Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2022.01.29

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаан 11 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр дэлхий нийт сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хүндхэн сорилтуудтай нүүр тулж байгааг танилцуулгын эхэнд дурдаад манай улсын хувьд ч эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг туулж байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгаа сэргээх нийт 6.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлсэн байгаа гэв. Зорилтот хүн амыг бүрэн вакцинжуулж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжих бодлогын үр дүн 2021 оны төсвийн гүйцэтгэлд эергээр нөлөөлснийг Л.Энх-Амгалан сайд төслийн танилцуулгадаа тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг асуув. Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төслүүдтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Other news

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна. Бүртгэлийг 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна. Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, аялал жуулчлал бөгөөд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд аймгийн удирдлагууд дээрх салбарууд болон хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцолж байлаа. Дээрх ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчилах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулах юм.

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож, хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Монгол Улсад баримталж буй бодлого, төлөвлөлт хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Чуулганд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын олон улсын байгууллагуудын төлөөлөл болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Индонез, Камбож, Пакистан, Бутан, Тайланд, Филиппин зэрэг 40 орчим улс орны төлөөллүүд оролцож, “Хүүхдийг цахим орчинд хамгаалах үндэсний стратеги, дүрэм журам, сайн туршлага” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.