Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Фишинг халдлага

2021.04.28

Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна.

Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах

Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг.

Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг

Жишээ нь:

Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе.

Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу.

Таныг хүндэтгэсэн:

Instagram-ийн аюулгүй байдлын баг.

Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг.

Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд:

  • Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг.
  • Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно.
  • Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ.
  • Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг.

ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА:

  • Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм.
  • Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно.
  • Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
  • Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй.

Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм.

Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд:

  • Онлайн тоглоом тоглогчид
  • Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид
  • Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид

Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/

Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд байх хэсгээс өөрийн хариуг сонгох юм.

Зураг 3. Фишинг цахим шуудан таних тест

 

Бусад мэдээ

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan, Мэдээлэл, харилцаа холбооны сайд хатагтай Josephine Teo, Сингапур Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, профессор Tommy Koh, Инфоком медиа, хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал Lew Chuen Hong нартай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “AsiaTech Singapore-2023” (ATxSG) арга хэмжээнд урьж, оролцуулж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтаар Сингапур Улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны “Digital Economy”, “Digital Security”, “Digital Society” 3 чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар туршлага судалж, цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, Сингапур Улсад буй олон улсын платформууд болох (Meta, You tube, Тik Tok)-тай уулзахад дэмжлэг үзүүлж, хил дамнасан өгөгдлийн урсгалын хууль эрх зүй, бодлого зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цахим эдийн засгийн хөгжил, цахим хуваагдал, цахим үйлчилгээнд төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Сингапур Улсын сайн туршлагыг судалж, хамтран ажиллахаар болов.

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад үзүүлэх техникийн туслалцаа: Бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн үнэ цэнийн сүлжээнд тогтвортой, хүртээмжтэй интеграцчлалыг дэмжих төслийг баталсан. Төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийн худалдаа хийх, хил дамнасан цахим худалдаанд оролцох чадавхийг үнэлж, сайжруулах, дэлхийн цахим худалдааны төвүүдтэй уялдаа холбоог бий болгох, Монгол Улсын бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор одоо байгаа дотоодын цахим худалдааны платформуудыг судалж, ЖДҮ-ийг санхүү, бизнес эрхлэх, цаасгүй худалдааны платформ ашиглах талаар туршлага солилцоход уг арга хэмжээний зорилго чиглэж байна. Арга хэмжээний хүрээнд “Цахим худалдааг дэмжих төрийн санаачилгууд”, “Монголын ЖДҮ эрхлэгчдийн дэлхийн цахим худалдаанд бэлэн байгаа байдал”, “Малайз Улсын цахим өөрчлөлтийн аялал” гэсэн 3 үндсэн бүлэг сэдвийн дор Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, БНХАУ-ын Алибаба групп, Малайзын гадаад худалдааны хөгжлийн корпораци, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн төлөөллүүд оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээгээр Монголын ЖДҮ эрхлэгчдийн цахим худалдааны платформ, зах зээлийн хэрэглээнд нөлөөлж буй гол асуудлуудыг хэлэлцэх, цахим зах зээлийн хөтөлбөр, ЖДҮ-ийн оролцоог дэмжих санаачилга, Малайз, Сингапур зэрэг улсад хийсэн цахим худалдааны судалгааны ажлын үр дүнг танилцуулах, жижиг бизнесийн цахим тэргүүлэгч төслийн төгсгөлийн арга хэмжээний талаар, мөн цахим платформ, зах зээлээр дамжуулан хил дамнасан цахим худалдаанд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийн чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох юм.