Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

З.Гантогоо: Монголчууд цахимд амжилттай шилжиж буйгаа дотоод, гадаадад харуулна

2021.08.31

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан “ICT Expo” энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн “Digital Nation” нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. “Digital Nation-2021” арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг “Digital Nation” буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх “ICT Expo” ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг “ICT Expo” нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс “Digital nation” нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг “e-Mongolia” платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -“Digital Nation-2021” арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь “ICT Expo”-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил “Ард санхүүгийн нэгдэл”, “Анд глобал” ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу ‘найраа хийх’ тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Украйны Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. “Номадик Мастерс” нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах “Цахим үндэстэн” гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбар байгууллагын удирдлагуудтай өнөөдөр (2024.07.19) уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа. 2022.09.15 Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа. Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм. Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэх бодлого зохицуулалт шаардлагатай уг асуудлыг тодорхой төвшинд шийдэхэд Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан дэмжин ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. Мөн харилцаа холбооны салбарт нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул ЦХХХЯ, БШУ хамтран тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах тухайгаа танилцуулсан юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Digital first D1 арга хэмжээ Говьсүмбэр аймагт эхэллээ

”Цахимд хэвшье” #Digital_First_D1 арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам түүний харьяа салбар байгууллагууд болон “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-ын 16 компани хамтран 3 дугаар сарын 11-нд “Говьсүмбэр” аймагт зохион байгууллаа. Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагч, хувийн хэвшлийн төлөөлөл, багш сурагчид нийт 500 орчим хүн 4 чиглэлийн сургалт, семинарт хамрагдлаа. Мөн төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулах экспог зохион байгууллаа. Тус аймгийн төрийн байгууллагууд жишиг цахим аймаг болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, зарим үйлчилгээг цахимжуулсан байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нэгдсэн хуралдааны үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаар нэгдсэн системд холбох талаар, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага, хувийн хэвшлийн мэдээлэл технологийн ажилтан, албан хаагчдад кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар сургалт, семинар зохион байгууллаа. Мөн “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо” ТББ-аас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ орон нутгийн бизнес эрхлэгчдэд танилцуулж, зөвлөмж өгч ажиллаа. Энэ удаагийн арга хэмжээ төр, хувийн хэвшлээ дэмжин хамтарч ажиллаж байгаагаараа онцлог болж байна. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам E-Mongolia Монгол шуудан /Mongol shuudan/ Монголын Цахилгаан Холбоо ХК Мэдээлэл холбооны сүлжээ компани Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park Монголын Үндэсний Дата Төв Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