Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна

2022.02.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна. Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болох юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бол судалгаанд хамрагдсан боловсролгүй иргэдийн 54.8 хувь нь гар утастай байжээ. Мөн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ. Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн: 97.9 хувь нь гар утастай 97,3 хувь нь телевизтэй 80.0 хувь нь интернэттэй 8.1 хувь нь радиотой 9.0 хувь нь суурин утастай 33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246,1 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүний 29 хувь нь тоног төхөөрөмж 69,9 хувь нь үйлчилгээ 0.5 хувь нь программ хангамж 0.5 хувь контент 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулсан байна. ӨРХИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА

Other news

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ 2022.09.21 Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлэхдээ АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна.-Өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны өвөрмөц нөхцөлд хөдөөгийн малчид, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол хэрэгсэл бол харилцаа холбоо, мэдээллийн технологи юм.-Тиймээс ч бид Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69км, газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчид интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн.-Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм.-Ингээд бид бүхний зохион байгуулж буй энэхүү сургалтад салбарын инженерүүд та бүхэн олон улсад амжилттай хэрэгжүүлж буй шинэ, дэвшилтэд технологийн шийдлээр гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг радио FM-р дамжуулах арга механизм, дараа үеийн 5G, 6G технологийн талаар шинэ соргог мэдлэг, ойлголтыг олж авна гэж найдаж байна. Та бүхэн энэхүү сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаарай” гэсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “БНКУ-ын ЦХИСАҮЯ болон Монгол Улсын ЦХИХХЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нэгдүгээрт, Монгол Улсад дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Казахстан Улсаас суралцах хамгийн том туршлага бол хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн. “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжиж байна. Монгол Улс дижитал бизнесийг бий болгох, гарааны бизнесийг хамгаалахын тулд Төв Ази болоод Азийн орнуудад гарцтай байх, мэдээллийн технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэхийн тулд инновац, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, виртуал бүсэд найман төрлийн татварын бус хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хоёрдугаарт, Сансар судлалын чиглэлд БНКУ арвин туршлагатай. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр барилга, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 гаруй цаг тутамд тасралтгүй авах, технологийн дэвшил бий болно” хэмээн ярилаа. БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Ж.Х.Мадиев “Өндөр дээд түвшний айлчлалын үеэр Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бид дижитал эдийн засаг, хиймэл оюун, нэн шинэ технологиудын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Улс цахим шилжилтийн салбарт амжилттай хөгжиж байгаад бидний зүгээс баяртай байгаа бөгөөд цаашид дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн онцоллоо. 2027 ОНД ТАНДАН СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ Энэ үеэр БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК болон Монгол Улсын “АйСиТи Групп” хооронд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. ЦХИХХЯ хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нээлттэй хамтран ажиллаж байна.  ICT группын ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн “Монгол, Казахстан Улс хооронд нэлээд том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байна. Энэ бол Монгол Улсад анх удаа хувийн хэвшил санаачлаад, БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК-тай хамтран, ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, хиймэл дагуулыг захиалгаар хийлгэж, 2027 онд хөөргөхөөр бэлдэж байна” хэмээн ярилаа.