Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно
ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно 2022.10.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын байрны шаардлагад хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг ЦХХХ-ны сайд Н.Учрал баталлаа. Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их дээд сургуулийн дипломын боловсрол эзэмшээгүй ч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломж олгож байна. Жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө. Share on facebook Share on twitter Бусад мэдээ