Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Other news

Шилэн индекс /05.01/

5-р сарын 1-ний байдлаар Сангийн яам 100%, УУХҮЯ 98,83%, БОАЖЯ 98,59%-иар мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ. Төрийн захиргааны байгууллагуудаас Татварын ерөнхий газар 100% авсан бол Шүүх шинжилгээний ерөнхий газар 85.18%, Архивын ерөнхий газар 84.72% -ийн үнэлгээ авч, төрийн захиргааны байгууллагуудаа хошуучилсан байна. Нутгийн захиргааны байгууллагуудаас Орхон аймгийн ЗДТГ 94.38%, Булганы ЗДТГ 73.01%, Хэнтийн ЗДТГ 69.89% -ийн үнэлгээ авсан нь бусдаас өндөр үзүүлэлт болжээ. Харин Архангай аймгийн ЗДТГ цахим хуудас нь огт ажиллахгүй, хууль зөрчсөөр байна. Дүүргүүдийн ил тод байдал яам, агентлагтай харьцуулахад доогуур байгаа бөгөөд Багануур 76.05%, Баянгол дүүрэг 74.64%, Хан-Уул дүүрэг 67.60% -иар тэргүүлсэн байна. Багахангай 43.66%, Сүхбаатар 43.05% дүүрэг хамгийн бага үнэлгээгээр сүүл мушгилаа. ЦХХХЯ-аас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 7 хоног тутамд Шилэн индекс зарлаж байна. Төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох хурд өсч, яамдын дундаж үнэлгээ өнгөрсөн 7 хоногт 88% байсан бол 5-р сарын 1-ний байдлаар 90% болсон байна. Агентлагуудынх 56.05%-иас 60.43%, аймгийн ЗДТГ-уудын дундаж нь 48.87%-иас 52.53% болж тус тус өсчээ. “Таны төр-Та хяна!” уриатай “Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших хугацаанд shilen.gov.mn-д 32 мянга 417 мөр өгөгдөл байршаад байгаа юм. Ил тод мэдээллийн багтаамж нэмэгдэхийн хэрээр иргэд мэдэх эрхээ эдэлж, Авлигын эсрэг 5Ш ажиллагаанд жинтэй нөлөөлнө.

“e-Mongolia”| Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа 2022.04.04 “И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын  68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийг үнэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан /2025.01.07/ боллоо. Хурлаар 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зураглал болон Засгийн газрын дараагийн 100 хоногт хийх ажлуудаа ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 15-ны дотор нэгдсэн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.   Төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийнэ. Хамгийн гол нь төрийн цахим үйлчилгээ иргэдэд яг ямар процессыг хялбарчилж байна, төрийн албанд ямар орон тоо хэмнэгдэж байгаа зэрэг бодит үр дүнг бий болгох нь чухал. Тиймээс цахим шилжилтийг яам бүр ярьж буй энэ үед сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийн үр дүнг судалж, чанарын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор ажиллаж байна. Мөн ТЦҮЗГ, ҮСХ хамтран төрийн цахим үйлчилгээ иргэдэд үр дүнгээ өгч байгаа эсэх, төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдсэн үү, иргэдэд ямар чирэгдэл учруулж байгаа талаар тодорхойлохоор 5 төрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн сэтгэл ханамж, төрийн албан хаагч, цахим системүүдийн үр нөлөө, аймгуудын бэлэн байдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнд суурилж төрийн цахим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгох, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах юм. Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах инновацын шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй. Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл яригдана. Тодруулбал, төрийн өмчит компаниудын статусыг цэгцлэх асуудал хөндөгдөх юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дараагийн анхаарах сэдэв. Энэ мэтээр салбарын хууль, эрхзүйн асуудлыг УИХ-ын батлах хуулийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллана. УИХ-аас баталсан 2025 онд 7 аймгийг “Дижитал аймаг” болгох зорилтын хүрээнд тус аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт Өмнөговь аймгаас эхэлж байна. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2024 онд Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн билээ. ЦХИХХЯ-наас 2025 онд доорх гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд, 1.         5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана. 2.         Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ. 3.         Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна. 4.         Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна. 5.         Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ. 6.         Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг өргөжүүлнэ. 7.         Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 8.         Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүргэж, олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ. 9.         Кибер аюулгүй байдлын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ. 10.       Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.