ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.11.28/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажилласан.
Н.Учрал сайд өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласанд хат. Димовскад талархал илэрхийллээ. Цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн юм.