Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2022.09.07

МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа.

Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөгийг хэмнээд байна. Гэсэн ч илүү үр дүнд хүрэх нөөц бололцоо бий юм.

Хэмнэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үргүй зардал хэмнэгдэх, зөв менежмент бүхий сайн жишээ зарим салбарт хэрэгжих боломжтой байна.

Тэдний нэгэн жишээ бол технологийн шийдэл ашиглан 500 гаруй мянган хэрэглэгч, 18.000 жолоочийг нэгтгэсэн, УБ хотоос гадна 5 аймгийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг ханган ажиллаж буй UB cab компани юм.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тус компани олон тэрбум төгрөгийн зардалтай төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн хэрэгцээнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах боломж бий гэдгээ танилцуулж хамтын ажиллагаа нэгэнт эхэлсэн юм.

Харин өнөөдөр энэ чиглэлд хийгдэж буй ажлын явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг төрийг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа оролцогч талууд онцолж байлаа.

ЦХХХЯ-ны салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж авлигал, хүнд суртлыг бууруулахын төлөө ажиллана.

Other news

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв. Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа. Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн. Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

ҮЙЛ ЯВДАЛ Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд 2022.03.01 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. BSI групп 2014 онд “Ухаалаг хот” хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно. Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.  Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video) Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг. Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video) Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг. Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS) Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ. Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж. Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS) Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой. Хятад, Шэньчжэнь хот – Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS) БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ. Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud) Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна. Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud + Видео) Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой. Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud) Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой. АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud) АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг. Дубай хот – Ухаалаг хяналтын төв Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ. Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ

Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.