Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форумын хүрээнд Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны Шуудангийн үйлчилгээний бодлогын газрын дарга Юүжи Аоки, дэд дарга Ёшики Хорио нартай уулзсан уулзалтаар Япон Улсын логистик, түгээлтийн сайн туршлага, логистикийн нэгдсэн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон энэхүү төв нь зөвхөн шуудангийн үйлчилгээ төдийгүй цахим худалдаа, ачаа, логистикийг хөнгөвчлөх, хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Япон улсын хувьд Дэлхийн Шуудангийн Холбооноос гаргадаг “Шуудангийн хөгжлийн индекс”-ээр топ улсын нэг, шинийг санаачлагч, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч улс тул шуудангийн үйлчилгээгээ хэрхэн цахимжуулсан болон тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд байгальд ээлтэй технологийн дэвшлийн шийдлийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв.
Уулалтын төгсгөлд Монгол Улсын шуудангийн салбарын үр ашиг, найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хоёр улсын харилцааг өргөжүүлж, бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, ойрын хугацаанд ажил хэргийн уулзалт дахин хийхээр тохиролцов.