Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

2021.09.03

Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө “цахимжсаар” байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. “Humans of UB” энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна. #1 Э.Буянжаргал – “Код бичих охидын хөтөлбөр”-ийн төгсөгч

Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа “Код бичих охидын хөтөлбөр“-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, “pin pon” тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог.

#2 Э.Мөнх-Эрдэнэ – Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer)

Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо “Creative Market” сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) “Graphicriver” сайтын “Slide” ангиллын “Best Seller” хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна. 

Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх “Template100” баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс “Гэрээсээ гэрэлт” сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа. 

#3 Б.Төгөлдөр – MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан

Анх интернэтээр академик сургалтууд олж аваад “нүд нээгдэх” шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О’Брайен гээд зохиолчийн “You Can Have an Amazing Memory” гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр “хайр” байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа “Quantum Mongolia“, “Гэж юу вэ?” подкаст болон “Бүдэг цэнхэр цэг” хуудсыг санал болгоё. 

Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай. 

#4 С.Эрдэнэцэцэг – Цахим үйлчилгээний хэрэглэгч

Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа “e-mongolia”-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас “фэйсдэнээ”. Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм.

#5 Э.Цэрэндорж – Олон улсын “Nike” компаний шинжээч (Inventory Operations Analyst)

Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед “Nike” компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын өмнө нь ч манай компаний үйл ажиллагаа бүрэн цахимжсан байсан. Дэлхий дахин шинэ эринд нэгэнт хөл тавьсан тул ямар ч байгууллагын үйл ажиллагаа зайнаас амжилттай өрнөх болжээ. Миний хувьд онлайнаар цагийн хуваариа гаргаж, менежерүүдтэй холбогдох гэх мэтээр ажилладаг. Үүний өмнө Ирландад төвтэй “Felix” компанид ажиллах үед бүх ажлаа “Windows” программууд дээр шийддэг байсан бол “Nike”-ийн хувьд дотоодын систем дээр ажлаа шийддэг.

Төгсөхөөсөө өмнө үлгэр жишээ цахим үндэстэн гэгддэг 600 мянган хүн амтай Эстон улсад “E-Government” буюу цахим засаглалын чиглэлээр дадлага туршлага хуримтлуулж байсан. Тус улсад үл хөдлөх шилжүүлэх, гэрлэх, гэрээслэл өвлүүлэхээс бусад бүх төрийн үйлчилгээг цахимаар шийддэг нь үнэхээр л цахим засаглалын тэргүүн туршлага. Хүн ам цөөтэй манай Монгол Улс ч нэгдсэн нэг системтэй болох боломжтой. Үүнийгээ дагаад хүн амын бүх мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгдэх учраас мэдээллийн аюулгүй байдал талаар анхаарах цаг болжээ. Нидерландад ирээд түрээсийн гэрээ, ID, даатгалын гэрээ гэх мэт хэрэгцээт үйлчилгээг бүгдийг нь цахим гарын үсгээр шийдсэн. Цахимаар хэн ч хаанаас ч хүссэн боловсролоо эзэмших боломжтойд баярладаг. Хэн нэг хувь хүний туршлага бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын зэрэгтэй, профессоруудтай учраас “Coursera“-аас суралцах дуртай. Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалсан ч дата анализаар сурах хүсэлтэй байсан учраас Колорадогийн Их сургуулийн хичээлийг уг сайтаас үзэж суралцсан. 

Дэлхий нийтээр цахимжиж буй өнөө үед Монголд ч өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх мэдээллийн технологиудыг нэвтрүүлж байна. Харин бүх хүн ам интернэтэд 24 цагаар холбогдож, тэгш хүртээмжтэйгээр дижитал төхөөрөмжтэй харилцах чадвартай байж, ихэнх интернэт хөтчүүд англи хэлээр учраас бүх нийтээр англи хэл сурах юм уу, эх хэлээрээ шинэ хөтөчтэй болох нь цахим улс болоход зайлшгүй шаардлагатай сорилт болоод байна. 

#6 С.Бадрал – “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч

Хамгийн товчоор цахим эринийг хүн, робот хоёр чөлөөтэй хамтран ажиллах цаг үе гэж тодорхойлж болох юм. Дижитал шилжилтэд монголчууд хангалттай бэлэн биш байгаа боловч хурдтай хөгжье гэвэл цахим үндэстэн болохоос өөр зам байхгүй. Гэхдээ амар биш. DN9 орны гишүүн болоод DN10 болгох эсвэл бүх хүн Фэйсбүүк, Твиттер ашиглаж улс төрд нөлөөлөх, “e-mongolia”-г ашиглаад төрийн үйлчилгээгээ авдаг болчихвол цахим үндэстэн болчихно гэвэл хязгаарлагдмал. Эхлээд маш сайн цахим дэд бүтэц, дараа нь программ хангамж, тэгээд эдийн засаг, бизнес, цахим шилжилт, түүний дараа л цахим үндэстэн гэж ярих хэмжээнд очно. Хүн бүрийн барьж буй гар утас, тэдгээрийг хаанаас ч хамаагүй интернэтэд холбож буй 4G, шилэн кабель, Фэйсбүүкээс эхлээд хүн бүрийн өдөр тутамд хэрэглэж байгаа системүүдийн ард хиймэл оюун ажиллаж байна. “Чимэгэ” системсийн бүх бүтээгдэхүүний ард ч мөн адил. 

Бид “Чимэгэ” технологи өдөр тутмын хэрэглээ болж чадахгүй байна гэж харж байгаа. Цаг хугацаа болоод өөрийгөө үнэлдэг хэсэг бүлэг хүмүүс л манай хэрэглэгч болсон юм шиг санагддаг. Тиймээс цаашид бид та бүхний цагийг улам хэмнэж, амьдралын стандартыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, шийдлийг санал болгох болно. Өнгөрсөн хугацаанд болхи төлбөр тооцооны систем, байнгын хөгжүүлэлт хийж байснаас болж алдаа гарах, ачаалал хэт ихэдсэнээс болж систем унах асуудал нэлээд гаргалаа. Харин одоо Дата төвийн өргөтгөлөөс бусад асуудлууд цэгцэрсэн. 

Одоогоор бид “Чимэгэ бичээч”, “Чимэгэ уншигч” зэрэг бүтээгдэхүүнүүдээ сайжруулахын сацуу бизнес моделийг нь шинэчилж, технологийн зардлыг нь бууруулахыг хичээж байна. Мөн энэ ондоо багтан Дуудан, Сонур, Монсаб, Чимэгэ транслейтор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гар дээр тавихыг чармайж байна. Хиймэл оюуны судалгааны чиглэлд казак хэлний яриаг автоматаар таних технологийг хөгжүүлж, нарийвчлалыг 90% давууллаа. Мөн эрс бага нөөцтэй халимаг, буриад хэлний шийдлийг судалж, боловсруулж байна. Мөн бид Эгүнэ хэмээх дуут туслахыг бүтээж байна. Түүнийг ашиглан мөн Алекса шиг “Эгүнэ гэр” гэсэн Монгол Смарт яригчийг бүтээх санаа бий. Үүний гол гацаа нь хөрөнгө оруулалт л болоод буй. Цаашид виртуал оператор, виртуал угтагч гэх мэт робот ажилтнуудыг л бүтээхийг зорьж байна даа.

Other news

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг зохион байгуулж байна.Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ажил гүйцэтгэх үнийн санал, үнийн саналын задаргаа, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор batbileg@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь монголчуудын оролцоог хангаж ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь Монголчуудын оролцоог хангаж ажиллана 2022.09.06 УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм. Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа. Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий

ҮЙЛ ЯВДАЛ Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий 2022.04.08 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад айлчлах үеэр www.gogo.mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Дэлхий дахинд e-estonia гэгдэх болсон Эстони улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж шагшигдах болсон бэ. Эстонийн Засгийн газар цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн нууц нь юунд оршдог вэ? -Эстонийн дижитал шилжилтийн бодлого 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараа буюу 1991 онд Эстони тусгаар улс болсон. Тухайн үед төр засагт хүн амын тоо, иргэдийн хувийн өмчийн бүртгэл гэх зэрэг ямар ч мэдээлэл байгаагүй. Иймээс хүн амын тооллогыг дахин явуулахаар болов. 1990-ээд оны эхэнд Засгийн газрын сайдууд бүгд шижигнэсэн залуус байлаа. Тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд 33 настай байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах эрс шийдэмгий алхам хийж, тусгай хөтөлбөр боловсруулсан. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, цахимжуулахаас гадна төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхэх байдлыг халах, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр иргэд төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломж бүрдсэн. 25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм. -Дижитал шилжилтийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ? -1997 онд e-estonia хөтөлбөрийг эхлүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэцдээ дөрөөлөн 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, 2000 онд Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх боломж бүрдсэн. Мөн E-Tax Board системийг нэвтрүүлснээр хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болсон. Өмнө нь татварын мэдээллийг цуглуулахын тулд 250 хүн нэг сар болгон ажилладаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, иргэд таван минутад татвараа мэдүүлж, татварын буцаалтаа тав хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болсон. Тус и-эйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2002 онд E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ, 2005 онд i-Voting үйлчилгээг нэвтрүүлж сонгуулийг цахимаар өгдөг болсон юм. Мөн E-Police, E-Health E-Court, E-Law, M-Parking /Mobile Parking/ үйлчилгээг цахимжуулсан. -Цахим шилжилт Эстонийн төрийн бүтээмж, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн вэ? -Эстонид иргэд төрийн байгууллагын үйлчилгээг уламжлалт аргаар авахын тулд ирж, очих, дараалалд зогсох гээд ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг байсан. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд гэртээ суурин компьютероор нэвтрэн орж, 30 минут л зарцуулдаг болсон. Дээр дурдсанчлан өнөөдөр Эстонид иргэн бүрийн бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан. Дижитал шилжилтийн хүрээнд манай улс өнөөдрийг хүртэл нэг тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар хоёр тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий. -Таны хувьд Монгол Улсад гурван жилийн өмнө айлчилж, e-Mongolia системийн эхлэлийг тавьж байсан. Тухайн үед Монголын нөхцөл байдал ямар байсан вэ? -Цахим засаглалыг хөгжүүлэхэд бодлого, стратеги, дэд бүтэц, технологи, иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван хүчин зүйл маш чухал нөлөөтэй. Гурван жилийн өмнө намайг анх ирж байхад цахим засаглал, дижитал шилжилтийг Монголын төр засгийн зүгээс дэмжиж буйг анзаарсан. Манай улсын “Цахим Засаглал”-ын академи нь дэлхийн олон улсад сургалт, семинар явуулдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд төр засгийн дэмжлэггүй бол аливаа улсад цахим шилжилт хийх хэцүү гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Монголын Засгийн газар цахим шилжилт хийх үйлсэд манлайлал үзүүлсэн нь авууштай. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан. Өнөөдөр Монголд гар утастай, интернеттэй хүн e-Mongolia системийг ашиглах боломжтой. -E-Mongolia системийг хөгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг аппликейшны нэг болсон. Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -E-Mongolia системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт тавьж байсан. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Гэсэн хэдий ч миний ажигласнаар төрийн зарим нэг үйлчилгээг нэгтгэх, багасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн технологийн боловсрол маш чухал. Цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. -Эстонийн “Цахим Засаглал”-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ? -Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан. -Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ? –Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй.   Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг