Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2021.08.10

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2021.08.10) боллоо. Танхим болон цахим хэлбэрээр болсон тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэдээлэл холбооны операторуудын ассоциац, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Америкийн худалдааны танхим, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, МҮХАҮТанхим зэрэг байгууллагын төлөөлөл, “МУК компьютерс” ХХК, “Бат солюшинс партнерс” тэргүүтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл зэрэг 186 хүн оролцов. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал нээж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Төр нь иргэн бүрдээ очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн зүтгэнэ Төслүүдийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын дарга 54 дугаар захирамжаараа хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдав. Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох, хуулийн төслийг илүү сайжруулах, орхигдсон асуудал байвал нэмж тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. Улсын Их Хурал 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон нийтлэг зохицуулалт бий ч техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийг олон сувгаар хүлээн авч, дамжуулах болсонтой холбогдуулан хувь хүний нэр төр, хувийн нууцад илтэд хууль бусаар халдах явдал цөөнгүй гарах болсныг Н.Учрал гишүүн онцоллоо.

Хүний хувийн нууцад зөвхөн захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг хамааруулахаар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон нь бэрхшээл болж байгаа тул өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зөрчил, дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхээр хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа гэв. Хүн бүрийн мэдээлэл бүрэн хамгаалагдах, зөрчигдсөн бол хүлээх хариуцлага нь тодорхой байх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа хэллээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал сонирхсон хэн бүхэнд нээлттэй ил тод байхаар заасан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирснийг тэрбээр тэмдэглэж хэлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлаас хууль батлан гаргах нь чухал хэдий ч түүнийг хэлбэрэлтгүй, нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулиа мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хуулийн талаарх ойлголт, хандлага иргэдийн дунд унадаг, алдагддаг нь маргаангүй зүйл юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг баталснаар төрийн байгууллагын нийтэд нээлттэй байх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог, мэдээллийн баазыг төрийн байгууллагууд шуурхай солилцдог, түүнчлэн төсөл хөтөлбөрийг үр ашгтай хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох учиртай” гэлээ.

Монгол Улсын төрийн байгууллагууд цахим харилцаанд шилжих ажиллагааг дөрвөн үе шатад хуваан авч үзэж болох талаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд дурдсан байдаг аж. Тодруулбал, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, нэмэгдсэн өртгийн албан татварын систем хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс үзэхэд төрийн байгууллагууд хоорондын цахим мэдээлэл солилцох дэд бүтэц боломжийн хэмжээнд хүрсэн байх бөгөөд харин мэдээллийг цахим хуудсандаа хариуцлагатай оруулах, лавлагаа мэдээллээр хангах, мэдээллийг үнэн зөв шуурхай оруулах, цахимаар өгсөн мэдээллийг бусад байгууллага албан тушаалтан цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолж байв.

Мөн тэрбээр мэдээллийн технологийн эрин зуунд цахим хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын  үлгэрлэл, туулсан замналыг бид дагаж алхахдаа алдсан алдааг нь тойрч, зөв шийдлийг нь товчилж, гагцхүү Монголын нийгэм, зан заншил, хувь хүний сэтгэлгээний онцлог, нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурласан бодит шийдэл, бодит дэд бүтэц, өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко-системийг бий болгох шаардлагатай гэв. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн гурван талт түншлэлийн үндсэн дээр бид энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийх болно хэмээлээ.

Энэ цаг үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлээгүйгээр урагшлах боломжгүй гээд “Дараагийн 100 жилд Монгол Улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг солонгоруулах чухал хүчин зүйлийг хамтдаа бий болгож, цаашлаад төрийн албаны хүнд суртал, чирэгдэлийг багасгаж, монгол хүн төрийн албаа царай алддаг биш, төр нь өөрөө иргэн бүрд очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө Та бүгд маань гар бие оролцон, хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Ийнхүү хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцууллаа.

Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн  өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь нийтийн мэдээлэл хариуцагч байхаар төсөлд тусгасан байна. Тодруулбал, зөвхөн төр мэдээлэл хариуцагч биш гэдгийг онцолж байв. Жишээлбэл, хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, ашиглаж боломжтой. Төрийн болон бусад байгууллага цахим орчинд мэдээлэл солилцох, хадгалах, ашиглах, дамжуулах харилцааг зохицуулахаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна

Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар төсөлд тусгасан гэдгийг тэрбээр онцолж, тус бүрд нь тайлбарлав. Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзэх бол танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж төсөлд тодорхойлжээ. Харин хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзэх юм байна. Хувь иргэн мэдээллийнхээ эзэн байх бөгөөд тэрхүү мэдээллийн ашиглалтад мэдээллийн эзэн өөрөө хяналт тавих аж.

 Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналтыг бий болгох, улмаар авилгыг бууруулахыг зорьж төрөөс нээлттэй байлгах мэдээллийг нэмэгдүүлэх юм байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрхийн мэдээлэл, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаарх шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, газрын мэдээлэл, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн урамшуулал … гэх зэрэг төрийн үйл ажиллагаатай олон төрлийн мэдээллийг нээлттэй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа талаар  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж дэлгэрэнгүй танилцууллаа.

Нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглах, төрийн мэдээллийн үндсэн систем нь “Хур” систем байхаар, дэмжих системийн талаарх төслийн зохицуулалтыг тус бүрд нь дэлгэрэнгүй танилцууллаа. Төсөл батлагдсан тохиолдолд иргэн бүр 13 оронтой улсын бүртгэлийн дугаар ашиглаж, мэдээллийг нэгтгэх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг, олон улсын жишгийг тэрбээр танилцууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон давтагдашгүй дугаар бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн адил хүчинтэй байхаар төсөлд тусгасан байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гэрлэлт, газрын бүртгэлээс бусдыг цахим болгох боломжтой хэмээн үздэг байна. Иргэн төрд мэдээллээ өгч, төр түүнийг нь хадгалж, хамгаалж, иргэний зөвшөөрлөөр ашиглалтыг зохицуулдаг байхаар зорьж байгаа гэдгийг төслийн танилцуулгын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн тандан судалгааны талаар Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцуулав. Төслийн хүрээнд төр, төрийн байгууллага, албан тушаалтан; аж ахуйн нэгж, байгууллага; төрийн бус байгууллага; иргэн; эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага; олон улсын байгууллага; хэвлэл, мэдээллийн байгууллага зэрэг 7 бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэмээн үзсэн бөгөөд 352 иргэн, 176 хуулийн этгээд, 186 төрийн албан хаагч хамрагдсан асуумжаар судалгаа явуулсан гэв. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн эсэхэд судалгаанд оролцогчдын 33 хувь нь “бүрдсэн”, 34 хувь нь “бүрдээгүй”, 33 хувь нь “мэдэхгүй” гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 66 хувь нь “төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байна” гэсэн бол 13 хувь нь “төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй” гэжээ. Төрийн үйл ажиллагаа бүхэлдээ цахим хэлбэрт шилжих боломжтой эсэхэд 38 хувь нь “боломжтой бөгөөд цахим хэлбэрт шилжих нь олон давуу талтай” хэмээн хариулсан бол 46 хувь нь “зарим хэсэг нь шилжих боломжтой” гэж хариулсан байна.

Ийнхүү Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар болон төслийн тандан судалгааны талаарх танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэллээ. Нээлттэй өгөгдлийн талаарх зохицуулалтыг төсөлд тодорхой, нарийвчлалтай тусгах, цахим засаглалын хүрээнд “мэдээлэл солилцох” биш харин “мэдээллийг хамтран ашиглах” гэж томьёолох зэрэг төсөл дэх нэр томьёоны талаар саналуудаа оролцогчид хэлж байлаа. Мөн төсөл дэх нээлттэй мэдээллийн ангилалд үнэ, ашгийн талаарх мэдээллийг ил болгох нь оновчтой эсэхийг, байгууллага өөрт хамаарах мэдээллээ нууц хэмээн тогтоож, хамгаалах бололцоог хуулиар бүрдүүлэх боломж бий эсэхийг тодруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан.

Төр хувь хүний мэдээллийг хадгалалт, ашиглалтаа бүрэн хариуцах боломжтой эсэх, энэ талаарх техник, технологийн бололцоо, дэд бүтцийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, төслийн нэр, томьёо оновчтой эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар тодруулж, хариулт авсан юм.

Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, энэхүү төслийн тандан судалгааны талаар Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцууллаа.

Энэ хуулиар хүн, хуулийн этгээд нь хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах; хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулах, биометрик мэдээллийг ашиглах; Гүйцэтгэх ажлын тухай хууль; Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн харилцаанд үйлчлэхгүй гэдгийг онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр төсөл дэх мэдээлэл цуглуулах, боловсруулах ашиглах, хувь хүний биометрик болон генетик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн мэдээллийн эзний эрх, мэдээлэл хариуцагчийн үүргийн талаар, хувийн мэдээллийг хамгаалах эрх бүхий байгууллагын талаар, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийн талаарх зохицуулалтыг төсөлд мөн тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. Төсөл батлагдсанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин сайжирч, хүний хувийн мэдээллийг тодорхой нөхцөл, зорилготойгоор, хуульд заасны дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах эрх зүйн үндэс бий болох юм байна. Түүнчлэн хүний хувийн мэдээллийг зүй зохистойгоор ашиглах боломжийг тодорхойлж, хүний хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн тандан судалгааны талаарх танилцуулгад төр, төрийн байгууллага, албан тушаалтан; хувийн хэвшлийн байгууллага болон бизнесийн байгууллага; төрийн бус байгууллага; олон улсын байгууллага; эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага; иргэн гэсэн 6 нийгмийн бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө хэмээн тодорхойлсныг Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир танилцуулав. Хуульд заасан үндэслэл байхгүй бол хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах тохиолдолд эзнээс нь заавал зөвшөөрөл авдаг байх дэвшил гарна гэж судалгааны баг дүгнэсэн байна. Тодруулбал, хүний хувийн мэдээлэл хамгаалалт сайжирч, хүний эрхийг хамгаалахад дэвшил болно гэж үзсэн байна.

