүтэц, технологийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Монгол Улс өргөн уудам нутагтай бөгөөд иргэд нь тархай бутархай оршин суудаг. Гэсэн хэдий ч Монголын үүрэн телефоны операторууд орон нутгуудыг сүлжээнд холбож буй. Тус дэд бүтцэд тулгуурлан e-Mongolia системийн хамт олон цахим аймаг бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар нийт 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжжээ. Тэгэхээр орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг 100 хувь цахимаар авах тухайд цаг хугацаа харуулна гэж бодож байна. -Эстонийн "Цахим Засаглал"-ийн академи дэлхийн олон улс оронд сургалт, семинар явуулдаг. Сүүлд Украин улсад цахим шилжилт хийх асуудлаар зөвлөгөө өгч, чиглүүлж байсан. Украин улсын хувьд 2024 онд төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулна гэсэн зорилт тавьж байсан. Гэвч өнөөдөр тус улсад онцгой нөхцөл байдал үүсээд байна. -Украин улс дайны нөхцөл байдлын үед ч гайхамшиг бүтээсээр байна. Хоёрдугаар сарын 24-нд дайны нөхцөл байдал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 3 сая орчим хүн Украинаас дүрвэн гарсан. Мөн долоон сая хүн улс дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн гэсэн тооцоо бий. Тэгэхээр эдгээр хүмүүс бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухгүй байгаа гэсэн үг.  Харьков, Мариуполь зэрэг хотууд бөмбөгдөлтөд өртөж, барилга байшингууд нь нурсан. Дайны нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Харин энэ үед иргэд төрийн үйлчилгээг шаардлага гарахад Украины Засгийн газраас үүнийг цахимаар олгож буй юм. Монголтой адил Украинд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой болсон нь өнөөдөр дүрвэгчдэд маш их туслалцаа үзүүлж байна. Эстонийн туршлага олон улсад маш сонирхолтой. Өнөөдрийн байдлаар манай академи Албани, Косово, Монтенегро, Серби зэрэг баруун Балканы орнуудад сургалт, семинар орж байгаа. Мөн Номхон далайн орнууд болох Самоа, Тонго, Барбадос зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна. -Эстони улс цахим хөгжлөөрөө Европын холбоог тэргүүлдэг. Энэ салбарт 25 жилийн туршлагатай ч цахим засаглал, шилжилтийн хүрээнд сайжруулах, шинэчлэх ажлууд байгаа байх. Үүнээс хуваалцахгүй юу? -Инээдтэй сонсогдож магадгүй гэхдээ бид төрийн үйлчилгээний цахим хэрэглээг илүү хялбар болгоход анхаарлаа хандуулна. Одоогийн байдлаар Эстонид зөвхөн суурин компьютероос төрийн үйлчилгээ авах боломжтой нь зарим иргэдэд чирэгдэл учруулж байна. Цаашид энэ асуудлыг шийдэх тал дээр ажиллана. Мөн цахим шилжилтэд хиймэл оюун ухаан ашиглах талаар судалж байна. -Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй
Б.-Билэгдэмбэрэл-Мэдээлэл-технологийн-бодлого-зохицуулалтын-хэлтсийн-дарга-1

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. - Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл өнгөрсөн намрын чуулганаар сүүлийн 10 гаруй жил баталж чадахгүй байсан Кибер аюулгүй байдлын анхны хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох заалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлага эхэлье. - Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн гол онцлог нь онц чухал дэд бүтэцтэй 17 чиглэлийн байгууллагыг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн 17 салбарын байгууллагын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц байгууллагууд байгаа гэсэн үг. Эдгээр байгууллага нь 2 жил тутамд аюулгүй байдлын хараат бус хөндлөнгийн аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулж байх зохицуулалтыг хуульд тусгасанаараа онцлог гэж хэлж болно. Үүний зэрэгцээ, төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад тагнуулын байгууллага, иргэд, аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудалд зэвсэг хүчин гэх зэргээр чиг үүргийнхээ дагуу холбогдох байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг хуульд тусгасан. Энэ хууль 2022 оны 05 дугаар сарын 01-с эхэлж хэрэгжинэ. Иймд бид хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд хуульд заасан кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит, мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна. - Өнгөрсөн хугацаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? -Бид олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим халдлага, зөрчилтэй тэмцэх төв байгуулах бэлэн байдлын судалгааг хийж байгаа бөгөөд эцсийн тайлан энэ оны 4 дүгээр сарын сүүлээр гарна. Мөн АНУ-ын Карнеги Меллоны сургуулийн Программ хангамжийн институттай хамтран Кибер аюулгүй байдлын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Компьютерын аюулгүй байдал, халдлагад хариу үзүүлэх баг(CSIRT) байгуулах нь” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад төрийн болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй хувийн хэвшлийн нийт 20 байгууллагын 37 албан хаагч хамрагдсан. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг сургах, ур чадварыг сайжруулах талаар төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ оны 4 дүгээр сард дээрх шийдвэр эцэслэн батлагдаж, 10 дугаар сараас сургалтын ажил эхэлнэ. -“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудас хакердуулсан тохиолдол гарлаа. Иргэдийн хувьд мэдээлэл алдлаа хэмээн цахим орчинд шуугиад амжсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ? -Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи хийж буй ажлаа олон нийтэд түгээх, иргэдтэй шуурхай харилцаж, санал, гомдлыг нь сонсох үүднээс фейсбүүкийг олон нийттэй харилцах суваг болгон ашигладаг. Иргэд бие биетэйгээ фейсбүүкээр харилцдагтай адил гэсэн үг. Энэхүү нийгмийн сүлжээний пэйжийг хөтөлдөг админуудын нэг нь нууц үгээ алдсаны улмаас дээрх асуудал үүссэн гэж харж байна. Тухайн үед бусад админуудад нь мэдэгдэл ирснээр шуурхай арга хэмжээ авч 10-20 минутын дотор META компаниас тус пэйжийн үйл ажиллагааг блоколж, зогсоосон. МЕТА компанийн үйлчилгээ үзүүлэх дүрмийн дагуу пэйжний нэр солих асуудлыг манай баг шуурхай ажилласны үр дүн богино хугацаанд бүрэн сэргээж чадлаа. Одоо бид халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг META компанитай хамтран илрүүлэхээр ажиллаж байна. Мөн “e-Mongolia” фейсбүүк хуудасны админуудтай хариуцлага тооцох арга хэмжээ авч байна. Гэхдээ иргэдийн хувьд буруу ойлголт байх шиг байна. “e-Mongolia” системин фейсбүүк хуудас хакердуулсан болохоос систем хакердуулаагүй. "e-Mongolia" систем бол тусдаа ойлголт. Тус систем нь Монгол Улсад байршдаг. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллагууд байдаг ба төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан нэгдсэн нэг цонхоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг төрийн үйлчилгээний нэгдсэн систем юм. Иргэд фейсбүүкийг ашиглан хоорондоо харилцдагтай адил “e-Mongolia”-ийн фейсбүүк хуудас бол иргэдтэй харилцах, мэдээлэл өгөх суваг байсан болохоос биш төрийн үйлчилгээ үзүүлдэг систем биш. - Иргэдийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн төр хамгаалах ёстой мэт хандлага гаргадаг. Гэтэл төр засаг, хууль эрх зүйн орчноос гадна тухайн иргэн өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хамгаалах, энэ чиглэлд мэдлэг, мэдээлэлтэй болох ёстой байх. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? -Мэдээллийн аюулгүй байдлын хувьд хувь хүнээс 80 хувь, техник технологоос 20 хувь нь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд нууц үгээ бусдаас нууцалдаг байх шаардлагатай. Наад зах нь дэлгүүрт ороод картныхаа нууц үгийг хамаагүй хэлдэггүй байх хэрэгтэй. Тухайн картны пин код алдагдвал дансны мөнгө нь алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн нийгмийн сүлжээнд харилцахдаа нууц үгээ хүчирхэгжүүлэх, таахад амархан нууц үг ашиглахаас сэргийлэх зэргээр аюулгүй байдлаа хангах наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангана гэдэг бол техник технологоор хамгаална гэхээс илүүтэй иргэдийн дадал зуршил, мэдлэг ойлголттой шууд холбоотой. -“e-Mongolia” системийн аюулгүй байдлыг хангах тал дээр MNCERT ТББ-тай хамтарч ажилладаг хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Гэтэл MNCERT ТББ нь танай яамтай хамтарч ажилладаггүй гэх тайлбарыг хийсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу? -“e-Mongolia” систем бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем. Хэрвээ төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бол “e-Mongolia” системтэй холбогдож, нэг цонхоор буюу нэгдсэн байдлаар гаргах зорилготой. Төрийн мэдээллийн системүүдэд хуулиараа тагнуулын байгууллагын бүтцэд байх кибер халдлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Харин хариуцагч байгууллагын хувьд эрсдэлээс сэргийлэх бодлого, дүрэм, журамтай байх, мэдээллийн аюулгүй байдлын шалгалт хийх, эмзэг байдлыг илрүүлэх арга хэмжээ авч байх нь тухайн байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулах гол нөхцөл байдаг. Халдлагаас 100 хувь хамгаална гэсэн ойлголт байхгүй. Ямар ч тохиолдолд эрсдэл бий. Харин эрсдэл учирч хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд аль болох хурдан сэргээх боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр ч утгааараа нийтэд хэрэглэж буй системүүд дээр мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, илэрсэн цоорхойгоо нөхөх, улмаар учирч болзошгүй эрсдэлээ бууруулах арга хэмжээ авдаг. MNCERT хэмээх ТББ нь гишүүн байгууллагууддаа цахим аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, халдлага гарсан тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй байдлын талаарх мэдээ, мэдээллийг түгээх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Тус байгууллага нь мэргэжлийн болоод үйл ажилллагааны чиглэлийн дагуу холбогдох дүрэм, журмын төсөлд санал, тайлбар өгөх хэлбэрээр манай яамтай хамтарч ажилладаг.  Өөрөөр хэлбэл, MNCERT ТББ нь өөрсдөө сайн дураараа нийгмийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төрийн бодлого зөв байгаасай гэдэг үүднээс бидэнд зөвлөгөө, дэмжлэг, туслалцааг үзүүлдэг. Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн zarig.mn сайтад өгсөн ярилцлага бол 2021 оны 11 дүгээр сард өгсөн ярилцлага байсан. Тухайн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь MNCERT ТББ-ын хоёр гишүүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг байсан. Харин 2021 оны 12 дугаар сарын 16-нд Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар тус байгууллагын хоёр гишүүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон. 2022 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь татан буугдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болсноор ямар нэгэн байгууллагатай гэрээлж ажиллаагүй байна. Кибер аюулгүй байдлын хууль ирэх 05 сарын 01-ээс хэрэгжиж эхлэнэ. Тус хуулинд халдлагаас хамгаалах төвийн асуудлууд орсон. Бидний хувьд халдлагаас хамгаалах төвийн судалгааг хийж байна.

Дэлгэрэнгүй
291782-17032022-1647495886-1745163739-bolorerdene_obuna1

Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох хүсэлт гаргасан

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон E-Mongolia академийн хамтарсан баг энэ онд бүх аймгийг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Тэд энэ сарын 12-15-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл, Төв, Дорнод аймгуудад ажиллалаа. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. -Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулсан цагаас хойш 1.5 жилийн өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үйлчилгээнүүд цахимжаад байна вэ? -Өнөөдрийн байдлаар улс орон даяар авах боломжтой 650 үйлчилгээг цахимжуулсан. Түүнээс гадна орон нутгийн 800 үйлчилгээг нэвтрүүллээ. Цахим хөгжил, харилцааны холбооны яам орон нутгийг үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын бас нэг гол концепц нь төрийн бүтээмжийн сэргэлт. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс маш олон судалгааг хийсэн. Тухайлбал, Монгол Улсад орон даяар хэдэн үйлчилгээ байгааг урьд өмнө нь тоолж байгаагүй. Төрд ийм дата мэдээлэл байхгүйн улмаас стандартгүй явж ирсэн. Тухайлбал "архины зөвшөөрөл олгох" гэсэн нэг үйлчилгээг аймаг, сум болгонд өөр өөрийн шалгуураар өгдөг. Нэг стандартгүй явж ирсний улмаас бид нэг үйлчилгээг 88 янзаар цахимжуулах шаардлагатай болчхоод байна. Сүүлийн 30 жил тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг ямар ч стандарт, шалгуургүй яваад ирсэн нь харагдаж байна. Энэ нь эргээд төр үр ашиггүй, бүтээмжгүй ажиллаж, авлига, хээл хахууль гаарсан. Төрийн бүтээмжийн асуудалд зөвхөн цахимжуулахаас гадна төрийн албыг оновчлох асуудал давхар хамт явж байх ёстой. Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх. -Өнгөрсөн хугацаанд төрийн 650 үйлчилгээг цахимд шилжүүлсэн гэлээ. Үүгээр төсвөөс хэдий хэмжээний мөнгө хэмнэсэн тооцоо судалгаа байгаа юу? -Бид маш олон судлаачдын багтай хамтарч ажилладаг. Олон улсын байгууллагууд E-Mongolia системийг кейс болгон гаднаас ирж судалгаа хийж байгаа. Тэдгээр судлаачдаас хэд хэдэн тоо ирсэн. Зөвхөн 2021 оны хувьд нийтдээ 56 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэх тооцоо судалгааг дотоодын судлаачдын баг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн иргэд төрийн үйлчилгээг авахтай холбоотой хэмнэлт. Харин төрийн байгууллагууд өөр хоорондоо албан бичиг солилцох зэргээс 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Түүнчлэн өөр бас нэгэн судлаачдын багаас явуулсан судалгаагаар энэ оны гуравдугаар сар хүртэл нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэх тоог өглөө. 2022 онд төрийн 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд төсвөөс хэмнэлт хийсэн дээрх тоо хоёр гурав дахин үржигдэнэ гэсэн хүлээлттэй байна. -Аливаа үйлчилгээг цахимжихад зайлшгүй гарч ирж байдаг хөндүүр сэдэв бол цахим мэдээллийн аюулгүй байдал. Үүн дээр хэрхэн анхаарах вэ? -Кибер аюулгүй байдлын хуулийг өнгөрөгч 2021 оны намрын чуулганаар баталлаа. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас кибер аюулгүй байдлын тогтолцоо бий болоогүй байсан. Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Тагнуулын ерөнхий газар хариуцдаг байсан. Харин хувийн хэвшил иргэдийн дата мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэсэн зохицуулалт байгаагүй. Саяхан батлагдсан Кибер аюулгүй байдлын хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Кибер аюулгүй байдлын асуудал үндэсний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Монгол Улсад өдөрт гаднаас ирж буй кибер халдлагын тоо маш өндөр. Монгол руу гадаадаас ирж буй кибер халдлагаас хамгаалах 24/7 хугацаанд бэлэн байдалд ажиллах Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төвийг байгуулна. Цахим үндэстэн болох стратегийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бидний төлөвлөснөөс илүү хурдтай явж байна. -Цахим үндэстэн болгох хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нь нийт зорилгын 10 орчим хувийг эзэлж байгаа бол хамгийн гол нь иргэдийн хэрэглээнээс шалтгаална гэдгийг салбарын хүмүүс онцолж байна. Тэгэхээр иргэдийн цахим боловсролд хэрхэн анхаарах вэ? -Өнгөрсөн жил бидний явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн 43 хувь нь тоон бичиг үсгийн чадвартай гэсэн тоо баримт гарсан. Энэ маш хангалтгүй тоо. Өнөөдөр твиттер, фэйсбүүк ашиглаж байгаа нь цахим боловсролтой гэсэн үг биш. Цахим боловсрол гэдэг нь технологи ашиглан өөрийнхөө аж амьдралыг хөнгөвчлөх, цахим датаныхаа аюулгүй байдлыг хангаж чаддаг байхыг хэлнэ. Харамсалтай нь бид өнөөдөр зургаадугаар ангийн хүүхдүүдэд компьютер хэрхэн асаахыг зааж байна. Цахим боловсрол боловсролын салбарын шинэчлэлтэй зайлшгүй холбоотой. Иймээс бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран мэдээллийн технологийн хичээлийг нэгдүгээр ангиас эхэлж зааж талаар яриа хэлэлцээ хийж байна. Цаашид 21 аймгийн 330 суманд сургалтуудыг тогтмол зохион байгуулна. -Цахим боловсрол олгох хүрээнд Монгол Улсад анх удаа “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачлан зохион байгуулсан. Үүнийг дараагийн удаад үндэсний хэмжээний хөтөлбөр болгон тогтмол зохион байгуулах уу? -Эрэгтэй хүмүүс ажиллаж ирсэн энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор дэлхий дахинд эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэгэн адил миний санаачлагаар Код бичих охидын хөтөлбөрийг гурван сарын турш амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт 21 аймаг 9 дүүргээс нийт 30 охин оролцсон бөгөөд өдөрт 12 цагийн хичээлд хамрагдсан. Зөвхөн мэдээллийн технологийн хичээлээс гадна Англи хэл, гадаадад тэтгэлгээр суралцах зэрэг хичээлүүдийг мөн үзсэн. Өнөөдрийн байдлаар 10-аад охин Америк, Английн их