Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:
- Талууд үндэсний хэмжээний тулгамдсан асуудлуудыг харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр туршлага хуваалцах;
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, инновац, гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах;
- Шинэ болон нэн шинэ технологи, шинжлэх ухаан, өндөр технологийн чиглэлээр мэдээллийн технологийн парк, академи болон бусад байгууллагуудын сайн туршлагыг хуваалцах, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтран ажиллах;
- Хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ, өндөр хүчин чадалтай тооцоолол, блокчейн, зүйлсийн интернэт зэрэг нэн шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, хиймэл оюун дээр түшиглэсэн шийдлийг улсын байгууллагуудад нийлүүлдэг платформын талаар туршлага судлах талаар хамтран ажиллахаар зорьж байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “БНКУ-ын ЦХИСАҮЯ болон Монгол Улсын ЦХИХХЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нэгдүгээрт, Монгол Улсад дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Казахстан Улсаас суралцах хамгийн том туршлага бол хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн. “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжиж байна. Монгол Улс дижитал бизнесийг бий болгох, гарааны бизнесийг хамгаалахын тулд Төв Ази болоод Азийн орнуудад гарцтай байх, мэдээллийн технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэхийн тулд инновац, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах шаардлага бий.
Энэ хүрээнд гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, виртуал бүсэд найман төрлийн татварын бус хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Хоёрдугаарт, Сансар судлалын чиглэлд БНКУ арвин туршлагатай. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр барилга, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 гаруй цаг тутамд тасралтгүй авах, технологийн дэвшил бий болно” хэмээн ярилаа.
БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Ж.Х.Мадиев “Өндөр дээд түвшний айлчлалын үеэр Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бид дижитал эдийн засаг, хиймэл оюун, нэн шинэ технологиудын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Улс цахим шилжилтийн салбарт амжилттай хөгжиж байгаад бидний зүгээс баяртай байгаа бөгөөд цаашид дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн онцоллоо.
2027 ОНД ТАНДАН СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ
Энэ үеэр БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК болон Монгол Улсын “АйСиТи Групп” хооронд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ЦХИХХЯ хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нээлттэй хамтран ажиллаж байна.
ICT группын ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн
ICT группын ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн “Монгол, Казахстан Улс хооронд нэлээд том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байна. Энэ бол Монгол Улсад анх удаа хувийн хэвшил санаачлаад, БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК-тай хамтран, ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, хиймэл дагуулыг захиалгаар хийлгэж, 2027 онд хөөргөхөөр бэлдэж байна” хэмээн ярилаа.