Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага болон Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны хүрээлэнгээс хамтран “Ази-Номхон далайн бүс нутгийн хиймэл дагуулын үйлчилгээ,үндэсний зохицуулалтын тогтолцоо, түншлэл” семинарыг 2024 оны 10 дугаар сарын 1 – 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Тус семинарт 14 орны зочид төлөөлөгчид оролцож, өөрсдийн орны үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр, түүний зохицуулалтын механизмын талаар сайн туршлагаа хуваалцаж байна.
Тус семинарын нээлтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү үг хэлэхдээ, өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсад алслагдсан орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүргэх нэг шийдэл нь хиймэл дагуулын үйлчилгээ болохыг онцлон үндэсний хиймэл дагуул төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед бусад улс орны туршлага судлах боломжийг энэхүү семинар олгож байна гэдгийг онцоллоо.
Хоёр өдрийн туршид үргэлжлэх семинарт АНУ, Азербежан, Бангладеш, Индонез, Малайз, Пакистан, Бутан, Камбож, Лаос Непал, Шри Ланка зэрэг улс орнууд өөрсдийн туршлага хуваалцах юм.