Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт өнөөдөр (2023.10.09) ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын газрын дарга М.Отгонбат нартай уулзаж, санал солилцлоо. Төв аймаг нь Цахим аймаг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бүх төрлийн мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлт, өргөдөл гомдол авах “Дижитал -Төв аймаг” аппликейшныг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тус аймгийн 18 сумдын 21 чиглэлийг хамарсан 1046,8 км шилэн кабельтай бөгөөд гурван сум шилэн кабельд холбогдоогүй аж. Мөн “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч цаашид уг хөтөлбөрийг боловсронгуй болгох хүрээнд цахим дэд бүтцийг бий болгон мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулахаар ажиллаж буй талаар аймгийн удирдлагууд мэдээлэв. Тус аймаг нь засаг захиргааны хувьд Монгол Улсын хамгийн олон сумтай аймаг буюу 27 сум, 97 багтай, 94 мянган хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 5.1 сая толгой малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай гэдгээрээ онцлогтой.

Төрийн байгууллагуудын 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй 

2021 онд төрийн байгууллагуудад MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийжээ. Мөн Монгол Улсын 67 төрийн байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийв. Тодруулбал, тэдгээр байгууллагын 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөж байжээ. Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, фреймворк дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй. Хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байна. Тус судалгаа нь төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлжээ. Судалгаанд Монгол Улсын Их Хурлын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14 бусад 5 байгууллагыг тус тус хамруулав. Цаашид Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлох судалгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуультай хамтран гүйцэтгэж байна. Тус судалгааны үр дүн 2024 оны төгсгөлд гарна.