Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

2021.02.01

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ.

Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

Шил ажиллагаа: Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын мэдээлэл ил тод боллоо

“Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцуулж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. “Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна. Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно. Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм. Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ.

Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүллээ

“Цахимд хэвшье” мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. “Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Э.Эрдэнэбат/ Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/-ийн танилцуулга /Үндэсний дата төв УТҮГ-ын Систем нэгтгэлийн администратор/ Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар /Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Тамир/ Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломжийн талаар /Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Сургалтад Увс аймгийн ЗДТГ-ын төрийн 23 агентлагийн 130 албан хаагч, 19 сумын Засаг даргын орлогч, мэргэжилтэн нийт 76 албан хаагч хамрагдлаа.

169 хуулийн 869 хэсэгт “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ

ҮЙЛ ЯВДАЛ 169 хуулийн 869 хэсэгт “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ 2022.12.05 Монголын банкны холбоо, Азийн сантай хамтран “Комплаенсын форум 2022” зохион байгуулж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал форумын үеэр хэлсэн үгэндээ, Технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах үндэс нь мэдээлэл солилцооны систем, танилт нэвтрэлтийн систем ба одоогоор “ХУР” системд төрийн 105 байгууллага, хувийн хэвшлийн 255 байгууллага холбогдож, 553 сервисээр дамжуулан нийт 1,156,908,549 удаа үйлчилгээ үзүүлээд байна. Мөн танилт нэвтрэлтийн “ДАН” системд төрийн 45 байгууллагын 89 систем, хувийн хэвшлийн 111 байгууллагын 125 систем холбогдож 1.6 сая иргэн бүртгэгдсэн. Манай яамнаас судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд хэлэлцэгдэж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэх боломж илүү нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, эх баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна гэж үзэж байгаагаа онцоллоо.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