Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Монгол Улсад нам орбитын аль ч үйлчилгээ эрхлэгч компани бизнес эрхлэх боломж бүрдсэн

2022.11.30

ЦХХХЯ-ны харилцааны холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.
Нам орбит гэж юу вэ?
Нам орбитын тухай бидэнд товч тайлбарлаж өгөөч?
Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ гэхээр хүмүүс төдийлөн нарийн ялгаж ойлгох нь бага. Юуны өмнө уг ойлголтыг тайлбарлая. Манай дэлхийг тойрсон хиймэл дагуулын 3 тойрог зам (oрбит) байдаг бөгөөд түүний хамгийн наана буюу дэлхийгээс 550 орчим км-ийн зайнд орших тойрог замыг “нам орбит” (LEO) гэж нэрлэдэг. Саяхныг хүртэл ихэнх улс орнууд дэлхийн хамгийн алс буюу 35,000 км зайд орших (GEO) орбит дээр хиймэл дагуулуудаа байршуулж байсан бөгөөд энэ нь тодорхой шалтгаантай байсан. Учир нь наана орших нам орбитыг ашиглахын тулд маш олон тооны хиймэл дагуул байршуулах шаардлага гарч, энэ нь хөөргөлтийн зардал өндөр, хиймэл дагуулын амьдрах хугацаа бага гэх зэрэг шалтгааны улмаас бодит ажил болоход хүндрэлтэй байлаа. Үүнийг “SpaceX” компани шийдвэрлэснээр нам орбитын орчныг шинэ өрсөлдөөний талбар болгож чадсан юм. Тэд хиймэл дагуулд масс үйлдвэрлэлийг нэвтрүүлж, өөрийн сансрын хөлгөөр харьцангуй бага зардлаар хөөргөж, дэлхийг бүрхэх сүлжээ үүсгэх эхлэлийг тавьсан нь энэ салбарын бусад тоглогчдыг сэрээсэн гэхэд болно.

Монгол улсад нам орбитын талбарт “Старлинк” компанийн нэр их яригддаг. Бид энэ салбарын бусад тоглогчдын тухай төдийлөн мэдээлэлгүй байна. Манай оронд нам орбитын интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр ямар боломж бий болох вэ?

Энэ салбарт дэлхий нийтээрээ Старлинк компанийг хамгийн сайн мэддэг ч ижил төстэй үйл ажиллагааг явуулж буй компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнд Oneweb, Amazon, Kepler, Telesat, GalaxySpace, GlobalStar, Inmarsat, Iridium, LynkGlobal зэрэг тоглогчид байгаа ба манай улсын Ondosat компани ч энэхүү томоохон зах зээл рүү орохоор ажлаа эхлүүлээд байна. МУ-д нам орбитын үйлчилгээ эрхлэгч орж ирснээр өргөн уудам газар нутагтаа хүн ам нь тархан суурьшсан онцлогтой орны хувьд алслагдсан бүс нутгийн иргэдэд интернэтийн үйлчилгээг хүргэх давуу тал үүснэ. Хэдийгээр бид 328 сум сууринг шилэн кабелийн сүлжээнд холбосон ч 4G үйлчилгээ нэвтрээгүй багууд байсаар байна. 400 орчим алслагдсан баг сүлжээнд холбогдож амжаагүй байгаа. Уг асуудал дээрх технологиор шийдэгдэх боломжтой ч бодит байдал дээр энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн үнэ тариф хэт өндөр байна. Жишээ нь Старлинк компанийн интернэт үйлчилгээний одоогийн үнэ тариф хэт өндөр байна. Энгийн тооцоо хийж үзэхэд малчин айл 2 сая орчим төгрөгөөр интернэт хүлээн авах төхөөрөмж худалдан аваад үүний дараа сар бүр ойролцоогоор 380.000 төгрөгийн хэрэглээний төлбөрт төлөх шаардлага үүсэх юм. Ирээдүйд чөлөөт өрсөлдөөний зарчмаар энэ үнэ буурах боломжтой гэж харж байна. Тиймээс Цахим хөгжил харилцаа холбооны яам энэ талбарт зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ.

ОУ-д энэ зах зээлд өрсөлдөөн ямар түвшинд байдаг вэ? Манай улс бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

Одоогоор дэлхийн хиймэл дагуулын бүтээгдэхүүн үйлчилгээний нийт зах зээлийн багтаамж 380 тэрбум ам.доллар байгаа ба 2040 он гэхэд 1,2 их наяд доллар болж өсөх төлөвтэй байгаа нь энэ зах зээлд асар их боломж буйг харуулж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд энэхүү нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо тодорхой болгох чиглэлийн ажлуудыг хийсээр байна. Манай улсын хувьд ч 2022 оноос эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан.  Энэхүү бодлого батлагдсаны дараа 5 дугаар сарын 13-ны өдөр Starlink компанийн албан ёсны веб хуудсанд тун удахгүй үйлчилгээгээ оруулах орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтааж цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байдаг. Үүний дараа 2022 оны 9 сард тус яамны удирдлагууд Старлинк компанийн удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын эрхзүйн орчин, бодлогын баримт бичгийн талаар танилцуулж, Монгол Улс Старлинк компанийн үйлчилгээг нэвтрүүлэхэд хэзээд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг бөгөөд Старлинк компанийн хувьд одоогоор тус газарт албан ёсоор хүсэлтээ хараахан ирүүлээгүй байна.