дээд сургуульд мэдээлэл, технологийн чиглэлээр тэтгэлгээр суралцах эрхээ авсан. Анх тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ ийм өндөр хандалт, эрэлттэй байна гэж тооцоолоогүй. Иймээс энэ жил хүрээгээ улам тэлж, код бичих үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эрэгтэй хүүхдүүдийг оролцуулахаар ажиллаж байна. Дашрамд хэлэхэд тус хөтөлбөрийг зохион байгуулахад улсын төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй бөгөөд технологийн компаниуд хамтарч ажилладаг юм. -Цахим үндэстэн хөтөлбөрийг ярихад олон улсад Эстонийн жишээг дурдах нь элбэг. Манай цахим засаглалын жишиг улс болох боломжтой юу? Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх. -Бид анх Эстонийн загварыг авч ашигласан. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн бүх салангид системүүдийг нэгтгэсэн. Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн шинэчлэлүүдийг хийж байна. Бид өнөөдөр ч гэсэн Эстони улсын Засгийн газар болон Цахим академитай нь өдөр болгон хамтарч ажилладаг. Үүнээс гадна Англи, АНУ болон Өмнөд Солонгостой хамтын ажиллагаа тогтоосон. Тухайлбал Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн агентлагтай хамтарч хиймэл оюун ухааны төвийг энэ жил нээхээр ажиллаж байна. Залуучуудад мэдээлэл технологийн боловсрол олгох өндөр технологийн төвийг удахгүй ашиглалтад оруулна. Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх. Энэ чиглэлээр орноос E-Mongolia академи байгуулагдсан. НҮБ-аас E-Mongolia-г олон улсын цахим шилжилтийн загвар жишээ болгох санал тавьсан. Энэ чиглэлээр НҮБ-тай хамтран олон улсын цахим засаглалын хурлыг ирэх тав, зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. -Цахим үндэстэн хөтөлбөрт яамны харьяа байгууллага болох Монгол шуудан компани, Мэдээлэл холбооны  сүлжээ компанийн оролцоог хэрхэн хангах вэ? -Монголын нийт хүн амын 80 хувь нь интернет орох, ашиглах боломжтой бол үлдсэн 20 хувь нь байхгүй. Энэ хүрээнд Мэдээлэл холбоо сүлжээ компанитай хамтран үлдсэн 20 хувийн айлууд руу сүлжээ татах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн E-Mongolia академитай бас хамтарч ажиллана. УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадны доноруудын төсөв буюу 250 сая ам.доллараар программ хангамж хийлгэсэн гэсэн судалгаа бий. Энэ бол маш их тоо. Цахим засаглалаараа дэлхийд тэргүүлэх хэмжээний мөнгө салхинд хийсчихсэн. Харин E-Mongolia академийн хувьд эдгээр программ хангамжуудын тогтвортой ажиллагааг нь авч явах үүрэгтэйгээс гадна иргэдийг сургах тал дээр төвлөрч ажиллана. Тэгэхээр яамны харьяа байгууллагуудын оролцоо тэгш байж Цахим үндэстэн хөтөлбөр хэрэгжинэ. Зөвхөн дотооддоо цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэ салбарт дэлхийн жишиг улс, кейс болох бодлого баримталж байна. -Дорнод аймгийн Халх гол сумын малчин Батаа аймаг, сумын төв орохгүйгээр төрийн үйлчилгээг 100 хувь утаснаасаа цахимаар авах тэр үе хэдий хугацааны дараа бий болно гэж та харж байна вэ? -Цахим үндэстэн болох стратегийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бидний төлөвлөснөөс илүү хурдтай явж байна. Төрийн үйлчилгээ авахын тулд аймаг, сумын төв орох шаардлагатай зэрэг хамгийн дарамттай байдаг нь хөдөө орон нутгийн иргэд шүү дээ. Хөдөө орон нутгийн иргэд ирэх 1-2 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг 100 хувь гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. -Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаад удаагүй байна. Цахим үндэстэн хөтөлбөрөөс гадна тус  яамны хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулбал. -Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гол ажлын нэг бол Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Өнөөдөр дэлхийн 120 гаруй улс энэ чиглэлийн яамтай. Яамыг анхнаасаа цомхон, чадварлаг боловсон хүчинтэй байлгахаар ажиллаж байна. Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадаад харилцаанд түлхүү анхаарч байна. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсын цахим засаглалын байгууллагуудтай холбоо тогтоосон. Зөвхөн дотооддоо цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэ салбарт дэлхийн жишиг улс, кейс болох бодлого баримталж байна. -Ярилцсанд баярлалаа. Бэлтгэсэн: www.gogo.mn сайтын сэтгүүлч Х.Көгершин

