Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Пипл Ин Нийд” ОУТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Цахим Үндэстэн” баримтлах чиглэл, “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2022-2026” зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, чиглэлийн дагуу бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.
“Пипл Ин Нийд” ОУ-ын төрийн бус байгууллага нь Монгол Улсаас гадна дэлхийн 24 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүмүүнлэгийн болон хөгжлийн туслалцаа үзүүлэх, хүний эрх ба ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах, нийгэм, боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг бол “Фаро Фаундэйшн” ТББ нь Монгол Улс дахь цахим сүлжээ болон тоон бичиг үсгийн зөв хэрэглээг хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэсэн цахим орчин дахь аюулгүй байдал, хүүхэд хамгааллын хөтөлбөр, цахим сүлжээний зохистой хэрэглээ, цахим гэмт хэргийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.