Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар 100 жил: Монголын радио спортын холбооны тухай

2021.08.09

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Монголын радио спортын холбооны тухай мэдээллийг хүргэж байна. Радио сонирхогч гэдэг мэргэжил радио анх зохион бүтээгдсэн үеэс эхлэн дэлхийн улс орнуудад тархан радио техникийн үйлдвэрлэл болон харилцаа холбооны хөгжилтэй зэрэгцэн хөгжиж ирсэн юм. Радио сонирхогчийн үйл ажиллагаа дэлхийн II дайны үед буюу дайны ард талд тагнуулын үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдолтой байжээ. Зөвлөлт Холбоот Улсад радио сонирхогчийн хөдөлгөөн 1920 оноос эхэлж, онц идэвхитэй хөгжсөн бөгөөд тэр нь яваандаа спортын хэлбэрт шилжсэн байна. Радио спорт нь богино долгионоор холбоо барих болон эсрэг талынхаа холбоог олж илрүүлэх гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг бөгөөд сүүлчийнх нь ЗХУ-д “Үнэг агнах” гэж нэрлэж байв. Радио спортын тамирчид радио техникийг бүрэн эзэмшиж чаддагийн зэрэгцээ өөрсдийнхөө холбооны хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж ашигладаг байлаа. Радио сонирхогчдын зохион бүтээж байсан хэрэгслүүдээс үйлдвэрлэлд нэвтэрч технологийг шинэчилж байсан тохиолдол ч олон байдаг. Радио сонирхогчдын үйл ажиллагаа дэлхийн II дайны жилүүдэд улам идэвхитэй хөгжсөн бөгөөд тэд дайсны ар талд явуулах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв. Радио спорт нь хөгжлийнхөө эхний шатанд богино долгионы царааг өргөн ашиглаж байсан бөгөөд энэ ажилд нь туслахын тулд олон улсын радио давтамжийн хяналт хуваарилалтын байгууллага радио сонирхогчдын ажиллах богино долгионы цараануудыг хуваарь тогтоож баталсан. Радио богино долгиончид (богино долгионоор холбоо баригчид) бол аль ч улсын цэргийн холбооны гол хэрэгсэл байдаг учир цэргийн байгууллагаас богино долгионы спорт сонирхогчид олноороо төрөн гардаг байна. Монголын Радио спортын холбоо 1967 онд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад Радио спортыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагджээ. Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Гарам-Очир, С.Ганбаатар, О.Шаалуу, Ч.Чадраабал, Т.Гантөмөр нар, Нарийн бичгийн даргаар Н.Хосбаяр, Ж.Батжаргал, А.Даваадорж нар амжилттай ажиллаж байв. Өнөөдөр холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Батжаргал, Нарийн бичгийн даргаар З.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. Монголын Радио спортын холбоо үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл жил бүр уламжлал болгон Радио спортын дараах тэмцээнүүдийг зохион байгуулан явуулж байна. Үүнд: Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох /РСНО/ буюу Үнэг агналтын төрөлд: – Спортын бага зэрэгтэй болон шинээр эхлэн суралцагсдад зориулсан “Хаврын тэргүүн” тэмцээн. Уламжлалт 144МГц-ийн төрөлд, эрэгтэй эмэгтэй ангилалд явагдаж байна. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Уламжлалт 144МГц, 3.5МГц, Фоксоринг, Спринт төрлүүдэд, W19, W21, W35, M19, M21, M40 ангилалуудад явагддаг. Тус холбоо Олон улсын Радио сонирхогчдын холбооны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох (РСНО) тэмцээнийг 2001, 2007, 2017 онуудад өөрийн орондоо амжилттай зохион байгуулж явуулсан. 2019 оноос эхлэн РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа Холбооны зохицуулах хороо ивээн тэтгэж нэрэмжит тэмцээнээ болгон явуулж байна. РСНО Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 1:5,000-1:20,000 масштабтай спортын газрын зураг ашиглан явуулдаг. Өндөр хурдны Телеграфын /ӨХТ/ төрөлд: – Спортын бага цолтой болон эхлэн суралцагчдын “Залуу Морзчин” тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд эрэгтэй, эмэгтэй ангилалд явагддаг. – Улаанбаатар хотын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. – Улсын Аварга шалгаруулах тэмцээн. Хүлээн авах, Нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдэд Эмэгтэй А, Б болон эрэгтэй ангилалд явагддаг. Сонирхогчийн Радио холбооны төрөлд: – Манай радио сонирхогчид Дэлхийн АШТ болон бусад олон улсын тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргаж байдаг. 