Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

2021.05.21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах зээлд гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах төр болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.05.21/боловсруулсан санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Ажлын хэсгийн боловсруулсан санал Засгийн газарт хүргэгдэнэ. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш цахим шилжилтэд анхаарч ажиллаж байна. Цахим шилжилттэй холбоотой Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Тоон гарын үсэг тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байгаа. Өчигдөр виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Улаанбаатар, Дарханы хажууд инновац, мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна” гэв.

Дриймэрс, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “3 дугаар сарын 20-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төр, хувийн хэвшлийн хамтарсан 3 ажлын хэсгийн онлайн бүртгэл хийсэн. Тус ажлын хэсгүүдэд хувийн хэвшил болон иргэд сайн дураараа бүртгүүлж, ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг бол олон улсад мэдээллийн технологийн гарааны бизнесүүд гарахад хэрхэн төрөөс дэмжих бэ гэдэг төлөвлөгөөг боловсруулах үүрэг авсан. Ажлын хэсэг маань 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэг сарын хугацаанд 100 гаруй мэдээллийн технологийн компаниудын үүсгэн байгуулагчдаас судалгаа авч, төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр гардуулан өгч байна. Цаашид бид нэгдсэн дуу хоолойгоо өргөдөг байя, төртэйгөө хамтын ажиллагааг бий болгоё, төр болохгүй байна гэж гаднаас шүүмжлэх бус хамтын ажиллагаа, өөрсдийнхөө оролцоог бий болгоод явах бодлогын тинк танк болоод хөгжиж явах юм. Бид бүхэн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Д.Цогтбаатар нарын санаачилсан Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл тун удахгүй өргөн баригдах гэж байна” гэв

Ihotel ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал ажлын хэсгийн хийсэн судалгаа, санал дүгнэлтийг танилцуулсан юм. 

Ажлын хэсгийн нэгдсэн санал

Ойрын хугацаанд:

  • Гаднын улсуудад байрлах Элчин сайдын яам, Консулаар дамжуулан судалгаа хийх, компаниудтай холбоо харилцаа тогтоох.
  • Боломжит орнуудад сайн дурын бизнес төлөөлөгчид бий болгох, тэдгээр хүмүүсээр дамжуулан зах зээлийн судалгаа хийх, хэрэгцээтэй компани, хувь хүмүүстэй холбоо харилцаа тогтоох.
  • Гадаадын байгууллага, их сургуулиудаас дадлага хийх, туршлага солилцох мэргэжилтнүүдийг Монгол руу аялах процессын хөнгөвчлөх ( виз болон оршин суух зөвшөөрөл…. гэх мэт)
  • Гаднын томоохон хэвлэлд компаниудын мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийн танилцуулга нийтлэл тогтмол гаргуулдаг байх.
  • Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэ хуулийн талаарх ойлгомжтой мэдээллийг гаднын улс орнуудад зориулж цаг алдалгүй орчуулан түгээх, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийг мэдээллээр хангадаг болох.
  • Гаднын хөрөнгө оруулагч нартай холбох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах (Засгийн газрын гадаад айлчлалд хамт явах, хөрөнгө оруулагч нартай уулзалт зохион байгуулах).
  • Төр хувийн хэвшлийг холбосон найдвартай экосистем бий болгох.

Дунд хугацаанд:

  • Гадаад, дотоодын технологийн компаниуд туршилт, тест хийх “Sandbox” орчин орчин бүрдүүлэх.
  • Paypal, Stripe, Plaid, Moopay, Coinbase зэрэг олон улсын санхүү, төлбөрийн дэд бүтэцтэй холбох боломжийг нээх.
  • Олон улсын түвшний компаниудтай мэргэжилтэн солилцооны программ тогтмол зохион байгуулах.
  • Инновацыг дэмжих хөтөлбөр, сангаас технологийн инновац бүтээж буй компаниудад дэмжлэг үзүүлэх.
  • Дотоодын хөрөнгө оруулагч нарт хандсан гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх талаар мэдээлэл, сургалт, ойлголт тогтмол өгөх.
  • Гадаадын бизнесүүдийг нэгдсэн байдлаар, Монгол улсад урьж авчрах, танилцуулах үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулах .
  • Олон улсын байгууллагуудтай хамтран гадаад, дотоодын боломжит түншүүдтэй старт ап-уудыг танилцуулах, туршлага солилцуулах.
  • Цөөн тооны чанартай старт апуудыг шалгаруулан төр бүхий л талаас нь дэмжих.

