“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж буй “Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр (2023.06.14) Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Хүүхдийг цахим орчноос хамгаалах техник, технологийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос хамгаалах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд ЦХХХЯ онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 200 гаруй төлөөллүүд оролцож 6 хэсэгчилсэн хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс дахь цахим орчны хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаарх түргэвчилсэн үнэлгээ болон санал болгож буй цахим орчны хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны хүрээг тодорхойлоход хувь нэмэр оруулах, хэлэлцүүлгээр дамжуулан хүүхдэд аюулгүй цахим орчныг бүрдүүлэхийн чухлыг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой юм.