Уулзалтын эхэнд Засаг дарга Б.Цэрэннадмид “Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяныг санаачлан, зохион байгуулж буй ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, гишүүн байгууллагуудад талархаж буйгаа илэрхийлээд, аймгийн цахим шилжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Засаг дарга Б.Цэрэнннадмид: Архангай аймаг цахим засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний хэлтсийг байгуулж, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн лавлагааны цэг, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын лавлагаа, аймгийн Монгол шуудангийн салбар зэрэг 4 байршилд “Хурдан” цэгийг байгуулж, иргэдэд үйлчилгээг үзүүлж байна. И-Монгол системд аймгийн 38068 иргэн бүртгэлтэй ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 638061 хүсэлт ирүүлсэн нь улсын дундажтай харьцуулахад 14 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Аймгийн цахим шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тэрээр дэд бүтэц, технологийн хүртээмжгүй байдал, цахим технологийн хэрэглээ хязгаарлагдмал, иргэд, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар сул, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологи нэвтрүүлэх, нутагшуулахад зардал өндөр, санхүүжилт дутмаг, төрийн байгууллагуудын техник, технологийн шинэчлэл удаан зэрэг хэдэн хэдэн шалтгааныг дурдсан юм.
Уулзалтын үеэр Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах зорилгоор Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамиртай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.