Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

2022.12.30

Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.

“Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ?

Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.  

Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм.

Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ?

2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн.

Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ?

Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ?

Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ.

Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн.

Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ?

Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн.

Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Бусад мэдээ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож, Монгол Улсын телевизийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцууллаа. Арга хэмжээний үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үндэсний телевизийн фестивалийг зохион байгуулж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зан Мин болон Төрийн радио, кино, телевизийн захиргааны орлогч дарга Ян Гуо Руй, Жянсу мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн сайд Жан Ай Жүн Жянсу мужийн дэд захирагч Шү Инг нарт энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлье. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсаар дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монгол Улсад төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, телевизийн салбарт хамтран ажиллах, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх, боловсрол олгох, зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа онцлов. Энэхүү арга хэмжээнд 8 улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, өргөн нэвтрүүлгийн салбарын өнөөгийн байдал, соёлын хамтын ажиллагааг ахиулах, радио, телевиз, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлэг, телевизид нэвтрүүлж буй шинэ техник технологийг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр сайн туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

Харилцаа холбооны анхны яамны сайд Дэчингийн Дэндэв

Харилцаа холбооны анхны яам байгуулагдсны 80 жилийн ойд Харилцаа холбооны анхны яамны анхны сайд Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 19 наснаас 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад, ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Тэгээд цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны дарга болж, 1928 оны 9 дүгээр сарын 20-нд тэрхүү салааг цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамныхолбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар ажиллав. Холбооны суманг өргөтгөн, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгоход хорооны даргаар томилогдсон юм. 1932 оны намар Москва хотноо Фрунзийн нэрэмжит Цэргийн академид суралцахаар явсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиа төгсч чадалгүй буцаж ирсэн. Цэргийн яамны дайчилгааны туслах, цэргийн ерөнхий сургуулийн шгабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байсан. БНМАУ-ын СЗ-ийн шийдвэрээр Д.Дэндэвийг 1939 онд Харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооны даргаар томилж, БНМАУ-ын СнЗ-ийн 1939 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор улс орны цэрэг дайны байдалтай уялдан “Холбооны байгууллагуудын ажлыг шинэчлэн зохион байгуулах, холбооны аж ахуй ба түүний аппаратыг бэхжүүлэх,     холбоог     цэрэгжүүлэх     тухай     шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн үүрэг даалгавар өгсөн байна. Тодоруулга: Дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн Хятад-Японы хоёрдугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц, АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан “Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу “Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө” гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур, Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа. Г.Ш Д.Дэндэв энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд харилцан нэвтрэлцэх ерөнхий захирах газрын бүх дарга, улс төрийн ажилчид, албан хаагчид, холбоочдод цэрэгжүүүлсэн холбооны албаны дотоод дүрэм, сахилга батын журмыг дагаж ажиллахыг анх удаа зарлан мэдэгдэж, хил хязгаарын түгшүүртэй үед холбооны бэлэн байдлыг хангаж, эх орныг батлан хамгаалахад холбоочин нэг бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, шинэ нөхцөл байдалд харилцаа холбоог чадамгай удирдан зохион байгуулсан зүтгэлтний нэг байлаа. Д. Дэндэвийн идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд 1939 онд ЗХУ- аас холбооны төрөл бүрийн мэргэжлийн 450 гаруй хүмүүсийг ЗИС-5 маркийн 90 гаруй машин, элдэв техник, материалын хамт ирүүлэн, манай улсын хил хязгаарын онцгой байгууллагын холбооны шугам утсыг сэлбэн засч, Шарангатаас Өлгийн хийд, Сулинхээр хүртэл 440 км газар шинээр шугам байгуулж, Өндөрхаанаас Сайншанд, Мөнххаан хүртэл 320 км, Мөнххаанаас Аржаргалант хүртэл 360 км, Улаанбаатараас Өндөрхаан хүртэл 330 км хуучин шугамын нэг километр дэх баганыг 16 болгож багана хоорондын зайг ойртуулан бэхжүүлж, Улаанбаатар хотын телефон цэг 900 байсныг 1200 болгон нэмэгдүүлжээ. Улаанбаатарт анхны АТС-ыг 200 дугаарын багтаамжтайгаар тавив. 1939-1940 онд Өмнөговь, Увс, Цагааннуур, Сүхбаатар, Хатгалд 30- 50 дугаарын багтаамжтай гар телефон станцыг шинээр байгуулж, Ховд, Завхан аймгийн телефон станцыг 100 хэрэглэгчийн багтаамжтай болгон өргөтгөжээ. 1946 оны 6 дугаар сараас аймаг сумын доторх шуудангийн ажлыг аймгийн холбооны холбоодод бүрэн шилжүүлж сумдын шууданг морин өртөөгөөр хүргэх болсон байна. Шинээр байгуулагдсан Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн холбооны газрын барилгыг барьж, хот хоорондын гол шугамыг байгуулж, ашиглалтанд оруулжээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газрыг БНМАУ-ын Холбооны яам болгон өргөтгөж, Дэнчингийн Дэндэвийг тус яамны анхны сайдаар томилжээ. Д.Дэндэв сайдын ажлыг 1946 он хүртэл гүйцэтгэж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Ардын хувьсгалын партизан Д.Дэндэвийн гавьяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, ЗХУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар тус тус шагнажээ. Эмхэтгэсэн Г. Шаравдэмбэрэл УТТА. Данс -1, сх-40 ХН-86 БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1944 ОНЫ 5 САРЫН 9 НЫ ӨДӨР ГАРГАСАН 29 –Р ТОГТООЛ Харилцаа холбооны ерөнхий хороог харилцаа холбооны яам болгон өөрчлөн байгуулах тухай. БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС ТОГТООХ НЬ: Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга                       Бумцэнд Нарийн бичгийн дарга                                                         Баяр Тэргүүлэгчид                                                                         Цэдэнбал Янжмаа Жамилай Дашзэвэг Манай анхны яамыг байгуулсан Улсын бага хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя. Зураг-1 “Улсын бага хурлын тэргүүлэгчид Ерөнхий сайдтай “ хэмээх зураг зүүн гар талаас, Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Алтангэрэлийн баяр, Улсын бага хурлын орлогч Яхирын Ёндон, Ерөнхий сайдын 1 –р орлогч Сүрэнжав, Улсын бага хурлын тэргүүлэгч Юмжаагийн Цэдэнбал, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэнд, Сайд нарын зөвлөлийн дарга улсын маршал Хорлоогийн Чойбалсан, Улсын бага хурлын тэргүүлэгч Төмөрийн Дашзэвэг, Улсын бага хурлын тэргүүлэгч Нэрэндэйн Янжмаа, Улсын бага хурлын тэргүүлэгч А. Жамилай нар