Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Other news

Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоо чухал

Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.25/ зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа нь цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна. Иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан, цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал сэдвээр зохион байгуулж буйг дурдлаа. Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож: “Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” “Цахим орчин дахь гэмт хэргийн гаралт, тоон мэдээлэл” “Цахим орчны хүүхэд хамгаалал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга” “Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хийсэн судалгаа” “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил ба эрх зүйн зохицуулалт” “Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг шийдвэрлэхтэй холбоотой өмгөөллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

ҮЙЛ ЯВДАЛ Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно 2021.12.21 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “e-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол: Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох – 94,325 Иргэний үнэмлэх дахин авах – 50,385 Гадаад паспорт дахин авах – 14,471 Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа – 3021 Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал – 1844 зэрэг үйлчилгээнүүд байна. Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг “e-Mongolia”-р дамжуулан байгуулсан байна. Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, e-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа. Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. “e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм. Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна. Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. “e-Mongolia”систем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно. Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны 10 дугаар сард бид “e-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна. 2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна” гэсэн юм Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ажлын шийдвэр гаргалтын 15 хувийг хиймэл оюун ухаан шийднэ

Технологийн сэтгүүлээс 2025 оны чиг хандлагыг тодорхойллоо. Ингэхдээ хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэт технологитой дэлхий даяар хэрхэн хөл нийлүүлэн алхах талаар дурджээ. Цаашлаад шинэлэг инновацын нэгдэл нь дэлхийн технологийн хөгжилд түлхэц болж байна.  Аж үйлдвэрүүд, тахлын дараах дижитал өөрчлөлт, тогтвортой байдлын чиг үүрэг нэмэгдэхийн хэрээр технологиуд хурдацтай хөгжиж, бүх хүмүүст боломж, сорилтуудыг бий болгож байна. Мөн уламжлалт технологиос хүн болон хиймэл оюун ухаан хоорондын хил хязгаар ойртож, илүү боловсронгуй, бие даасан систем рүү шилжих хувьслыг тусгажээ. Ингээд 2025 оны технологийн чиг хандлагыг танилцуулъя.  1. Хиймэл оюун ухааны шийдвэр гаргалт 15%-д хүрнэ  Хиймэл оюун ухаан нь 2025 оны шилдэг технологийн чиг хандлагыг тодорхойлно. Мансууруулах бодис илрүүлэх, асар их мэдээллийн багцад хурдан дүн шинжилгээ хийх, харилцагчийн үйлчилгээ, ложистик, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарсан хэрэглээ нь түүний хүч чадлын нэгээхэн хэсэг.  Үүний зэрэгцээ санхүүгийн салбарт хиймэл оюун ухааныг зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын боломжийг үнэлэх, хувийн санхүүгийн төлөвлөгөө гаргахад ашиглаж байна. Энэхүү технологи нь үндсэндээ асуулт хариултын системээс хүний ​​удирдлагагүйгээр аж ахуйн нэгжтэй холбоотой ажлыг гүйцэтгэх чадвартай автомат машин агентууд руу шилжихэд тусалдаг. 2028 он гэхэд өдөр тутмын ажлын шийдвэр гаргалтын 15% нь хиймэл оюун ухаанаар шийдэгдэх аж. Тухайлбал Майкрософт Их Британийн Засгийн газартай олон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төрийн байгууллагуудад хиймэл оюун ухааны хэрэглүүрийг ашиглах боломжийг санал болголоо.  2. AI засаглалын платформууд Европын холбооны хиймэл оюун ухааны тухай хууль нь ёс зүйтэй, аюулгүй ашиглах хууль эрх зүйн хүрээнд зохицуулах зорилготой. AI засаглалын платформууд нь хиймэл оюун ухааныг хариуцлагатай хэрэгжүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж буй асуудлыг шийдэж байна. 2028 он гэхэд хиймэл оюун ухааны удирдлагын цогц платформыг хэрэгжүүлдэг байгууллагууд хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн зөрчлийг 40%-иар бага мэдрэх аж.  Credo AI болон Fairly AI зэрэг компаниуд хиймэл оюун ухааны засаглалын шийдлүүдийг тэргүүлдэг. Ялангуяа Credo AI нь байгууллагуудыг Европын холбооны AI-ийн тухай хуульд бэлтгэхэд туслах хэрэгслүүдийг санал болгодог. 