Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Other news

Бизнес эрхлэгчдийн цахим туслагч “E-business” үйлчилгээг сайжруулна

Компани, ТББ, хоршоо бүртгүүлэх, тусгай зөвшөөрөл сунгуулах зэрэг 780 төрлийн цахим үйлчилгээ үзүүлдэг “E-business” платформыг бизнес эрхлэгч хүн бүрд яаж илүү үр дүнтэй болгох вэ? Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЦХХЯ-ны хэрэгжүүлсэн “E-Business платформд процессын дахин инженерчлэл хийх” төслөөр энэ асуултын иж бүрэн хариултыг олж тодорхойлж байна. Техник, зохион байгуулалт, системийн чанартай олон талт асуудлыг дэлхийд бизнес процессын дахин инженерчлэлийн арга зүйгээр шийдвэрлэдэг. Тухайлбал, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой Улсын бүртгэлийн багц хууль, бусад хууль, Засгийн газрын цахим шилжилтийн бодлогын хэрэгжих явцад ямар бэрхшээл тулгарч буйг шалтгаан, нөхцөлтэй нь тодорхойлж, эрх зүйн болон техникийн санал шийдэл гаргаж байна. E-business платформ нь жилийн хугацаанд төрийн 780 үйлчилгээг хууль эрх зүйн өнөөгийн боломжоор цахимжуулж, 24,000 хэрэглэгчид 50 мянга 400 орчим удаа хүргээд байгаа юм. Цаасан хүнд суртлыг багасгаж, цахимжилтыг түргэсгэхэд бүртгэл, хууль эрх зүйн, төрийн байгууллагуудын уялдааг холбоог сайжруулах дараагийн шатны сорилтуудыг даван туулах зүй ёсны шаардлага урган гараад байна.

Квант компьютерт суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн  хөгжүүлэлт эрчимжиж байна

-Банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна- Хөгжингүй орнууд квант технологийг хэдийнэ хөгжүүлээд эхэлчихжээ. Абу Дабид “CyberQ: Квантын эрин үеийн аюулгүй байдал” хурал арваннэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хуралд, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, AWS, Google Cloud, Paloalto, CISCO, IBM зэрэг олон улсын байгууллагууд болоод технологийн “акул”-ууд цуглаж, квант компьютер, квант криптографын чиглэлээр хөгжүүлсэн системүүдээ танилцуулав. Мөн хөгжингүй болон хөгжиж буй орнууд квант технологид суурилсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн судалгаа, хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулж байгаагаа ч зарлалаа. Квант компьютер нь технологийн салбарт томоохон хувьсгал авчирч буй хамгийн давшилтэт технологийн нэг юм. Тус компьютерын тооцоолох чадвар нь кибер аюулгүй байдлын салбарт ихээхэн нөлөөлөл үзүүлэх боломжтой. Тодруулбал, Google компанийн бүтээсэн квант компьютер нь 2019 онд өнөөгийн супер компьютерийн 10,000 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх тооцооллыг ердөө гуравхан минутад тайлжээ. Квант компьютер хэрэглээнд нэвтрэх цаг хугацаа тодорхойгүй ч технологийн компаниуд кибер аюулгүй байдлын системд учирч болзошгүй сорилтуудад бэлэн байхыг эрмэлзэх болов. Олон нийтийн нууцлалын технологиуд хурдацтай хуучирч байна Өнөөдөр бидний хэрэглэж буй банк санхүү, цахим худалдаа, төрийн нууцлалыг хамгаалдаг технологиуд хурдан хугацаанд хоцрогдож байна. Энэ сорилтыг даван туулахын тулд улс орнууд пост квант нууцлалын шийдлүүдийг туршиж, хэрхэн хурдан хэрэглээнд нэвтрүүлэх талаар ажиллаж эхэллээ. Мөн өнөөдрийн харилцаа холбооны суурь систем нь квант компьютерт тэсвэртэй байхаар бүтээгдээгүй тул эмзэг байдал нэмэгдэж байна. Түүнчлэн квант компьютерын тооцооллын хурд нь мэдээллийн аюулгүй байдлын системийг шинээр өргөжүүлэхэд хүргэв. Иймд компани болон байгууллагуудын мэдээлэл хамгаалалтын стратегид шинэчлэлт хийх шаардлага үүсжээ. Хөгжиж буй орнууд 2016-2018 онуудад квант компьютер хөгжүүлэх амбицаа  зарлажээ АНУ 2018 онд Үндэсний квантын санаачилгыг баталсан. Энэ нь квант мэдээлэл дамжуулалт, харилцаа холбоо, аюулгүй байдлын шинэ технологи хөгжүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон томоохон төсөл аж. АНУ-ын Үндэсний стандарт ба технологийн хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, пост квант криптограф зэрэг квант аюулгүй байдлын салбар дахь стандартыг тогтоохоор ажиллаж байна. Европын Холбоо 2018 оноос эхлэн 10 жилийн хугацаатай 1 тэрбум еврогийн төсөв бүхий “Квант Флагман” төслийг эхлүүлжээ. Энэ нь Европын холбооны орнуудын квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдал, шифрлэлтийн шинэ технологиудыг хөгжүүлэхэд анхаарч байна. БНХАУ нь 2016 онд “Мициус” хэмээх квантын хиймэл дагуул хөөргөж, квант түлхүүр дамжуулалт, мэдээллийн аюулгүй байдлын судалгаа хийж эхлэв. Хиймэл дагуулын туршилтын үр дүнд Бээжин, Шанхай хотуудыг холбосон аюулгүй квант харилцаа холбооны системийг амжилттай туршиж, цаашид дэлхийн хэмжээнд ашиглахыг зорьж байна. Японы Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний хүрээлэн квант түлхүүр дамжуулалт, аюулгүй мэдээлэл дамжуулалтын чиглэлээр дэвшилтэт судалгаанууд хийж байна. Энэ нь Японы мэдээллийн технологийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цахим халдлагын эсрэг хамгаалалттай харилцаа холбооны систем бүтээх зорилготой. Эх сурвалж: www.cyberq.ae, Стратеги судалгааны хүрээлэн

“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ

ҮЙЛ ЯВДАЛ КАНСАТ – 2022 тэмцээний бүртгэл эхэллээ Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой. Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна. “КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно. Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд: А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо) Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна. Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд: Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо Share on facebook Share on twitter Бусад мэдээ