Урт хугацаанд

  • Урт хугацааны бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй зээлд хамруулах.
  • Татвараас хөнгөлөх, чөлөөлөх
  • Нийгмийн даатгалын шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх
  • Старт апуудыг дэмжихэд хувийн хэвшлийн томоохон компаниудаас дэмжлэг авах.
  • Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийн бодлогын дэмжлэг

Онцлох саналууд

  • Салбарын яамтай болох
  • Тодорхой бүс нутагт чиглэн ажиллах, судалгаа хийх.
  • Эсвэл өөрсдийн чадавхад тааруулсан чиглэлийг сонгон ажиллах хэрэгтэй.
  • Компанит ажил эхлүүлэх, улсаа болон мэдээллийн технологийн компаниудаа сурталчлах контент тасралтгүй хийдэг байх

 

Бусад мэдээ

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.

Далай доогуур кабель татах төслийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компани болох Meta дэлхийг холбох 40,000 км-ийн урттай (ойролцоогоор 24,850 миль) далайн гүнд асар том кабель татахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Өнгөрөгч аравдугаар сард усан доорхи кабелийн мэргэжилтэн Сунил Тагаре Метагийн “W” нэртэй шумбагч онгоцны асар том кабель барих төлөвлөгөөг хуваалцжээ. Дээрх төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэгжих тооцоог гаргасан. TechCrunch-ийн мэдээлснээр, 2025 оны эхээр төслийн талаарх зам, хүчин чадал, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Кабель ашиглалтад орсноор Мета дэлхий даяар мэдээллийн урсгалд зориулсан тусгай хоолойг бий болгох юм.  Төлөвлөсөн маршрут нь одоогоор АНУ-ын зүүн эргээс Өмнөд Африкаар дамжин Энэтхэг хүртэл, дараа нь Энэтхэгээс Австралиар дамжин АНУ-ын баруун эрэг хүрэх юм. Эх сурвалж: Technology innovation

Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа

ҮЙЛ ЯВДАЛ Х.Асток ЦХХХЯ болон “И-Монгол” академийн алба хаагчдад Эстони улсын сайн туршлагыг хуваалцлаа 2022.04.07 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн алба хаагчдад “Эстони улсын цахим засаглал ба түүнийг бүрдүүлэгч блокууд” сэдвээр сургалт орлоо. Эстони улс нь дижитал шилжилтийг тэртээ 20 жилийн өмнө амжилттай нэвтрүүлсэн бөгөөд хамгийн дэвшилтэт дижитал нийгэм бүтээгч гэдгээрээ алдартай. Тус улсын “Цахим Засаглал”-ын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улс, 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг ажээ. Тус байгууллагын зохион байгуулдаг сургалт, семинарт дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 6800 гаруй оролцогчид хамрагддаг гэсэн судалгаа бий. Ноён Ханнес Асток Монгол Улс дахь айлчлалынхаа хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн удирдлага болон алба хаагчдад сургалт орж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Эстони улсын “Цахим Засаглал”-ын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нь Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт  2019 оны арванхоёрдугаар сарын 04-нд “e-Mongolia” системийн ерөнхий санааг гаргаж, тус системийг хөгжүүлэх эхлэлийг тавьж байсан юм. Тэгвэл өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Эстоничууд төрийн байгууллага руу ирж, буцах цаг хугацаа, дараалалд зогсох гээд төрийн үйлчилгээг уламжлалт аргаар авахад ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг ажээ. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр ердөө 30 минут л зарцуулдаг болсон аж. Мөн тус улс нь өнөөдрийг хүртэл 1 тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар 2 тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий. Харин монголчууд төрийн үйлчилгээг уламжлал хэлбэрээр авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд “e-Mongolia” систем нэвтэрснээр өнөөдрийн байдлаар 2 сая иргэн давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан бөгөөд ойролцоогоор 80 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарчээ. Төрийн үйл ажиллагааг цахимжуулсанаар 7 хоног бүр 24 цагийн ажиллагаатай, идэвхтэй, мэдрэмжтэй төр бий болох аж. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуй нэгж байгууллага цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа авахын зэрэгцээ, төр тухайн системээр дамжуулан иргэдтэйгээ харилцаж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой юм. Мөн төр цахим системээр дамжуулан иргэний бичиг баримтын хугацаа дуусах дөхөж байгааг сануулах, сунгах эсэхийг мэдэгдэх, хэрвээ иргэн бичиг баримтаа сунгахыг зөвшөөрвөл бичиг баримт нь автоматаар сунгагдаж, иргэндээ эргэн мэдээллдэг байх ёстой ажээ. Харин манай улсын хувьд цахим шилжилтийн багц хуулиуд ирэх 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр төр өөрт буй мэдээллийг иргэнээс нэхэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ. Мөн төрийн алба хаагч хэн нэгэн иргэний мэдээллийг харахыг хүсвэл тухайн иргэнд “e-mongolia” системээр дамжуулан мэдэгдэл очих, иргэний баримт бичгийн хугацаа дуусах дөхөж байгаа эсэхийг мэдэгдэх хөгжүүлэлт хийгдэж байгаа ажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