2000 он гармагц дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлсэн тул УИХ, Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбоог Төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч, тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргав.
2004 оны парламентын сонгуулийн дараа Засгийн газрын бүтцийг шинээр батлахдаа мэдээлэл, харилцаа холбооны асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтааж, Засгийн газрын тохируулагч агентлаг – Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулжээ. Улмаар 2004 оны 10 дугаар сарын 20-нд Ерөнхий сайд 95 тоот захирамж гаргаж, тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг баталжээ. Шинэ агентлаг нь 27 хүний орон тоотой, 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, харьяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилжээ.
Уг газар нь төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үүргийг хүлээх болов. Үүнээс хойш мэдээлэл, харилцаа холбооны салбар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлагийн статустай явж ирсэн ба Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдан тус газрын нэр, бүтэц өөрчлөгдөж байв. Тухайлбал,
2008-2012: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
2012-2016: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нэртэйгээр ажиллаж иржээ.
Тус газрын даргаар Ч.Сайханбилэг, Ж.Сансар, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Жадамбаа нар ажиллаж байв.