Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Дэлхийн инновацын индекс | Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G статистикаа “гаргадаггүй”

“Дэлхийн инновацын индекс – 2024” тайланд Монгол Улс олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G , цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг статистик мэдээлэл дутмаг улмаас 133 орноос 67 дугаар эрэмбэлэгджээ. Харин дунджаас доогуур орлоготой 38 орноос 7 дугаар байранд орсон бол Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос 13 дугаар байранд жагссан байна. Статистик мэдээллээс харвал инновац шингээх тал дээр Монгол Улс 2023 онтой харьцуулахад даруй 5 байр ухарсан бол инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр Монгол Улс 9 байр урагшилсан үзүүлэлт гарчээ. № Он Инновацын индекс – байр Инновац шингээх Инновац шингэсэн бүтээгдэхүүн 1 2020 58 65 54 2 2021 58 65 55 3 2022 71 81 64 4 2023 68 79 60 5 2024 67 84 51 Тэгвэл “Дэлхийн инновацын индекс – 2024” тайланг дараах шалгуур үзүүлэлтээр гаргасан байна. Шинжлэх ухаан ба инновацын хөрөнгө оруулалт Үүний зэрэгцээ, 5G, цахилгаан тээвэр зэрэгт Монгол Улс нь ямар нэгэн статистик мэдээллийг илгээгээгүй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зүгээс зүгээс 5G -г Монгол Улсад нэвтрүүлэх тендерийг даруй зарлахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг болгоод буй. Түүнчлэн олон улсын статистик тайлан гаргадаг байгууллагуудтай холбогдож, статистик дата мэдээллээ илгээдэг байх үүрэг чиглэлийг өглөө.

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд: “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жилийн нээлт Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) “Цахим төв” 24/7-ийн нээлт Хүүхдийн “Итгэлтэй утас”-ны нээлт Мэдэллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд:Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх;Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.