Дэлгэрэнгүй
291759-17032022-1647480528-159180413-batbaatar

СУРВАЛЖИЛГА: Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг малчны хотноосоо авдаг болно

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Нурагтын өвөлжөөний малчин Т.Батбаатарын жолооны үнэмлэхийн хугацаа нь дуусжээ. Тэрбээр жолооны үнэмлэхээ шинээр захиалахын тулд аймгийн төв Мөрөн рүү ирэв. Баянзүрх сум нь Хөвсгөл аймгийн төв Мөрөнгөөс 127 км, нийслэл Улаанбаатар хотоос 798 км-ийн зайд оршдог. Т.Батбаатар Мөрөн хотын цагдаагийн газарт очтол түүнийг банканд мөнгөө тушааж, улмаар төрийн үйлчилгээний цахим машинаас жолооны үнэмлэхийн лавлагаа авч ирэхээр явуулав. Ийнхүү тэрбээр бичиг баримтаа бүрдүүлж явахдаа аймгийн Засаг даргын тамгын газарт болж буй "Цахим жишиг аймаг" нээлттэй хаалганы өдөрлөгтэй "таарав". Жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх шинээр захиалах зэргээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-гаас төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимаар авах боломжтойг мэдэж авсан нь энэ юм. Хэрвээ тэр E-Mongolia-г ашиглаж мэддэг байсан бол 130 гаруй км зам туулж, ганцхан жолооны үнэмлэх захиалахын тулд хэдэн өдрийн ажлаа алдахгүй байлаа. "Төрийн үйлчилгээг цахимаар авч болдог талаар мэддэггүй байсан. Манайх сумын төвдөө интернеттэй. Дараагийн удаа үйлчилгээ авахын тулд заавал аймгийн төв орох шаардлагагүй боллоо. Одоо сайн заалгаж авна аа" гэж Т.Батбаатар хэллээ. 2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 188 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байна. Хөдөө амьдарч буй Т.Батбаатар шиг малчид ийнхүү төрийн үйлчилгээг авахын тулд санхүү эдийн засаг, цаг хугацаагаа алдах нь элбэг. Тэгвэл дэлхийн хүн ам хамгийн тархуу суурьшсан улс болох Монгол Улс иргэддээ төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх шийдэл нь E-Mongolia юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон E-Монгол академийн хамтарсан баг энэ сарын 12-15-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн иргэд болон албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцыг танилцуулав. Мөн энэ удаагийн томилолтоор "Цахим жишиг аймаг" хөтөлбөрийг Хөвсгөл аймгаас эхлүүлсэн гэдгээрээ онцлогтой байлаа. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ МАЛЧНЫ ХОТНООС Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг "Алсын хараа-2050", Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, "Цахим Үндэстэн" болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд  дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталсан билээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн төрийн үйлчилгээг энэ системд холбож цахимжуулах хүрээнд Хөвсгөл аймаг орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг болов. Энэ талаар Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Нэргүй "Төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг 2021 оны аравдугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн 77 үйлчилгээ, Мөрөн хотын иргэд дан болон давхар шатлалаар авах найман үйлчилгээг цахимжуулсан. Бусад төрийн байгууллагатай холбоотой 229 үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлснээс хойш 6600 орчим иргэд үйлчлүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 187 албан хаагчаа сургалтад хамруулсан" гэлээ. Монгол Улсын хувьд цахим шилжилт хийхэд дэд бүтцийн хувьд давуу талуудтай. Учир нь манай улс бүх аймгаа шилэн кабелийн сүлжээнд холбосон бөгөөд нэг хүнд ногдох ухаалаг утас, интернет хэрэглэгчийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Тиймээс Монголчууд хамгийн түрүүнд цахим үндэстэн болох боломжтой. Гэхдээ цахим үндэстэн болгох хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нь нийт зорилгын зөвхөн 10-20 орчим хувийг эзэлж байгаа бол хамгийн гол нь иргэдийн хэрэглээнээс шалтгаална гэдгийг салбарын хүмүүс онцолж байна. Иргэдийн хувьд E-Mongolia аппликейшнийг утсандаа суулгасан байдаг боловч хэрэглэх зааврыг нь төдийлөн мэддэггүй талаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын E-Mongolia системийн оператор О.