Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зам, тээвэр, холбооны сайд Р.Сандалхан

2021.06.24

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбарын түүхэн замналын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1992 оноос Зам, тээвэр, холбооны болон Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Раздакийн Сандалханы тухай нийтэлж байна. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж, өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан тухайн үед Холбооны яамыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яам нэртэйгээр 1992 онд байгуулсан түүхтэй. Сайдаар нь Р.Сандалханыг 1992 оны 8 дугаар сарын 15-наас томилж байв. Тэрбээр 1943 онд Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Чекин гэдэг газар төрж, 1952-1962 онд Баян-Өлгий аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962-1967 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер механикчийн мэргэжлээр төгссөн юм. Р.Сандалхан 1967-1969 онд Улаанбаатар хотын авто тээврийн 5 дугаар баазад засварчин, механик, үйлдвэрийн инженер, 1972-1979 онд шинээр байгуулагдсан Налайхын XIV баазын ерөнхий инженерээр хоёр жил ажилласны дараа баазын дарга болж байв. Түүнээс хойш тээврийн салбарын шинээр байгуулагдсан томоохон албан газар ажиллаж, 1982-1985 онд ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан Авто комбинатын засварын станцад дарга, 1985-1989 онд Хот хоорондын Авто тээврийн удирдах ерөнхий газрын дарга, 1989-1990 онд Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга, 1990-1992 онд Зам тээврийн яамны харьяа Тээврийн ерөнхий газрын дэд дарга, 1992 онд Зам тээвэр, холбооны сайд, 1994 онд Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогджээ. Хоёр жил сайдын алба хашиж байгаад 1996, 2000, 2004 оны УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Р.Сандалхан гуай энэ тухай өгүүлэхдээ “Түмэн олныхоо итгэлийг алдалгүй ажилласны үр дүн юм даа. Хэрэв худалч, хулгайч нөхөр байсан бол юу гэж намайг Баян-Өлгийнхөн гурван удаа Их хуралд суулгахав дээ” гэжээ. ( Өдрийн сонин 2015.03.22) Дэд бүтцийн хөгжлийн яам нь түлш, эрчим хүч, тээвэр, холбоо, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарыг нэгтгэсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. Р.Сандалхан сайд харилцаа холбооны салбарыг удирдан ажилласан хугацаандаа салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийн санаа бодол, үйл ажиллагаанд тулгуурлан, цахилгаан холбооны салбарыг хувьчлах анхны алхмыг хийж, Монгол шуудан компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг УИХ-аар батлуулан, салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 211 тоот тушаалаар Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаа явуулах түр дүрмийг баталжээ. Харилцаа холбооны салбарт либеральчлал нэвтрүүлж, үүрэн телефон холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн нь харилцаа холбооны салбарын өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавилцсан гавъяатай нэгэн билээ. Р.Сандалхан сайд “Монгол Улс зах зээлд шилжих үеийн (1992-1996 он) хүнд бэрхшээлтэй ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, харилцаа холбооны хөгжлийн өндөр төвшинд хүргэхэд тухайн жилүүдэд хамт ажиллаж байсан холбооны салбарын өндөр мэдлэг боловсролтой, зохион байгуулах чадвартай туршлагатай олон хамтран зүтгэгч Б.Сүхбаатар, Н.Төмөрхүү, Д.Төгсөө, Г.Баттөр нартаа сэтгэл хангалуун баярлаж явдаг. 1992 онд ДБХ-ийн яамыг зохион байгуулахад олон салбарын үйл ажиллагааг шилжилтийн үед зохицуулахад амаргүй байсан. Холбооны салбарын ажлыг мэргэжилтэн нарын санал бодлыг голдуу хүндэтгэн шийдвэрлэдэг байлаа. Харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, зах зээлд шилжүүлэх ажлыг мэргэжлийн алба хаагчдын хамт улам эрчимжүүлж, цахилгаан холбоог хувьчлах, шуудангийн салбарыг бие даасан төрийн өмчит компани болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, шуудангийн салбарын удирдлагыг нилээн өрсөлдөөн дунд томилсон бөгөөд ажилд томилогдсон хүмүүс бидний итгэл найдварыг амжилттай биелүүлж, шуудангийн салбар өнөөгийн төвшинд хүрсэн гэж үздэг” хэмээн дурсжээ. Р.Сандалханы хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын болон ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнажээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Харилцаа холбооны зохицуулах байгууллага түүхэн замнал” Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нартай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн танилцуулж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар хэлэлцлээ. Хөвсгөл аймгийн тухайд 126 мянган гаруй хүн амтай ба хамгийн олон хүнтэй аймаг төдийгүй халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор аж төрдөг гэдгээрээ онцлогтой. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал бөгөөд уг салбарт түлхүү анхаарсан цахим хөтөлбөрийг боловсруулах нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцлов. ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан дээрх ажлын хэсэг Хөвсгөл аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгнө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүгд Найрамдах Киргиз Улстай инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаевыг өнөөдөр (2024.08.13) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд А.Артыкбаевыг урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, манай хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд харилцан айлчлалууд зохион байгуулж, хамтын ажиллагаа илүү өргөн хөгжиж байна гэж харж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламенттай болж, 3 намын хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Манай яамны хувьд инновац болон түүний эко системийг хөгжүүлэх чиг үүрэг нэмэгдэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон өргөжсөн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс та бүгдтэй Кибер аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, инновацын эко системийг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын цахимжилтын сайн туршлага болох и-баримт, и-монгол платформуудын сайн туршлагыг та бүгдтэй хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Артыкбаев: Цаг гарган хүлээн авч, уулзаж байгаад баярлаж буйгаа илэрхийлээд УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, сонгогдсонд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэв. Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны зүгээс соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Байгуулагдаад 1 жилийн хугацаанд бид төрийн өндөр дээд хэмжээний 3 айлчлалыг харилцан зохион байгууллаа. Айлчлалуудын хүрээнд худалдаа, эдийн засгийн асуудлууд хэд хэдэн хэлэлцээрүүд хийсэн. Ирэх 10 дугаар сард Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Бишкек хотноо зохион байгуулагдана. Таныг тус комиссын хуралдаанд оролцож, БНКИУ-ын Цахим хөгжлийн сайдтай өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх боломжийн талаар анхаарч ажиллахыг хүсье хэмээсэн юм. ЦХИХХЯ Бүгд Найрамдах Киргиз Улстай кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хангах талаар туршлага судлах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах чиглэлээр хамтран ажиллана.