Хувийн мэдээлэлтэй холбоотой дараах асуудлууд үүсээд байгаа гэж судалгааны баг тодорхойлжээ. Үүнд, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах; хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй эсвэл хуульд заасан үндэслэлгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах; хүний хувийн мэдээлэл алдагдах эсвэл хулгайлагдах; хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ил болгох; өөрийн хувийн мэдээлэлд хандах боломжгүй байх; хүний эмзэг мэдээллийг боловсруулах зэрэг зургаан нөхцөлийг нэрлэсэн байна. Иймд Монгол Улсад хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах харилцааг цогцоор нь зохицуулах, хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдуулан төр, байгууллага, иргэн хоорондын харилцаа, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох замаар хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах улмаар хувь хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгааны баг дээрх асуудлыг шийдвэрлэхдээ дараах зорилгуудыг томьёолох ёстой гэдгийг тайландаа дурджээ.

Төслийн талаарх болон  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн тандан судалгааны талаарх танилцуулгын дараа оролцогчид асуулт асууж, төсөлтэй холбоотой саналаа хэллээ. Хуулийн төслийг баталсны дараах хэрэгжилтийг хангахтай холбоотой төлөвлөлт, стандартын талаар, мөн төслийн зохицуулалт хоорондын уялдааг хангах, Монгол Улсын хилээс гадуур байгаа, одоо ашиглаж байгаа мэдээллийн хяналт, хамгаалалтын талаар тодруулж, хариулт авсан. Төсөлд “мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох бөгөөд дараах тохиолдолд үнэлгээ хийнэ” хэмээн тусгасан бөгөөд мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор хийх үнэлгээний талаар, үнэлгээтэй холбоотой зохицуулалтын талаар тодруулж байлаа. Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд иргэдийн хурууны хээг ашиглан “Хур”, “Дан” системээс иргэний хувийн мэдээллийг авч байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллага иргэний мэдээллийг хувийн хэвшил рүү дамжуулж байгаа хэлбэр. Тэгвэл энэ харилцаанд хувь иргэний мэдээллийг хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгаж байгаа талаар, мөн хуулийн төсөл батлагдаад хэрэгжиж эхлэх тохиолдолд хувийн хэвшлийн байгууллагууд өмнө нь бүрдүүлсэн мэдээллийн сангаа устгах болж байгаа нь холбогдох зарчимд нийцэж буй эсэхийг хуульч Б.Баялагмаа асууж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хариулт авсан. Түүнчлэн төслийн 15 дугаар зүйл дэх зохицуулалтын талаар, хүн мэдээллээ хүссэн үедээ устгах боломжтой, эрхтэй байх зохицуулалтыг тусгах, хүүхдийн хувийн халдашгүй байдлын талаарх онцгой зохицуулалтыг тусгах саналыг хэлж байлаа. Олон улсад “хувь хүний өгөгдөл хамгаалах” гэж томьёолдог, харин төсөлд “мэдээлэл” гэдэг нэр томьёог ашиглаж байгаа нь зөрчилдөж байгааг “Секьюрити солюшн, сервис, консалтинг” ХХК-ийн захирал Т.Халтар хэлж байв. Мөн төслийн талаарх байр сууриа илэрхийлж, олон улсын түвшинд ашиглаж болохуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлсэн.

Үндсэн хуульд “…Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн “төр, түүний байгууллагаас – хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Энэ эрхийг баталгаажуулахаар хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн боловсруулалтад талуудын оролцоог бүрэн хангаж, мэргэжлийн түвшинд төслийн боловсруулалтад оролцох бололцоог хангах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг хэлж, мэргэжилтнүүдтэй тусгайлан уулзаж, хамтран ажиллана гэдгээ хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хууль хоорондын уялдаа, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээллийн солилцоог нэгтгэхэд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нэн чухал ач холбогдолтой хэмээн онцолж байв.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөсөн бөгөөд төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахдаа нэр томьёог нэн оновчтой болгох, байгууллагуудын статусыг тодорхой болгох, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх чиглэлд шаардлагатай бүх зохицуулалтыг хийх, хуулийн гол зохицуулалтуудыг хуулиас давсан журмуудаар зохицуулахгүй байхад онцгой анхаарах, мөн хариуцлагын асуудлыг нэн тодорхой болгох зэрэгт анхаарах шаардлагатай” гээд хэлэлцүүлгийн нийт оролцогчдод талархал илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Other news

Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана 2021.06.22 Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв. Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв. Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь 2021.05.27 Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ.

Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хангалтгүй байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар, “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг мэдээлэл нь хаалттай, хэрэгжилт хангалтгүй төрийн байгууллагуудаас шаардаж, иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Энэ удаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Стандарт хэмжил зүйн газар ажиллаж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 33,75%, Стандарт хэмжил зүйн газар 42,60% буюу хангалтгүй үзүүлэлттэй байна.