Нам орбитын бодлогын баримт бичгийг батлахдаа ямар зарчим баримталсан бэ?

Дэлхий нийтэд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ, интернэтийн бөөний урсгал, интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байдаг ба манай улсын хувьд ч энэхүү чиг хандлагыг даган хөгжиж ирсэн түүхтэй. Нам орбитын бодлогын чиглэл ч мөн уг бодлоготой уялдан гарсан. Өөрөөр хэлбэл бид нийт нутаг дэвсгэрийг хамарсан шилэн кабелийн суурь сүлжээ, гаднаас манай улсад орж ирж буй интернэтийн бөөний үйлчилгээ, шилэн кабелийн суурь сүлжээг ашиглан иргэдэд хүрч буй өрхийн интернэтийн үйлчилгээ, бидний гар утсанд ирж буй мобайл интернэт зэрэг нь тус тусдаа зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа гэдгийг  салгаж ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс нь интернэтийн үнэ тарифын хямд байдлаар Азидаа дээгүүрт ордог орон ба энэ салбарын өрсөлдөөн нь мөн дээрх сүлжээ, үйлчилгээ, бөөний урсгал, жижиглэнгийн урсгал салангид байх бодлого зохицуулалтын орчны хүрээнд өнөөгийн хямд үнэ тарифыг бий болгосон байдаг. Үүнээс дүгнэхэд бид нам орбитын үйлчилгээ эрхлэгчдэд зориулж бодлого, эрхзүйн орчноо бүрдүүлсэн, энэ нь 2005 оноос хойш явж ирсэн харилцаа холбооны салбарын бодлого, эрхзүйн орчинтой уялдсан, мөн чиглэлийн бүх компанид нээлттэй гэж үзэж болох юм.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна 2022.09.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Салбар хоорондын бодлогын уялдааг нэгдсэн тоон мэдээллийн сангүйгээр үнэлэх боломжгүй юм. “Төрийн их өгөгдөл” төсөл нь энэ боломжийг бүрдүүлж төрийн бодлогыг тодорхойлоход тухайн нэг иргэн, өрх, аж ахуйн нэгжийн хувьд нийгэм, эдийн засгийн бүрэн хэмжээний түүхэн өгөгдөлд суурилах боломж бүрдэх юм. Мөн мэдээллийг холбож, уялдуулах, боловсруулалт, тооцоолол хийх үйл ажиллагаа хурдан шуурхай, ухаалаг болж, цогц мэдээллийг нэг дороос авах, төрийн бодлого үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрэн, төрийн шийдвэр өргөн хүрээг хамарч, оновчтой болно. Улмаар урт хугацааны өөр, өөр багц өгөгдлүүдийг холбон уялдуулах, шинжилгээ, судалгааны ажлын хамрах хүрээг өргөжүүлэх боломж бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

ҮЙЛ ЯВДАЛ “Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ 2022.03.25 Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. “КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно. Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн байх Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд: А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо) Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна. Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд: Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо Б. Хөөргөлт, гүйцэтгэл (нийт 60 оноо) Тэмцээн болох өдөр багууд өөрсдийн хийсэн төхөөрөмжөө хөөргөн, зорилтот даалгавраа биелүүлэхийн төлөө өрсөлдөнө. Оролцогч багуудын тухайн өдрийн амжилт, туршилтын үр дүнг тэмцээний шүүгчид дүгнэн гаргаж өмнөх хөгжүүлэлтийн үеэс авсан оноог нэмж тэмцээний ялагчийг тодруулна. Зургаа. Хугацаа, байршил Багийн мэдүүлэг хүлээн авах сүүлийн хугацаа – 2022.03.25-30 Тэмцээн болох газар – Цонжинболдог Тэмцээн, хөөргөх өдөр – 2022.06.11 Шагнал гардуулах – 2022.06.17 Оролцогч багт тавигдах шаардлага Тэмцээнд мэдүүлгээ өгч, чиглүүлэх сургалтад хамрагдсан байх. Багийн гишүүд нь удирдагч болон 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн удирдагч нь заавал насанд хүрсэн хүн байх. Нэг оролцогч нэгээс илүү багт харьяалагдахгүй байх. Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлгийг загварын дагуу бөглөж 2022 оны 03 дугаар сарын 30-ны 23:59 цагаас өмнө info@mosta.mn цахим хаягаар ирүүлнэ. Багууд өөрийн гэсэн оноосон нэртэй байна. Багууд тэмцээний дараа орчны цэвэр байдлыг хариуцна. “КАНСАТ” тэмцээн нь манай улсад анх 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2016 онд Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран олон улсын уралдаан болгон өргөтгөн зохион байгуулж байсан юм. Тэмцээнд оролцогчид нь хиймэл дагуулын технологи дэд системүүдийн үүрэг зориулалтын тухай мэдэж авахын зэрэгцээ, өөрсдийн зохиож буй системийн даалгавраа хэрхэн тодорхойлж бичихээс эхлэн загвар гаргах, турших, угсрах, хөөргөн ажиллуулах, мэдээлэл боловсруулах, түүн дээр үндэслэн дүгнэлт хийх зэрэг төслийн амьдралын мөчлөгийн бүхий л үйл явцыг өөрсдөө оролцон хийдэг давуу талтай. “КАНСАТ – 2022” ҮНДЭСНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа. Монгол Улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн зохицуулалт байгаа боловч хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон төрлийн мэдээллийн сангийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах ач холбогдолтой юм.