Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Other news

“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо. Өвөрхангай аймаг нь “Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох яамнаас бодлого арга зүйн зөвлөгөө авах шаардлага байгааг онцолж, хамтран ажиллахаар боллоо. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, тэдний мэдээллийн систем болон сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших, интернэтийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр саадгүй авах нөхцөл сайжрах зэрэг томоохон үр дүнг хүлээж байгаа юм.

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайланд Улсын Бангкок хотод 2023.09.18,19-ний өдрүүдэд албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Тус улсын Элчин сайдын яам нь Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Малайз Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсыг хариуцдаг бөгөөд 100 гаруй Монгол иргэн /Үүнд: Хөдөлмөр эрхэлж буй 30, оюутан, сурагч 60, гадаад иргэдтэй гэр бүл болсон 10 орчим/ албан ёсны зөвшөөрөлтэй буюу зохих ангиллын визээр урт, богино хугацаанд сурч, хөдөлмөрлөж байгаа бол Малайзид 76, харин Индонезид 10 иргэн байна. Мөн жилд ойролцоогоор 25,000 гаруй Монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар Тайланд улс руу зорчдог бөгөөд “Хурдан” цэг нээгдсэнээр Тайланд улс руу зорчиж буй 25,000 мянган иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, хаанаас ч орй авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 6 улсын 9 цэгт төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 46 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах e-business.mn платформ нэвтрүүллээ

Иргэд хуулийн этгээд байгуулахдаа хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр биечлэн очих шаардлага тулгардаг. Компанийнхаа төрд байгаа мэдээллийг шууд харах боломжгүй, бизнес эрхлэхэд шаардагддаг зөвшөөрөл, лиценз авах, сунгах, цуцлах процесс тодорхойгүй, удаан, хүнээс хамаарсан, төрөөс лавлагаа тодорхойлолтыг заавал бичгээр, албан бичгээр хүсэлт хүргэж, хариуг нь очиж авах шаардлагатай гэх мэт төрийн үйлчилгээний уламжлалт хэлбэр нь бизнес эрхлэгчдэд зардал чирэгдэл, цаг хугацаа их зарцуулахад хүргэдэг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачлан Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “и-Монголиа академи” УТҮГ, “Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ болон бусад төрийн байгууллагууд хамтран “e-Business” платформыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнөөдөр танилцууллаа. e-Business платформ нь компани байгуулахад шаарддаг компанийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгөө бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамга захиалгын хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдвэрлэж, бүх үйл явцыг 2 хүртэлх хоногт шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээг авахад аливаа албан бус зардал гаргахгүй, цаасан бичиг нэхэхгүй бөгөөд 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ буюу нийт 685 үйлчилгээг холбосон.