Алтантуяа хэлэв. Мөн тэрбээр "Хөвсгөл аймгийн 77 үйлчилгээ цахимжсан бөгөөд үүнээс найм нь Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын үйлчилгээ багтаж буй. Үүн дотор малчдын арьс шир, ноосны урамшуулал, малчны тамга захиалах хүсэлтийг цахимаар авах боломжтой гэдэг нь малчдын амьдралд маш том дэмжлэг болно. Үйлчилгээ маань орчихсон учир энэ жилийн арьс шир, ноосны урамшууллыг цахимаар олгоно. Үүний тулд малчид хүсэлт гаргах хэрэгтэй. Ингэснээр малчин аймгийн төв орох шаардлагагүй бөгөөд гэрээсээ, хотноосоо арьс шир, ноосны урамшууллаа цахимаар авах боломж бүрдэнэ. Бидний зүгээс малчдад мэдээллийг хүртээмжтэй байлгахын тулд алслагдсан сум, багийн Засаг дарга нар сургалт орж байгаа. Мөн мал төллөсний дараа малчдад сургалт явуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ. Хавар төл авна, залгуулаад ямаагаа самнана. Зундаа хонь тэмээгээ ноосолж, адуу хөөвөрлөнө гээд жилийн дөрвөн улиралд үүр хаяарахтай уралдан босч, үдшийн бүрий болтол ажилладаг малчдын хувьд хамгийн хэрэгтэй үйлчилгээ цахимжсанд баяртай байгаа талаар Хөвсгөлд болсон "Цахим жишиг аймаг" нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон иргэд дуу нэгтэй хэлж байлаа. ЦАГ, МӨНГӨ ХЭМНЭЛТ Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нь шууд болон шууд бус маш олон эерэг нөлөөтэй. Тухайлбал, цахимаар үйлчилгээ авахад таван минутын хугацаа зарцуулдаг бол уламжлалт хэлбэрээр үйлчилгээ авахад замын түгжрэл, үйлчилгээний дараалалд зогсох зэрэг хугацааг тооцоход дунджаар 2 цаг 30 минут болно гэдэг судалгаа байдаг. Иргэдийн хувьд, зарим нь сард хоёроос гурван удаа төрийн үйлчилгээ авдаг бол зарим нь жилдээ ганцхан удаа үйлчилгээ авч байх жишээтэй. Тэгвэл нэг иргэн жилд дунджаар зургаан үйлчилгээ авдаг гэж тооцвол иргэд төрийн үйлчилгээ авах гэж жилд 15 цаг буюу ажлын хоёр хоногийг алддаг байна. Эмнэлгийн цаг авах, гадаад паспорт захиалах зэргээр хөдөө орон нутгаас нийслэл рүү ирэх иргэдийн хувьд саяхныг хүртэл энэ асуудал байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар "E-Mongolia" системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжуулжээ. Үүнийг тодруулбал, Төв аймаг – 47 үйлчилгээ Хөвсгөл аймаг – 71 үйлчилгээ Булган аймаг – 62 үйлчилгээ Дархан уул аймаг – 61 үйлчилгээ Орхон аймаг – 74 үйлчилгээ Сэлэнгэ аймаг – 73 үйлчилгээ Сүхбаатар аймаг – 76 үйлчилгээ Хэнтий аймаг – 71 үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютераасаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм. Үүний зэрэгцээ "E-Mongolia" системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ. Ийнхүү энэ ондоо багтаан 21 аймгийн 330 сумд эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамныхан ажиллаж байна. Бэлтгэсэн: www.gogo.mn сайтын сэтгүүлч Х.Көгершин

Дэлгэрэнгүй
цахим аймаг

Аймгууд өөрсдийн онцлог, нөөцөд тулгуурлан цахим шилжилтээ хийнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-с эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана. Тэгвэл өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Үүнээс тодруулбал, Төв аймаг - 47 үйлчилгээ Хөвсгөл аймаг - 71 үйлчилгээ Булган аймаг - 62 үйлчилгээ Дархан уул аймаг - 61 үйлчилгээ Орхон аймаг - 74 үйлчилгээ Сэлэнгэ аймаг - 73 үйлчилгээ Сүхбаатар аймаг - 76 үйлчилгээ Хэнтий аймаг - 71 үйлчилгээг цахимжуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютераасаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм. Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзнэ гэсэн юм. Энэ хүрээнд аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ орон нутагтаа цахим шилжилтийг салбар бүрт алхам алхамаар нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн НӨӨЦ төвийг байгуулан, өнгөрсөн онд нээлтээ хийсэн. Тус аймгийн хувьд өнөөдрийн байдлаар нутгийн захиргааны 61 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд оруулжээ. Үүний зэрэгцээ Гэрэгэ системтэй хамтран “Смарт-Дархан” системийг хөгжүүлж байна. Дархан-Уул аймаг нь 128 хяналтын камерыг ашиглан замын хөдөлгөөн, гудамж талбайд гарч буй гэмт  хэргийн хяналтыг