Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан салбар болон харьяа байгууллагын ахмад, Холбооны сайд, орлогч сайдаар ажиллаж байсан буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Хамтарсан Засгийн газар бүрэлдсэн энэ үед яамны бодлогыг танилцуулж, урт хугацааны хөгжлийн зорилтын талаарх яриа өрнүүлж, ахмадуудаас үнэтэй сургамж сонсов.
Тэрбээр “Салбарыг амжилттай усалж, хүчээ өгч, оюун санаагаа чилээж буй эрхэм азай буурлууд ахмадууддаа баярын мэнд хүргэе. Мөн УИХ-ын намрын чуулган эхэлсэн ажил хэрэгч өдрийн мэнд дэвшүүлье. Харилцаа холбоо нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур, инновацийг хөгжүүлэх, эдийн засгийн шинэ хөгжлийг жолоодож, жигүүрлэж буй салбар. Анх удаа УИХ 126 гишүүнтэй болж, төр улсын түүхэнд гурван намын төлөөлөл засаг байгуулж, гар нийлэн ажиллахаар зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь инновацийн төсөл юм. Улс орны эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, шинэ эдийн засгийн суурийг бэхжүүлэхэд тус салбар чухал нөлөөтэй. Харилцаа холбооны салбарын ахмад ажилчдын олон жилийн хичээл зүтгэлийн дүнд Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 46-р байрт орлоо. Анх удаа тус индексээр эхний 50 байрт орлоо. Та бүхний хариуцаж байсан салбар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн хурдасгуур болж, бусад салбараа түүчээлж байна. Энэ бол та бүхний гавьяа. Ахмадуудынхаа арвин туршлага, оюун санааг боловсрол, хөдөлмөрийн зах зээлд шингээхийн тулд зөвлөл байгуулахаар зорьж байна. Засгийн газартай хамтран ажиллах, зөвлөх ахмадуудад нээлттэй. Та бүхнийг оюун ухаанаа зориулж, улсын хөгжилд гар бие оролцохыг урьж байна. Нийлээд салбарынхаа хөгжил, ирээдүйн төлөө зүтгэе” хэмээн ярилаа.
Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг бүхий л салбарын хөгжлийн хурдасгуур болж хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банктай хамтран “Ухаалаг Засаг – 2” төслийн хүрээнд ахмадуудын цахим ур чадварыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ахмадуудын цахим ур чадварыг сайжруулсанаар тэд төрийн цахим үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломж нь бүрдэх юм.