2015 оноос эхлэн тус холбоо ӨХТ-ын тэмцээнүүдийг Олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж Нэвтрүүлгийн төрөлд HST2006, хүлээн авалтын төрөлд ZEUS зэрэг програмуудыг ашиглаж эхэлснээр тамирчдын амжилт, ур чадвар эрс дээшилж байна. Эдгээр програмуудыг ашигласнаар тэмцээний шүүлтэд ямар нэг алдаа гарах асуудал үгүй болж эцсийн дүн үнэн зөв гардаг болсон юм. 2019 оноос эхлэн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах РСНО тэмцээнүүдэд Foxoring, Sprint зэрэг Олон улсын тэмцээнд шинээр орсон төрлүүдийг нэвтрүүллээ. Радио спортын эдгээр шинэ төрлүүдийг CONTEST2012 болон FOXORING зэрэг орчин үеийн нэвтрүүлэгчийг худалдан авч ашиглаж байна. МРСХ-ноос Радио спортын төрлүүдийг улс орондоо хөгжүүлэх талаар хийсэн олон ажлын үр дүнд манай радио спортын тамирчид Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнүүдээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэний зэрэгцээ Сонирхогчийн радио холбооны тамирчин Ч.Чадраабал Олон улсын хамгийн том тэмцээн болох World Wide DX Contest тэмцээнээс 2010 онд Алтан медаль, Радио сонирхогчийн Нэвтрүүлэгч олох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд Ш. Одончимэг Уламжлалт 3.5МГц-ийн төрөлд W35 ангилалд хувийн дүнгээр Хүрэл медаль, мөн ангилалд багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар Хүрэл медаль, Өндөр хурдны Телеграфын 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ С.Буянтогтох Хүрэл медаль, 2018 оны ДАШТ-ээс С.Буянтогтох Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар Хүрэл медаль тус тус хүртсэн өндөр амжилтыг гаргаад байна. Манай тамирчдын хүртсэн эдгээр Алт, Мөнгө, Хүрэл медалиуд нь радио спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монголын анхны медалиуд юм. ОУХМ С.Буянтогтох нь Өндөр хурдны Телеграфын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны Ази тивийн эмэгтэй тамирчин юм. ОУРСХ-ны 3-р бүсийн буюу Ази, Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах РСНО тэмцээнээс Алт, Мөнгө, Хүрэл медалийг Э.Майбаяр, Э.Мөнхдэлгэрэх, А.Ариунаа, А.Халиунаа, М.Сумьяа, Э.Ганбаатар, Э.Батболд, Х.Цогтбилэг, Э.Тамир, Ц.Мөнхбаяр, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэнд-Аюуш, Т.Лхаасүрэн, Д.Баттүшиг, Ж.Долгорсүрэн, Г.Зул, О.Эрдэнэбаатар, Б.Элбэгбаяр, М.Мөнхбаатар, Э.Гэрэлтуяа, С.Саранчимэг, Ш.Одончимэг, Б.Бадмаараг, М.Мөнхсүлд, Г.Шижирбат, С.Гантөмөр, Б.Төмөрчөдөр, Г.Нарангарав, Ц.Одгэрэл, Т.Отгонзаяа, М.Мөнхбаясгалан, М.Монголжингоо, Х.Тамир, У.Мандуул, О.Магсаржав нарын тамирчид хүртэж байжээ. Монголын Радио спортын холбоо нь Олон улсын Радио сонирхогчдийн холбооны /International Amateur Radio Union/ албан ёсны гишүүн ба Олон улсын ижил төрлийн холбоодтой тогтмол харилцаа холбоотой ажиллаж байна. Эх сурвалж: “Туулсан замаа эргэн дурсахуй-5 “ номноос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь, Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ 

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.05.25 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна. Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана 2022.11.21 ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ. Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.  Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.  Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.  Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.  Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг.  Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна.  Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж.  2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.