Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Other news

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив 2021.02.19 “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр 2006-2008 онд нийт 373 сум суурин газруудад тавигдсан телевизийн дамжуулах станцууд нь “Интелсат-66” хиймэл дагуулаас нэвтрүүлгээ хүлээн авч дахин дамжуулж байлаа. Хуучин бүх сумын холбооны гадаа бат бөхөөр суурилагдсан 2,3 метр диаметртэй том антенуудыг 2006-2010 онуудад буюу Кюү зурваст бүрэн шилжүүлтэл ашигласан. 2006 оноос хойш ашиглаж байсан хиймэл дагуулын аналоги телевизийн нэг сувгаар тоон телевизийн 4, радиогийн 4 суваг буюу 2мБ/сек- ын тоон урсгал дамжуулж өөрчилсөн “Интелсат” системийг 2010 оны 2 дугаар 27 өдөр хүртэл ашиглах гэрээ дуусахтай холбогдон манай улс цаашид СИ зурвас ашиглах эсвэл Кюү зурваст шилжих гэсэн том зорилтууд тулгарч мөн радио телевизийн дамжуулах салбарт: “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр тавигдсан төхөөрөмжүүдийн хамрах хүрээг өргөсгөж, сувгийн тоог нэмэгдүүлэх, Радио телевизийн дамжуулах техник технологийг тоон технологид шилжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 119-р тогтоол гарч, манай улс Интелсатын “СИ” зурвасыг цаашид ашиглахгүйгээр сансрын холбооны “Кюү” зурваст шилжиж, олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулахаар 4 дэхь удаагаа хиймэл дагуулын систем түрээслэх гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх тендерт ДДИШ ХХК шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 2010 онд зурвас шилжүүлэх ажлыг бүх сум сууринд хийж гүйцэтгэхдээ дахин дамжуулах станцуудын чадлыг нэмэгдүүлж улмаар орон нутагт дамжуулж байгаа 4 сувгийг 6 болгож сувгийн тоог хоёроор нэмэгдүүлэн, үндэсний 4 телевизийн суваг өдөр өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байгаа стандарт бус шийдлийг зогсоохоор Радио телевизийн сүлжээ УТҮГ төсөл боловсруулж, Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газрын харьяа Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улс даяар аналоги 6 сувгийг нэгж хугацаанд дахин дамжуулах болсон байна. Олон сувгийн телевизийн дэд бүтцийг байгуулав Радио телевизийн сүлжээ УТҮГ байгуулагдсанаас хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бүх сум сууринд дөрвөн телевизийн  нэвтрүүлэг дамжуулах зориулалттай төрийн өмч болох дамжуулах станцыг холбогдох ажилтан, албан хаагчдын хамт шилжүүлэн, Монголын Цахилгаан холбоо ХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний орон нутаг дахь салбарууд ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажиллуулах аутсорсингийн гэрээ хийж, жил гаруй ажилласан нь яваандаа ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад төлөх төлбөрүүд аажмаар нэмэгдэж төсөв хэтрэх шинжтэй болсон. Их хүчний станцтай зургаан аймгаас бусад аймгийн төвүүд дэх засвар үйлчилгээ, дамжуулах станц байрлаж байгаа өрөө, цамхагууд зэрэг техник нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны өмч байсан ийм нөхцөлд, цаашид улс орны хэмжээнд телевизийн дахин дамжуулах үйлчилгээг тасралтгүй найдвартай тогтмол хүргэхийн тулд Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас доорх бодлогын шинж чанартай зорилтуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: – Орон нутаг дахь их хүчний радио станцуудын дэд бүтэц, ИТА-ны нөөц, боловсон хүчний чадавхи,  эдийн засгийн хэмнэлттэй байх зарчимд үндэслэн, бүх сум суурин газруудын ашиглалт үйлчилгээг бүсчлэн тогтоох, “Радио өргөн нэвтрүүлгийн станц”- уудын нэршлийг “….аймаг дахь Радио телевизийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах, – Бүх аймгийн төвүүд болон Хархорин, Завханы Тосонцэнгэл гэх мэт томоохон сумын суурин газруудад харилцаа холбооны зориулалтаас тусдаа 18-24 метр өндөртэй цамхаг, байр бүхий  сайтууд шинээр байгуулж, телевиз радиогийн дэд бүтцийг орон нутагт бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, – Улаанбаатар хот орчмын Өлзийт, Цайз, Бэлх, Шувуун фабрик гэх мэт найман дагуул бүсүүдэд олон сувгийн телевизийн үйлчилгээг хүргэх сайт бүхий дэд бүтцүүдийг шинээр байгуулж  ашиглалтанд оруулах зорилтуудыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг зохиож хөрөнгө оруулалтыг улсын төсөв, хот,  аймаг,  орон  нутгийн төсөв, бүх нийтийн үүргийн сан, тус байгуулагын хуримтлагдсан ашгаар 2009-2013 онуудад хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал: – “Хот  хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Гацуурт, Налайх, Цайз, Хужирбулан, Баянхошуу дахь сайтуудыг байгуулж, төрийн өмчид шилжүүлэн авч, зургаан сувгийн телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулахаар угсралт монтажын ажлыг хийж ашиглалтад өгсөн ба хөрөнгө оруулалт дутсанаас дутуу баригдсан Бэлх, Өлзийт, Биокомбинатын сайтуудад эрчим хүч татах, хамгаалалтын хашаа барих, газар болон өмчийг төрийн өмчид авах гэрчилгээжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын хуримтлагдсан ашгаас зарцуулсан бол   2009-2011 онд байгуулсан хот орчмын дэд бүтэц – Аймгуудын төвүүдэд байгуулах сайтуудыг Дорнодоос эхэлсэн бөгөөд анх удаа 25 метр өндөртэй бие даасан дэд бүтэцтэй байгууламжийг  барьж ашиглалтанд өгч хүлээн авч, дотор нь  телевизийн болон ФМ станцуудаа байрлуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү тус газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан, Хөвсгөл, Ховд, Архангай, Булган, Дарханд  барьсан бол Төв, Өвөрхангай, Сайншанд, Сүхбаатар хотуудад 32 метр өндөртэй цамхагийг Бүх нийтийн үүргий сангийн хөрөнгөөр, 4 Х 4  хэмжээтэй  байр, 7 Х 8  харьцаатай хашаа, эрчим  хүчний байгууламжийг байгууллагын жилийн эцсийн ашгаас тус, тус хөрөнгө оруулж хэрэгжүүлсэн байна. 2010 онд ашиглалтанд орсон Чойбалсан хотын сайт 2012 онд ашиглалтанд орсон Зуунмод хотын сайт   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг

ҮЙЛ ЯВДАЛ Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг 2021.08.26 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1998 оноос Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зоригийн тухай өгүүлж байна. С.Зориг нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1970-1980 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцан төгсчээ. 1980-1985 онд Москва хотын М.В. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, нийгэм судлаач, багшийн мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр 1985-1986 онд Улаанбаатар хотын Хувьсгалт залуучуудын эвлэл (ХЗЭ)-ийн төв хороонд зааварлагч, 1986-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн аспирант, 1988-1990 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байжээ. С.Зориг 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдон, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар, 1992, 1996 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Төрийн байгуулалт ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, 1998 оны 5 дугаар сараас, мөн оны 10 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн алба хашсан байна. С.Зориг 1980-аад оны эцсээс манай оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагчийн нэг, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Тэрээр Монгол Улсын шинэ Үндсэн хууль болон тус улсын эдийн засаг төр, нийгмийн шинэ харилцааг зохицуулахад чиглэгдсэн олон хууль, дүрэм, журмыг боловсруулан баталж мөрдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байв. Үүний дотор эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, барилга, хот байгуулалтын ба орон сууцны хувьчлал, аялал жуулчлалын зэрэг Монгол Улсын дэд бүтцийн чухал хуулиудыг батлан мөрдүүлжээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.