-Эстонийн “Цахим Засаглал”-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ?

-Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан.

-Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ?

Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй.

 

Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг удаа хөрөнгө оруулалт хийсэн бол тэр нь насан туршийнх гэж буруу ташаа ойлгох үе их бий. Тухайлбал цахим шилжилтийн системүүдийг 10-12 жилд шинэчлэх шаардлагатай.

-Таны хувьд дөрөв дэх удаагаа манай улсад ирээд байна. Өргөн уудам газар нутагтай гурван сая монголчууд бид хот, хөдөө гэлтгүй төрийн үйлчилгээг адил тэгш авах боломж нь хэзээ бүрдэнэ гэж та харж байна вэ?

-Хөдөө орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг байгаа газраасаа ямар ч асуудалгүйгээр авах нь цахим шилжилтийн гол үүрэг нь шүү дээ. Гэхдээ үүний тулд мэдээж дэд бүтэц, технологийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Монгол Улс өргөн уудам нутагтай бөгөөд иргэд нь тархай бутархай оршин суудаг. Гэсэн хэдий ч Монголын үүрэн телефоны операторууд орон нутгуудыг сүлжээнд холбож буй. Тус дэд бүтцэд тулгуурлан e-Mongolia системийн хамт олон цахим аймаг бодлогыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар нийт 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжжээ. Тэгэхээр орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг 100 хувь цахимаар авах тухайд цаг хугацаа харуулна гэж бодож байна.

-Эстонийн “Цахим Засаглал”-ийн академи дэлхийн олон улс оронд сургалт, семинар явуулдаг. Сүүлд Украин улсад цахим шилжилт хийх асуудлаар зөвлөгөө өгч, чиглүүлж байсан. Украин улсын хувьд 2024 онд төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулна гэсэн зорилт тавьж байсан. Гэвч өнөөдөр тус улсад онцгой нөхцөл байдал үүсээд байна.

-Украин улс дайны нөхцөл байдлын үед ч гайхамшиг бүтээсээр байна. Хоёрдугаар сарын 24-нд дайны нөхцөл байдал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 3 сая орчим хүн Украинаас дүрвэн гарсан. Мөн долоон сая хүн улс дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн гэсэн тооцоо бий. Тэгэхээр эдгээр хүмүүс бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухгүй байгаа гэсэн үг.  Харьков, Мариуполь зэрэг хотууд бөмбөгдөлтөд өртөж, барилга байшингууд нь нурсан. Дайны нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Харин энэ үед иргэд төрийн үйлчилгээг шаардлага гарахад Украины Засгийн газраас үүнийг цахимаар олгож буй юм. Монголтой адил Украинд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой болсон нь өнөөдөр дүрвэгчдэд маш их туслалцаа үзүүлж байна.

Эстонийн туршлага олон улсад маш сонирхолтой. Өнөөдрийн байдлаар манай академи Албани, Косово, Монтенегро, Серби зэрэг баруун Балканы орнуудад сургалт, семинар орж байгаа. Мөн Номхон далайн орнууд болох Самоа, Тонго, Барбадос зэрэг улсуудтай хамтран ажиллаж байна.

-Эстони улс цахим хөгжлөөрөө Европын холбоог тэргүүлдэг. Энэ салбарт 25 жилийн туршлагатай ч цахим засаглал, шилжилтийн хүрээнд сайжруулах, шинэчлэх ажлууд байгаа байх. Үүнээс хуваалцахгүй юу?
-Инээдтэй сонсогдож магадгүй гэхдээ бид төрийн үйлчилгээний цахим хэрэглээг илүү хялбар болгоход анхаарлаа хандуулна. Одоогийн байдлаар Эстонид зөвхөн суурин компьютероос төрийн үйлчилгээ авах боломжтой нь зарим иргэдэд чирэгдэл учруулж байна. Цаашид энэ асуудлыг шийдэх тал дээр ажиллана. Мөн цахим шилжилтэд хиймэл оюун ухаан ашиглах талаар судалж байна.

-Ярилцсанд баярлалаа.