Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийлээ

2021.11.23

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.23) хамтарсан хуралдаан 10 цаг 22 минутад 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлын эхэнд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулав. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас болон гишүүдээс санал гаргаагүй гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөх шаардлагын талаар хэлж, үүнтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төсөл дээр 67 төрлийн мэдээллийг нээлттэй хэмээн хуульчилж байгаа гэдгийг Н.Учрал гишүүн онцлон тайлбарлаж өгөв. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дууссан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  явуулах үед хуралдаан даргалагчаас болон Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад гарын хурууны хээгээр хязгаарлахгүй байх санал гаргасан тул биометрик мэдээллийг ашиглах талаар, хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, түүнчлэн харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ялаар оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулсан гэв. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний хүсэлтийн дагуу мэдээллийн хуулбарыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгөхөөр тусгасан байна.

Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон бүрэлдэхүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг  2021 оны арван нэгдүгээр сарын 22-ны өдөр хуралджээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцээд дараах саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Үүнд, төслийн 23 дугаар зүйлийн “23.3” дахь хэсгийг 5 дугаар зүйлд шилжүүлэн “5.3” дахь хэсэг болгох саналыг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дахин хэлэлцэхийг  чиглэл өгсөн юм. Мөн Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр өөрчилж, Нийтийн мэдээллийн тухай болон Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай уялдуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтын дугаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн 2.1 дэх хэсэг, 4.1.9, 10.2.2, 13.2.1, 15.3.3 дахь заалтад эшилсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн нэр болон холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэн өөрчлөх болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд хөндөгдсөн асуудал болох Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 43 дугаар зүйлд цахим хэлбэрээр хэлцэл хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг “цахим гарын үсэг” болгож байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 196 дугаар зүйлд тусгагдсан цахим хэлбэрээр гэрээ хийхэд “тоон гарын үсэг”-ийг хүлээн зөвшөөрөх асуудлыг мөн адил “цахим гарын үсэг” болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, холбогдох саналын томьёоллуудыг боловсуурлсан байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эцэст нь энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Other news

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо 2021.08.18 Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам    Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхий Сайдын албан даалгаврын дагуу Засгийн Газрын тусгай сангийн мэдээллүүдийг ил тод болгосоор байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн Газрын “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг надад үүрэг болгосон. Уг албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна. Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд: Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх 7 хоногт нээлттэй байршуулах: нийт 3 сан. БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан Мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 3 сан. БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 7 сан. ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна. ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ИЛ ТОД БАЙРШУУЛАХАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА. Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсон 2023 оны 3-р сарын 27 – ны өдрөөс хойш хугацаанд “Шил” ажиллагааны info@shilen.gov.mn цахим шууданд 99 мэдээлэл хариуцагч байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн бөгөөд тэдгээр мэдээллийн чанар, бүрдэл хангалтгүй байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байршуулахад хүндрэл учруулж байна. Жишээ нь зөвхөн дээр дурдагдсан 9 тусгай санг ил болгоход мэдээлэл хариуцагч байгууллагуудаас албан и-мэйл хаягаар 104 удаагийн нэмэлт материал ирүүлсэн бөгөөд үүний 86.5% нь эхэнд ирүүлсэн мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэт болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байв. Мөн тухайн мэдээлэл хариуцагч байгууллага ирүүлж буй мэдээллээ сайн нягтлаагүйтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол гаргах тохиолдол ч байна. Тус гомдлыг бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нарт шилжүүлэн ажиллаж байна. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН: АЛЬ БАНКАНД ЯМАР НӨХЦЛӨӨР МӨНГӨ БАЙРШУУЛСАН БЭ? Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банканд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцаарай. Байршуулсан мөнгөн хөрөнгийн болон Засгийн газрын бондын хүүгээс хэдэн төгрөгийн орлого олсныг он дараалал, инфографикаар харууллаа. Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг Shilen.gov.mn-д нэгтгэн байршуулав. Ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хэрхэн зарцуулсныг хувь хэмжээтэй нь танилцуулж байна. Жишээ нь, зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулжээ. 2018-2022 оны нийгмийн даатгалын орлого, зарлагыг засаг захиргааны нэгжээр ангилж, газрын зургаас харах боломжтой. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН: ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 58,2 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА. 2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна. Эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 4 хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой. Аль аймаг, дүүрэг хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод, хэд нь эргэн төлөгдөөгүй мэдээллийг мөн байршууллаа. Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймаг 1 тэрбумаас давсан, хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2010 оноос хойш хувь хүн, хуулийн этгээдэд 25,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 17.1 тэрбум төгрөг хэвийн бус төлөлттэй байгаа юм. Хэвийн бус төлөлттэй байгаа 15 хуулийн этгээдийн мэдээллийг ил болголоо. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТА ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО. Нийгэмд үүсээд байгаа Боловсролын зээлийн сангийн зээлдэгч нартай холбоотой мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд иргэд, олон нийт, сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд дүгнэлт хийх, тулган шалгах боломж олгох зорилгоор бодит мэдээллийн эх сурвалж болох Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 1604 суралцагчид хамаарах 269.3 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод байршууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу байршуулсан тус мэдээллээс 2008-аас 2023 оны зээлдэгчдийн мэдээллийг хайлт хийн харах боломжтойгоор нээлттэй байршууллаа. ШИЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ЖДҮ САНД 3 ТЭРБУМ 550 САЯ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЭЭД БАЙНА. Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосноос хойш 3 тэрбум 550 сая төгрөгийн тус тус зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна. ТУСГАЙ САНГУУДЫН ЗЭЭЛДЭГЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭХ ШААРДЛАГАТАЙ. Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоход нийтлэг ажиглагдаж байгаа асуудал нь чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэдэггүй зохицуулалттай байна. Цаашид “Зээлийн мэдээллийн сан”-д эргэн төлөгдөх нөхцөлтэй тусгай сангийн санхүүжилтийн мэдээллийг оруулснаар эргэн төлөлтөд хөшүүрэг болно гэж үзэж байна. Энэхүү саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх болно. “ШИЛЭН ИНДЕКС”: 1,8 САЯ УДААГИЙН ХАНДАЛТ ХИЙГДЭЖ, 345,774 МӨР ӨГӨГДЛИЙГ МЭДЭЭЛЛИЙН САНД ОРУУЛААД БАЙНА.