Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

2021.04.02

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

“ШИЛ АЖИЛЛАГАА”

4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО. “Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд: • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан • Эрүүл мэндийн даатгалын сан • Ирээдүйн өв сан • Төсвийн тогтворжуулалтын сан БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВДАГГҮЙ. Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөг, үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447,2 сая төгрөг, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92,8 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчдээс 77,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ. 2009-2022 онд сангаас нийт 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулж, 2022 оны эцсийн байдлаар 6.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Дээрх 155 төсөл, хөтөлбөрийг ангилбал орон нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх 49 төсөлд 18.6 тэрбум, дэд бүтцийн 20 төсөлд 4.9 тэрбум, интернэтийн үйлчилгээ хүргэх 29 төсөлд 8.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.8 тэрбум, телевиз, радиогийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.3 тэрбум, судалгааны 27 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. БНҮҮС-ийн санхүүжилтээр 2009-2022 онуудад хэрэгжүүлсэн дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын 330 сум, суурин газарт болон харилцаа холбооны үйлчилгээ хүрээгүй алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернэт, шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэжээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 3,092 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2018-2022 оны хооронд дахь тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Санхүүжилт авсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллагын ямар онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршууллаа. Энэхүү санхүүжилт авсан байгууллагуудын 61.53% нь улсын эмнэлэг, 11.98% хувийн эмнэлэг, 10.71% сумын эрүүл мэндийн төв, 6.76% нь өрхийн эрүүл мэндийн төв, 6.69% эмийн сан, 2.18% нь рашаан сувилал, 0.16% лабораторид тус тус авчээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 10 төрлөөр зарцуулалтыг харуулахад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд давтагдсан тоогоор 1.2 сая хүнд 1.8 их наяд төгрөг, амбулаторийн үйлчилгээнд давтагдсан тоогоор 3.5 сая хүнд 741 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давтагдсан тоогоор 1.4 сая хүнд 273 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Мөн тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн 2018-2022 оны хооронд 11 банканд байршуулсан үнийн дүнг авч үзвэл 23.19% нь Төрийн санд, 14.89% нь Төрийн банканд, 14.51% нь Хаан банканд, 11.9% нь Худалдаа хөгжлийн банканд зэрэг бусад банканд хуваан байршиж байна. ИРЭЭДҮЙН ӨВ САН НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ ӨНӨӨ БА ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛАХ ЗОРИЛГОТОЙ Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан ба 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрч эхэлсэн. Энэхүү сангийн зорилго нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2022 онд тус сан нь 1,4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна. ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтворжуулалтын сангаас тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийгдсэн байна. ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН 2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршууллаа. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд: 2000-2023 оны хооронд олгосон: Чингэлтэй дүүргийн 35,049 Баянзүрх дүүргийн 86,051 Сүхбаатар дүүргийн 51,477 Баянгол дүүргийн 10,744 2000-2021 оны хооронд олгосон: Багануур дүүргийн 10,487 2000-2020 оны хооронд олгосон: Налайх дүүргийн 32,870 2000-2010 оны хооронд олгосон: Багахангай дүүргийн 265 Хан-Уул дүүргийн 9,539 2013–2023 оны хооронд олгосон: Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн төрийн захиргааны болон 14 сумын мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. Цахим шилжилт, Кибер аюулгүй байдал, Цахим. бэлэн байдлын үнэлгээ сэдвүүдээр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна. Дорноговь аймаг нь Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Цахим Дорноговь” төслийг 7-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн дотоод системд 128 байгууллагыг үе шаттай нэгтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэдэд орон нутгийн мэдээллийг нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй Дорноговь” апплейкешн нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 2000 орчим хэрэглэгч ашиглаж байна. #цахим_аймаг #Дорноговь

“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум зохион байгуулагдаж байна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг идэвхжүүлэх зорилго бүхий “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум өнөөдөр (2023.06.15) Орхон аймгийн “Соёл урлагийн цогцолбор”-т эхэллээ. Форумд ЦХХХ-ны дэд сайд, Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар оролцож, “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавин, Монгол Улсын Засгийн газрын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, гурван өдөр үргэлжлэх энэхүү форумын ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэх, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулахад чиглэж байна. Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо. Форумын хүрээнд “Ухаалаг-Эрдэнэт экспо”, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг, “Мэдээллийн технологийн салбарын таниулах сургалт”, “И-спортын тэмцээн” Ухаалаг-Эрдэнэт IT workshop” зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.