Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

2022.05.01

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.

Бусад мэдээ

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ. Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна. Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна. Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна. Эх сурвалж: www.precedenceresearch.com

“Хакатон-2024” (Open data hackathon) тэмцээн эхэллээ

Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн өнөөдөр (2024.09.02) Мэдээллийн технологийн үндэсний паркад эхэллээ. Тэмцээнд оролцогч багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн загваруудыг боловсруулж, нээлттэй өгөгдлөөс гадна бусад эх сурвалжаас олж авах, ашиглахыг зөвшөөрдөг холбогдох вэб өгөгдөл болон API-уудтай нэгтгэн ашиглах боломжтой юм. Тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Нийслэлийн Бизнес инновацын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.

ЦХХХЯ-ны албан хаагчид бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах талаар вакум сургалтад хамрагдлаа

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын санаачилгаар ЦХХХЯ, НҮБХХ-ийн төслийн баг хамтран 2023.10.18.19-ний өдрүүдэд “Цахим эдийн засаг” сэдвийн хүрээнд бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах онол, практик хосолсон 2 өдрийн вакум сургалт, семинарыг ЦХХХЯ-ны нийт албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтын эхэнд НҮБХХ-ийн Төслийн үндэсний зохицуулагч Т.Дэлгэрнаран, НҮБХХ-ийн Төслийн зөвлөх Ц.Мөнхтуяа нар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай арга зүйнүүдийн уялдсан байдал”, “Бодлогын нэгдмэл байдал”, “Бодлого боловсруулахад дизайн, болон системийн сэтгэлгээг ашиглах нь” талаар танилцуулга, мэдээлэл хүргэв. Сургалтын зорилго нь системийн сэтгэлгээ, ирээдүйн бодлогын хувилбарууд гаргах, зорилгод хөтлөгдсөн инновацын хэрэгслүүдийг ашиглан цахим эдийн засгийн өнөөгийн асуудлыг оновчлон томьёолох, хөгжлийн бодлогын төслийн саналыг дизайн сэтгэлгээний арга зүйн воркшопын явцад гаргах ач холбогдолтой юм. Сургалтын явцад албан хаагчид асуудлыг оновчлон томьёолох, тогтолцооны зураглал гаргах, бодлогын шийдлийн саналууд гаргах, өөрчлөлтийн онолын дагуу үр дүнгийн хүрээ, логик загвар гаргах, бодлогын хяналт, шинжилгээ үнэлгээ, мониторинг хийх, шалгуур болон түлхүүр үзүүлэлт тодорхойлох үе шатат бодлого боловсруулан багаар ажиллаж, үр дүнг хэлэлцлээ.