Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Other news

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

ҮЙЛ ЯВДАЛ “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов 2022.01.07 Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг давхар гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг зарлалаа. Тус марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залжээ. Харин чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, засаг мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг түүний дор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль батлан мөрдсөн юм. 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хууль нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг байгуулахаа тунхаглаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, Монгол Улс өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны үндсийг бэхжүүлснээрээ онцлог юм. Монгол марканд анх БНМАУ-ыг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж, 1926 онд Монгол төрийн эрдэнийн алтан соёмбо тэмдэг бүхий шуудангийн марк гаргаснаас хойш 20 гаруй удаа төрийн соёмбо, сүлд, далбаагаар мөн 1964 онд Монгол Улсын Ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” бүтээлээр “Үндсэн хуулийн 40 жил” сэдэвт марк гаргасан байдаг. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаягжилтын асуудлыг шийдэх нь үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй, шуудан, хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдал, аврах ажиллагааны чанар сайжрах, иргэдийн цаг зав, төвлөрөл, эрсдэл буурах давуу талтайг тодотгов. Мөн тэрээр “What3words” компанийн 3 үгт хаягжилтын системтэй “E-Mongolia” академи гэрээ байгуулж эхний ээлжинд онцгой байдал, эрэн хайх, аврах ажиллагаа, шуудан, хүргэлтийн үйчилгээнд ашиглах тал дээр хамтран ажиллаж байгааг дуулгасан бөгөөд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнаран хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ. “What3words” компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр илэрхийлж Google газрын зураг дээр байршлыг заадаг горимтой. Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг цогцоор олгох зорилго бүхий “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний шилдгүүдээр: Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн “Мэлмийт” баг Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “123” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн “Six оf wands” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “Arete” баг Тусгай байр: Elpis, Эх сурвалж, Ойлан, Лоббизм багууд шалгарч, “Шилдэг илтгэгч”-ээр “Elpis” багийн Б.Отгонгүнж шалгарсан юм. Өсвөр үеийнхэн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилчдын цахим орчин дахь зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах талаар ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө.