Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021.02.22

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 19 нь аймгийн төвүүдэд, 33 нь сумдад, 4 нь бусад суурин газарт, шуудангийн 88 хайрцагтай болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 52 дугаар тогтоолоор “Шуудангаар явуулах зүйлийг журамтай болгох тухай” тогтоол гарсан нь шуудангийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар Замын- Үүд чиглэлийн төмөр замын дагуу орших Мааньт, Чойр, Сайншанд, Улаан- Уул, Замын- Үүд зэрэг газруудад холбооны салбарыг ээлж дараатайгаар 1955 оны 3 дугаар сарын 15- наас нээн ажиллуулжээ. БНМАУ-ын Тэргүүний холбоочдын анхдугаар зөвлөгөөнийг 1955 оны 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийж, ажил үйлсээрээ шалгарсан 57 холбоочин оролцсон байна. Тус зөвлөгөөнд “Харилцаа холбооны ашиглалтын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолын биелэлт, харилцаа холбооны одоогийн зорилтын тухай Холбооны сайд Л.Дамдинжав илтгэл тавьжээ. Илтгэлд 1954 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 1953 онтой харьцуулахад захидал бичиг 7%, сонин хэвлэл 25%, шуудангийн хүндийн жин 21% тус тус нэмэгдэж, солилцсон сонин хэвлэл, бичиг захидлын 74 % хөдөө орон нутгийг хамарч байна гэж дурьджээ. ЗХУ-ын Засгийн газраас радио нэвтрүүлгийн их хүчний төвийг Улаанбаатар хотод байгуулж туслахаар зөвшөөрснийг үндэслэн Сайд нарын Зөвлөлд радио нэвтрүүлэх төвийн зураг, төлөвлөгөөг гаргаж, судлан шинжлэх мэргэжилтнүүдийг 1956 онд багаан ирүүлэх, холбогдох бүхий л зураг, төсөв, төлөвлөгөөг ЗХУ-ын зураг төлөвлөгөөний газруудын тусламжтай хийж гүйцэтгэх, радио нэвтрүүлэх их хүчний төвийг 1958 оны эцэст ашиглалтад оруулахаар бодож, тоноглолын ажилд оруулах хүсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихыг даалгасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна. Мөн энэхүү ажилд зориулан боловсон хүчинд анхааран 1957 онд ЗХУ-д 17 хүнийг их хүчний радио станцад, 5 хүнийг радиожуулалтын ажилд, мөн 10 хүнийг дагалдан сургахаар явуулах, ажилчдын оройн сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, холбооны үйлчилгээний ажилчдыг орос, хятад, франц хэл бичигт сургах дугуйланг зарим газар хичээллүүлэх, радио сонирхогчдын лавлахыг монгол хэлэнд, Эх орон -52 хүлээн авагчийн зааврыг 3000 ширхэгийг тус тус хэвлүүлэн гаргах, холбооны үйлчилгээг сурталчлах, холбоочдын цалинг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг Холбооны яамнаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байжээ. Манай улсын харилцаа холбоо, радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 1957-1960 онд бариулсан Улсын радио нэвтрүүлэх төв, хүлээн авах станц, холбооны төв барилгын цогцолбор нь цар хүрээгээрээ томд тооцогддог билээ. 1957 онд Тээврийн болон Холбооны яамыг нэгтгэн зохион байгуулагдахад Тээврийн сайдаар томилогдон ажиллажээ. Л.Дамдинжав нь харилцаа холбооны салбарыг амжилттай удирдаж байснаас гадна автотээврийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан тул тэрээр “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цолыг хүртсэн нэгэн эрхэм байсан билээ. Эх сурвалж: Л.Дамдинжав “Итгэл хариуцлага” номноос, 2015 он Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номноос, 2011 он

Other news

Өнөөдөр “Төрийн албаны өдөр” тохиож байна

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон шийдвэрлэсэн. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж буй нийт төрийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэндээ төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

“ЦАХИМ ОРЧИН-ХҮҮХДИЙН ЭРХ” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 128 багийн сурагчид цахим орчин дахь хүүхдийн эрхийн талаарх мэдлэг чадвар, үзэл бодол, өөрсдийн дуу хоолойгоо хүргэн, мэтгэлцэх ур чадвараа сорьж, шилдгийн шилдэг 4 баг хагас финалын шатанд шалгараад байна. Тун удахгүй Улсын аваргын эзэд тодорно.

Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна 2021.08.14 Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн шуудан холбоо (ДШХ)-ны ээлжит 27 дахь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хуралд манай улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Женев дэх Элчин сайдын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК байгууллагуудын төлөөлөл цахимаар оролцож байна. Уг Их хурал нь Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн хэдий ч хойшлогдож, 2021 онд “Нэг дэлхий, Нэг шуудангийн сүлжээ” уриан дор биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулсан байдлаар зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Энэ удаагийн Их хурлаар “Дэлхийн шуудан холбооны дүрэм”-д оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахаас гадна Олон улсын товчооны Ерөнхий захирал болон Дэд захирлыг сонгох сонгууль болно. Нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал Ноён Хуссейн цар тахлын үед шуудангийн салбар болон шуудангийн ажилчдыг магтан сайшааж, “Сүүлийн 18 сарын хугацаанд олон улсын шуудангийн салбарт гайхалтай өөрчлөлт гарсан бөгөөд зарим засгийн газар шуудангийн салбарыг чухал дэд бүтэц гэж зарласан.” талаар дурдаж, COVID-19-ийн улмаас амиа алдсан шуудангийн салбарын “баатрууд, баатрууд” -ыг нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлэв. Ковид-19 цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдассан тул энэ удаагийн Их хурлаар шуудангийн салбарт цахим үйлчилгээний бодлого, зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Их Хурлын явцыг шууд үзэх линк: tv.upu.int Share on facebook Share on twitter Бусад мэдээ