Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын дэд зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн сонсгол энэ сарын 9-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд /ЦХИХХЯ/ боллоо.
Тус сонсголоорхөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахын тулд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв . Тухайлбал, ЦХИХХЯ-наас Үндэсний зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан үндсэн 1, хамтран хэрэгжүүлэгч 7, салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан 15 ажлыг гүйцэтгэжээ. Дээрх төлөвлөгөөний хэрэгжилт 90.6-100 хувийн гүйцэтгэлтэй байна.
ЦХИХХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй 2 мэргэжилтнийг зайнаас буюу цахимаар ажиллуулж байгаа бол Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт /ТЦҮЗГ/-т 8, И-Монгол академид 2, Мэдээлэл холбооны сүлжээ компанид 52, Монгол шуудан ХК-д 40, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т 11, Монголын цахилгаан холбоо ХК-д 12 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна.
Өнгөрсөн жил e-mongolia системээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн гурван төрлийн үйлчилгээг нэвтрүүлснийг дахин загварчилж, ангилж оруулжээ.
Үүнд,
*Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх
*Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /Монгол-Англи/
*Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг багтана.
Мөн И-Монгол академиас “e-mongolia” системийг шинэчлэхдээ “Чимэгэ” системтэй хамтран дуу хоолойг бичвэр болгох технологийг нэвтрүүлжээ. Тус академиас сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан видео дуудлагын үйлчилгээг e-mongolia.mn сайт дээр байршуулж, зайнаас зөвлөн туслах төвийн шууд мэдээлэл шуурхай удирдлага руу шилжүүлэн хамтран ажиллахаар албан бичгийг хүргүүлсэн.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ТЦҮЗГ-аас Дархан-Уул, Өвөрхангай, Орхон аймагт өөртөө үйлчлэх 3 цэгийг байгуулан үйл ажиллагааг эхлүүллээ. Нийслэлд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 1, 21 аймагт тус бүр 1, нийт 22 тусгай хэрэгцээт төрийн цахим үйлчилгээний КИОСК машиныг байршуулсан. Нийслэлийн 6 дүүргийн 60 хороонд “ХУРДАН” цэгийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 “ХУРДАН” цэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн дараалалгүй үйлчлүүлэх тэмдэг байршуулан үйлчилгээ үзүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Засгийн газраас цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хэрхэн авах талаар заавар, зөвлөмж бүхий контентыг ТВ-5, 25ТВ, UBS-1 сувгуудаар олон нийтэд хүргэжээ.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хүүхдэд зориулан гаргасан “Санготай хамтдаа цахим аюулгүй байдлаа хамгаалъя” 5 ангит цуврал видео хичээлийг монгол хэл дээр хөрвүүлэн, дохионы хэлний болон хадмал тайлбартайгаар бэлтгэн цахим орчинд болон телевизээр түгээсэн.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтэд зориулсан 3 видео контентыг дохионы хэл болон хадмал тайлбартайгаар олон нийтэд цацжээ.
И-Монгол академи болон ТЦҮЗГ, Мэдээлэл технологийн үндэсний парк харааны бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн И-Монгол академи, Мэдээлэл технологийн үндэсний паркаар дээрх иргэд үйлчлүүлэх орц, гарцыг саадгүй хүртээмжтэй болгожээ. Түүнчлэн БНСУ-ын NIA байгууллагын дэмжлэгээр МТҮП-ын 1 давхарт цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээлэл хандалтын төв” байгуулагдсан.
Монгол шуудан ХК нь Улаанбаатар хотын Төв шуудангийн үйлчилгээний салбар, Марк, үнэт цаасны хэлтэс, Улс хоорондын агаарын шуудан ялган боловсруулах төв, 37 болон 21-р салбар нийт 5 обьектоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх орц гарцыг бий болгожээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дээрх ажлууд хийгдсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Мэдээллийг цаг” арга хэмжээг 2024 оны 3-р сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Монголын хараагүйчүүдийн холбоо ТББ, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн инновац хөгжлийн төв ТББ, Тэгш оролцоо ээлтэй нийгмийн ТББ, Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын холбоо ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон тус яамны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах салбарын орон тооны бус зөвлөлийн гишүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим үйлчилгээ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын вэб хуудас болон аппликейшн ашиглахад хүнд хүртээмжгүй байдлын талаар ярилцаж, санал солилцов.