Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа. Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийг үнэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан /2025.01.07/ боллоо. Хурлаар 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, зураглал болон Засгийн газрын дараагийн 100 хоногт хийх ажлуудаа ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Энэ хүрээнд нэгдүгээр сарын 15-ны дотор нэгдсэн төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргахаар ажиллаж байна.   Төрийн алба цомхон, төрд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй байхад анхаарч, сайжруулалт хийнэ. Хамгийн гол нь төрийн цахим үйлчилгээ иргэдэд яг ямар процессыг хялбарчилж байна, төрийн албанд ямар орон тоо хэмнэгдэж байгаа зэрэг бодит үр дүнг бий болгох нь чухал. Тиймээс цахим шилжилтийг яам бүр ярьж буй энэ үед сүүлийн 10 жилд хийгдсэн цахим системийн үр дүнг судалж, чанарын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлохоор ажиллаж байна. Мөн ТЦҮЗГ, ҮСХ хамтран төрийн цахим үйлчилгээ иргэдэд үр дүнгээ өгч байгаа эсэх, төрийн албан хаагчдын бүтээмж нэмэгдсэн үү, иргэдэд ямар чирэгдэл учруулж байгаа талаар тодорхойлохоор 5 төрлийн судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн сэтгэл ханамж, төрийн албан хаагч, цахим системүүдийн үр нөлөө, аймгуудын бэлэн байдлын судалгааг хийж байна. Судалгааны үр дүнд суурилж төрийн цахим үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй болгох, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах юм. Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах инновацын шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж буй. Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл яригдана. Тодруулбал, төрийн өмчит компаниудын статусыг цэгцлэх асуудал хөндөгдөх юм. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дараагийн анхаарах сэдэв. Энэ мэтээр салбарын хууль, эрхзүйн асуудлыг УИХ-ын батлах хуулийн төлөвлөгөөтэй уялдуулан ажиллана. УИХ-аас баталсан 2025 онд 7 аймгийг “Дижитал аймаг” болгох зорилтын хүрээнд тус аймгуудын Засаг дарга нартай уулзах уулзалт Өмнөговь аймгаас эхэлж байна. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2024 онд Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн билээ. ЦХИХХЯ-наас 2025 онд доорх гол 10 ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд, 1.         5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана. 2.         Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ. 3.         Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна. 4.         Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна. 5.         Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ. 6.         Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг өргөжүүлнэ. 7.         Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. 8.         Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүргэж, олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ. 9.         Кибер аюулгүй байдлын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ. 10.       Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.

“ICT EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 2 ТАЛТ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын төлөөллийг өнөөдөр (2023.06.06) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэнд талархал илэрхийлэв. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Технологи, логистикийн газрын захирал хатагтай Шамика Сириманн Монгол Улс цахим шилжилтийг хурдацтай хийж байгаа нь хил дамнасан цахим худалдааг өргөтгөх, цахим эдийн засгийн өсөлтийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний зөвлөмжид дурдагдсан саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийг бий болгоход олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой гэдгийг дурдав. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим худалдаа, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоог хангах асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.