Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Other news

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна

Өнөөдөр өглөө нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж цахим шилжилтийн хүрээнд ярилцлаа.

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Энэ жил 16 дах удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний онцлог нь олон улсын хэмжээнд, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачилга, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээхэд оршиж байна. “ICT EXPO – Mindgolia 2023” үзэсгэлэнгийн хүрээнд олон төрлийн арга хэмжээний зохион байгуулагдаж байгаагаас бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, дижитал эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэх “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Тажикстан улсын Аж үйлдвэр, шинэ технологийн сайд Исожон Курбонзода, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн төлөөх технологи хариуцсан захирал, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл, Олон Улсын Харилцаа холбооны нийгэмлэгийн Азийн бүс хариуцсан захирал Ацуко Oкуда тэргүүтэй 40 гаруй зочид, БНЭУ, БНХАУ, Япон, Итали, Австрали, Лаос, Канад Франц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсуудын улсын элчин сайд нар, Амазон, Гүүгл, Дэлл, Навер, Хуавей гэх томоохон байгууллагуудын удирдах түвшний 21 төлөөлөгчид болон Монголын үүрэн холбооны болон мэдээллийн технологийн бизнесийн төлөөллүүд уг арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо. Тус хэлэлцүүлгээр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал болох талаар санал нэгдэж, Монгол Улсын энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