хийж, зохицуулж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм. Тус аймгийн 22,000 өрх цахим тоолуурын системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тоолуурын бичилтийг алба хаагчид өрх бүрт биечлэн очиж, заалтыг тэмдэглэдэг байсан уламжлалт аргыг халаад байгаа ажээ. Үүний зэрэгцээ Дархан-Уул аймаг Callpro компанитай хамтран иргэдтэйгээ харилцаж, санал хүсэлтийг нь хүлээн авах, дамжуулах, эргэн хариу өгөх системийг нэвтрүүлсэн сайн жишиг байгаа юм. Харин Өмнөговь, Увс, Төв аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийн нийт 95 хувь нь ухаалаг самбар ашиглаж байна. Мөн сургууль эцэг эхийн хоорондох харилцааг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тэгвэл Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай аймагт бэлчээрийн болон газар тариалангийн талбайг төлөвлөх шийдлүүдийг дрон ашиглаж, мэдээлэл цуглуулах аргыг нэвтрүүлж эхэлсэн байна. Энэ мэтчилэн аймгууд өөрсдийнхөө түвшинд цахим шилжилтийг хийж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймаг бүрт мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий хүнийг бий болгох бөгөөд тухайн албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм. Мөн эрүүл мэнд, нийгмийн халамж, малчдад зориулсан нутгийн захиргааны үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимд шилжүүлэх, иргэдээс  авч буй өргөдөл, гомдол, санал шүүмжийг цахимаар авах, төрийн байгууллагаас биеэр очиж авдаг үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах, төлбөр тооцоог 100 хувьд цахимд шилжүүлэх,аймаг бүр өөрийн онцлогтоо тохируулан цахим шилжилтийг хийх, ингэхдээ хувийн хэвшилтэй хамтран ажиллах, хяналт удирдлагын нэгдсэн системтэй болж, дата өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх үйлчилгээний төвтэй болох, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг цахим шилжилттэй холбоотой хэрэгжүүлж болох ажлын саналыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд зүгээс өнгөрсөн өдрүүдэд аймгийн удирдлагуудтай уулзахдаа санал болгосон юм. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд Монгол орны хүн ам, нийт нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх ажилд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс анхаарч ажиллахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгажээ. Мөн суурь системүүдийн хувьд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем "ДАН", тоон гарын үсгийн "ESIGN" систем, төрийн мэдээлэл солилцооны систем "ХУР", түүнийг дэмжих системүүд болох орон зай мэдээллийн систем болон баримт бичиг солилцооны системүүдийг хөгжүүлчихсэн байна.

Дэлгэрэнгүй
ухаалаг хот

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. BSI групп 2014 онд "Ухаалаг хот" хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно. Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.  Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video) Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг. Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video) Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг. Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS) Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ. Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж. Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS) Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой. Хятад, Шэньчжэнь хот - Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS) БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ. Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud) Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна. Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud + Видео) Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой. Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud) Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой. АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud) АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг. Дубай хот - Ухаалаг хяналтын төв Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ. Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.

Дэлгэрэнгүй

Showing 1-9 of 46 results