Монгол оронд бүх төрлийн холбооны хэрэгсэл төхөөрөмж өргөжин хөгжиж, холбооны байгууллагуудын тоо нэмэгдэж, тэдгээрийн ажлын хэмжээ, далайц өсөж ирсэн тул цаашид холбооны техник, зохион байгуулалтын удирдлагыг сайжруулах зорилгоор 1944 оны 5 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог БНМАУ-ын Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар нь Д.Дэндэвийг тохоон томилжээ.
Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Холбооны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана /1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажилласан байна.
1957 оны 6 дугаар сарын 22-нд Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Тээвэр холбооны яам байгуулж, сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилон ажиллуулав. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яамны дүрэмд зааснаар тус яам нь харьяа газруудаа шууд удирдаж, тус орны зам тээвэр, харилцаа холбоог хөгжүүлэх талаар нам, засгаас тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлэн биелүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг хүлээж байв. Яамны сайдаар М.Чимиддорж /1960-1962/, Б.Гомбосүрэн /1963-1965/ нар ажиллав.
Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Тээвэр, холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулжээ. Сайдаар нь Д.Готов /1965-1979/, И.Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ нар ажиллав. Тус яам нь 1990 он хүртэл оршин тогтносон байна.