Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 4 дэх жилдээ 19 төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэхүү төвийн үйл ажиллагаатай 9 дүгээр сарын 13-ны өдөр “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг танилцлаа.
Тус төв нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж, долоо хоног тутамд 600-1700 орчим хүн, хуулийн этгээд, иргэнд үйлчилж байна.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр хуулийн хүрээнд 158 камерыг аймгийн төвд байршуулж, нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хянан ажиллаж байна. Энэ нь хотын соёлыг төлөвшүүлэх гол чиг үүрэгтэйгээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд Цагдаагийн байгууллагатай нягт холбоотойгоор ажилладаг талаар дээрх байгууллагын дарга Б.Анхтуяа хэлж байна.
Мөн тус байгууллагын байранд Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс энэ оны 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 35 байгууллагын 440 орчим үйлчилгээг иргэдэд хүргэж байна.