Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа.
Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр болон салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцов.
Сүүлийн 10 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд талархалтай хандаж, технологийн хувьд хэд хэдэн зүйлсийг тодруулж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хэлэхдээ, Үндэсний хиймэл дагуул төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батална. Иймд тус мега төсөлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй хэлэлцэгдэнэ гэдгийг онцлов.
Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болсноор:
- Харилцаа холбооны бие даасан системтэй болж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажууна.
- Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ.
- 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно.
- ААН байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээ нэвтрүүлж, бизнес үйл ажиллагааг дэмжинэ.
- Шилэн кабель шинээр татаж интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөг хэмнэнэ.
- 5G, IoT зэрэг шинэ технологиудын нэвтрэлтийг дэмжиж, аж үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
- Иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах боломж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.