3. Хуурамч мэдээллийг илрүүлэх технологи Технологийн эрин үед хиймэл оюун ухаанаар сайжруулсан хортой халдлага, хуурамч мэдээллээс хамгаалах асуудал хөндөгдөнө. Тиймээс итгэлцлийг системтэйгээр ялгаж, шударга байдлыг хангах, жинхэнэ эсэхийг үнэлэх, дүр эсгэхээс урьдчилан сэргийлэх арга зүйн системээр хангах шаардлага бий. Дээрх аюул заналхийллийг илрүүлж, бууруулахад хиймэл оюун ухааныг ашиглаж, худал мэдээлэл тархахтай тэмцэж эхэллээ.  Технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн агуулгыг задруулахыг үүрэг болгов. Мета мэдээллийн аюулгүй байдалд хөрөнгө оруулалт хийж буй бол Google, Microsoft илрүүлэлтийн дэвшилтэт алгоритмуудыг боловсруулж байна. Үүний зэрэгцээ PwC компани болон сэтгүүлчдэд ташаа мэдээллийг хянах, тэмцэхэд туслах арилжааны үйлчилгээ бий болж эхэлжээ. 4. Квантад тэсвэртэй алгоритмуудыг боловсруулж байна  Постквантын криптографи (PQC) нь одоогийн шифрлэлтийн аргыг эвдэж буй квант компьютеруудын аюул заналхийллээс сэргийлж байна. Үүний зэрэгцээ Google, IBM, Microsoft компаниуд квантад тэсвэртэй алгоритмуудыг боловсруулж байгаа бөгөөд АНУ-ын Үндэсний Стандарт, Технологийн Хүрээлэн (NIST) 2024 оны 8-р сард шинэ PQC стандартаа зарлаж, салбарын шилжилтийг удирдан чиглүүлэв. 5. Хиймэл оюун ухаанд суурилсан дуут туслахууд Хиймэл оюун ухааныг физик орон зайтай нэгтгэж, тав тух, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлж байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт өвчтөний тусламж үйлчилгээ, ажилтнуудын үр ашгийг дээшлүүлдэг илүү ухаалаг, мэдрэмжтэй орчныг бүрдүүлжээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндэд анхаардаг стартап болох Eleos Health эмчилгээгээ сайжруулахын тулд хүрээлэн буй орчны мэдээллийг ашигладаг.  6. Эрчим хүчний хэмнэлттэй тооцоолол Эрчим хүчний хэмнэлттэй тооцоолол нь дата төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон хиймэл оюун ухааны ажлын ачаалалтай холбоотой өсөн нэмэгдэж буй санаа зовоосон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тооцооллын гүйцэтгэлийг хадгалах эсвэл сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг багасгах, ялангуяа хиймэл оюун ухааны сургалт, симуляци зэрэг тооцоолол их шаарддаг програмуудад зориулагджээ. Microsoft дата төвүүдээ 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн. АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний эрчим хүчний судалгааны шинжлэх ухааны тооцооллын төв нь GPU хурдасгасан кластерууд нь зөвхөн CPU-тэй харьцуулахад эрчим хүчний үр ашгийг 5 дахин сайжруулах боломжтойг харуулсан. 7. Гибрид тооцоолол нь инновацийн үр ашигтай орчинг бий болгоно Технологийн салбар дахь Hybrid Computing-ийн үүрэг бол нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн тооцооллын парадигмуудыг нэгтгэх юм. Гүйцэтгэлийг сайжруулах янз бүрийн механизмуудыг нэгтгэж, хиймэл оюун ухаан зэрэг технологийг одоогийн хязгаарлалтаас давах боломжийг олгоно.  IBM, Microsoft зэрэг компаниуд энэ салбарт шинийг санаачилж, төрийн болон хувийн үүлэн технологийн нөөцийг нэгтгэсэн шийдлүүдийг санал болгож байна. Түүнчлэн IBM-ийн гибрид үүлэн үйлчилгээ нь бизнесүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ одоо байгаа дэд бүтцийг ашиглах боломжийг олгож, салбар хоорондын инновац, үр ашгийг нэмэгдүүлнэ. 8. Орон зайн тооцоолол Орон зайн тооцоолол нь ойрын 5-7 жилийн хугацаанд “хялбаршуулсан ажлын урсгал болон сайжруулсан хамтын ажиллагаа”-аар байгууллагын үр нөлөөг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Ингэхдээ физик болон дижитал ертөнц хоорондын харилцан үйлчлэлийг сайжруулахын тулд AR, VR болон холимог бодит байдлыг нэгтгэхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Майкрософт” компанийн HoloLens нь хэрэглэгчдэд дижитал мэдээллийг бодит орчинд авах боломжийг олгоно. Харин Apple-ийн Vision Pro нь хэрэглэгчийн оролцоог дахин тодорхойлж байна.  9. Олон үйлдэлт роботууд  Олон үйлдэлт роботууд нь уламжлалт даалгаварт зориулагдсан роботуудыг сольж технологийн салбарыг өөрчилж байна. 2030 он гэхэд хүмүүсийн 80% нь ухаалаг роботтой өдөр бүр холбогдох болно гэдгийг онцоллоо. Amazon болон Siemens нь үйл ажиллагааны уян хатан байдлыг сайжруулахын тулд олон үйлдэлт робот техникт хөрөнгө оруулалт хийж байна. Амазон эдгээр роботуудыг агуулахын бараа бүтээгдэхүүнийг ангилахаас эхлээд савлах хүртэл ажилд ашигладаг бол Siemens үйлдвэрлэлийн шугамыг оновчтой болгохын тулд тэдгээрийг үйлдвэрлэлийн процесст нэгтгэдэг. 10. Хүмүүс өөрсдийн бодлоор төхөөрөмж удирддаг болно  Элон Маск хүний сэтгэхүйгээр дамжуулан төхөөрөмжийг удирдах тархины суулгацыг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь тархины үйл ажиллагааг уншиж, тайлах технологиор дамжуулан хүний ​​танин мэдэхүйн чадварыг сайжруулах юм. 2030 он гэхэд дээрх технологи ажилчдынх нь 30 хувьд хүрэх таамаглалыг гаргав.  Тодруулбал, хувь хүмүүст өөрсдийн бодлоор төхөөрөмжийг удирдах боломжийг олгодог суулгацыг хөгжүүлж байгаа гэсэн үг. Улмаар хүний ​​ур чадварыг дээшлүүлэх, маркетинг, гүйцэтгэлийг оновчтой болгоход ашиглах боломжтой аж.  Эх сурвалж: Technology Magazine