Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

2022.12.26

Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,
– Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,
– Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ. 

Бусад мэдээ

Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана 2022.07.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ирланд улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог билээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Инновацыг нэвтрүүлж, иргэн төрийг өндөр технологиор холбоно

Хүний эрхийн өдөрт зориулан ХЭҮК, УИХ-ын Тамгын газар, ЦХИХХЯ хамтран судлаач оюутнуудыг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од тус яаманд хүний эрх хэрхэн хангагдаж байна вэ, 2024 онд хэрэгжүүлэх дүрэм журмын хэрэгжилтийн талаар судлаач оюутнуудад мэдээлэл өгөв. Мөн “2025 онд цахим шилжилтийг эрчимжүүлж, шуудан, харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дроны тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа” гэж дурдлаа. Төрийн үйлчилгээг цахимжуулахдаа тоонд бус чанарт анхаарч, иргэддээ хүрсэн цомхон үйлчилгээг “e-mongolia” системээр дамжуулан хүргэхээр зорьж буй. Одоогийн байдлаар тус платформоор 1,9 сая иргэн үйлчлүүлээд байна. Мөн инновацыг нэвтрүүлж, иргэн төрийг өндөр технологиор холбох, бизнес загварыг хөгжүүлж, олон улсад экспортлохыг зорьж буй. Технологи хөгжихийн хэрээр кибер аюулгүй байдлыг хангах нь шүдний өвчин болдог. Энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэж, мэдээллийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудыг эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг тооцоолох шаардлага ч үүссэн. Тиймээс мэдээллийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх хамтарсан журмыг ч батлаад байна. УИХ-ын даргын захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гишүүд эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр танилцах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд их дээд сургуулиудын судлаач оюутнууд өнөөдөр ЦХИХХЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, 2024 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болгох Засгийн газрын тогтоол тус тус гарсан. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьжээ. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг батлан, хэрэгжүүлж байна.

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

ҮЙЛ ЯВДАЛ Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд 2022.03.01 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. BSI групп 2014 онд “Ухаалаг хот” хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно. Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.  Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video) Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг. Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video) Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг. Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS) Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ. Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж. Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS) Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой. Хятад, Шэньчжэнь хот – Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS) БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ. Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud) Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна. Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud + Видео) Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой. Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud) Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой. АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud) АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг. Дубай хот – Ухаалаг хяналтын төв Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ. Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