Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

2022.11.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Other news

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатар 1921 онд ЗХУ-д айлчилж ирсний дараа Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир, сургагч Ц.Бурдовский нарт шуудангийн марк гэдэг нь өнгөцхөн бодоход нэг л жижигхэн эрээн цаасны зүйл юм шиг санагдавч чухамдаа тийм биш, харин шуудан бичгийн маань үнэт мөнгө зоос нь болсон үнэ цэнэтэй, нарийн нандин учиртай, хүнд мэдээгүй зүйлийг нь биеэр дүрсэлж ойлгуулдаг, их өргөн хүрээтэй төлбөрийн мэдээллийг агуулсан зүйл юм гэж тайлбарлаж байжээ. Ардын Засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир Иркутск хотын телеграфийн сургуульд сурч байхдаа ч шуудангийн маркийг харж байжээ. М.Бат-Очир монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан, маркийн зураг төслийг боловсруулан харьяалах Гадаад явдлын яамаар дамжуулан, Ардын засгийн газраар хянуулан батлуулахаар оруулжээ. Олноо өргөгдсөн 13 буюу 1923 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлэн шийтгэх түшмэл М.Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидлын төлбөр төлөгдсөнийг илтгэхэд хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Зураг- 1. Анхны шуудангийн марк олны ярьдагаар ОЧИРТОЙ марк Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу  Монголоор Мөнхбат” гэсэн утга санааг идэрхийлэх, зөрүүлсэн Элдэв-Очирын дүрс бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичгээр  Ардын засгийн газар хүргүүлжээ. Уг маркийг Ардын засгийн газар хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны өдрийн 656 бичгээр мэдэгдэж явуулснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах бичиг захидал бичигт наагдан, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад түгэн тархсан байна. Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул Америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл: “…1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн байдаг. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бат Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын Засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг Монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “Очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь Монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Оруулга-1:Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой. Зураг- 2. Ардын засгийн газаас Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны  өдрийн 656 тоот бичгийн хуулбар Дугаар 655 АЗГ-т гадаад явдлын яамнаа хуудас дагалдуулан их учир: Эдүгээ харьяат яамнаас хүргэж ирсэн 565 дугаар хуудас бичиг ба дагуулан байцаан толилуулахаар ирсэн маркийг манай ардын Засгийн газар хүлээн авч үзэв. Үүн дор уг маркийг худалдаалах эрхээр гүйцэтгүүлэх тулд уг маркийг хүргүүлж өгнө. Ардын Засгийн  гадаад явдлын яамнаа явуулаад хүргүүлэн шийтгэсүгэй. Үүний тул илгээв. Арван дөрөв дүгээр он долоон сарын шинийн 8 Дугаар 656 Харин тэр үед монгол улсыг гадуурхах бодлогыг хүчтэй явуулж байсан, Хятадын гоминданы засгийн газар монголын шуудангийн маркийг үл зөвшөөрөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад илгээсэн захидал боодлын маркийн дээр өөрийнхөө улсын шуудангийн марк нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Ийм учраас нэг хэсэг зуур хятадад явуулах захидалд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг нааж, хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлж байжээ. Анхны маркийн дараа зураач марзан Б.Шаравын эх зургаар улсын тэмдэгт 9 төрлийн нэг цуврал маркийг улсын банкны хэрэгцээнд гаргасныг шуудангийн хэрэгцээнд шилжүүлж, 1925 оны 2 дугаар сараас гүйлгээнд гаргажээ. Оруулга-2: БНМАУ-ын ТХЯ-наас анх 1958 онд марк сонирхогчдын дунд зарласан уралдаанд Худалдааны техникумын багш Хайдавын Гунаажав I байр эзэлж 400 төгрөгөөр, МУИС-ийн П курсын оюутан  Чулуунгомбо, 1 дүгээр дунд сургуулийн IX ангийн сурагч Дүгэрсүрэнгийн Ариунболд нар II байр эзэлж 300 төгрөгөөр, 22 дугаар сургуулийн Ү1 ангийн сурагч Эрэнцэнсономын Гомбо, Төв аймгийн Батсүмбэр сумын тракторчин Билгүүнгэрэлийн Идэр-Амгалан нар III байр эзлэн 200 төгрөгөөр тус тус шагнагджээ. 1957онд марк сонирхогчдийн нийгэмлэг ТХЯ ны дэргэд байгуулагджээ. Алтан, мөнгөн ялтас дээр болон торгон дээр марк үйлдвэрлэхийг өндөр технологийн марк гэх ба 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анх алтан ялтас дээр хэвлэж  өндөр технологийн маркийг хэрэглээнд гаргасан билээ. Зураг- 3. 1982 оноос эхэлж гаргасан алтан ялтастай марк сэдвийн дугаар: Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн хийгээд монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 оны 6 сарын 6 ны байдлаар энэ зуун жилийн дотор Монгол улс шуудангийн 1149 сэдвийн хүрээнд 4390 нэрийн марк гүйлгээнд гаргаад байна. Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНУАУ улсуудад хэвлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд Франц улсад хэвлүүлж байна. Марк

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

ҮЙЛ ЯВДАЛ Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана 2022.08.23 Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.  Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8 сарын 10-24, 9 сарын 10-25, 10 сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ. Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, e-mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. E-Mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна. ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691 НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ҮЙЛ ЯВДАЛ Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2022.11.29 Кюүшүгийн Технологийн Институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ Монголчууд бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага юм. Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани нарын гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголын оюутнууд болон судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байна. Мөн Монгол Улсын Ondo Space компани, Япон Улсын Кюшүгийн Технологийн Институт хоорондын хамтын ажиллагаа нь манай орныг сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинэ төвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Тус 2 байгууллагын хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж, тун удахгүй олон арван cubesat хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж, дэлхийг бүрхсэн хиймэл дагуулын сүлжээг үүсгэж, дэлхийн өнцөг булан бүрд үйлчилгээгээ хүргэх их зорилгод амжилт хүсье! ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог. Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