Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатар 1921 онд ЗХУ-д айлчилж ирсний дараа Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир, сургагч Ц.Бурдовский нарт шуудангийн марк гэдэг нь өнгөцхөн бодоход нэг л жижигхэн эрээн цаасны зүйл юм шиг санагдавч чухамдаа тийм биш, харин шуудан бичгийн маань үнэт мөнгө зоос нь болсон үнэ цэнэтэй, нарийн нандин учиртай, хүнд мэдээгүй зүйлийг нь биеэр дүрсэлж ойлгуулдаг, их өргөн хүрээтэй төлбөрийн мэдээллийг агуулсан зүйл юм гэж тайлбарлаж байжээ. Ардын Засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир Иркутск хотын телеграфийн сургуульд сурч байхдаа ч шуудангийн маркийг харж байжээ. М.Бат-Очир монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан, маркийн зураг төслийг боловсруулан харьяалах Гадаад явдлын яамаар дамжуулан, Ардын засгийн газраар хянуулан батлуулахаар оруулжээ. Олноо өргөгдсөн 13 буюу 1923 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлэн шийтгэх түшмэл М.Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидлын төлбөр төлөгдсөнийг илтгэхэд хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Зураг- 1. Анхны шуудангийн марк олны ярьдагаар ОЧИРТОЙ марк Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу  Монголоор Мөнхбат” гэсэн утга санааг идэрхийлэх, зөрүүлсэн Элдэв-Очирын дүрс бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичгээр  Ардын засгийн газар хүргүүлжээ. Уг маркийг Ардын засгийн газар хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны өдрийн 656 бичгээр мэдэгдэж явуулснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах бичиг захидал бичигт наагдан, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад түгэн тархсан байна. Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул Америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл: “…1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн байдаг. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бат Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын Засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг Монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “Очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь Монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Оруулга-1:Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой. Зураг- 2. Ардын засгийн газаас Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны  өдрийн 656 тоот бичгийн хуулбар Дугаар 655 АЗГ-т гадаад явдлын яамнаа хуудас дагалдуулан их учир: Эдүгээ харьяат яамнаас хүргэж ирсэн 565 дугаар хуудас бичиг ба дагуулан байцаан толилуулахаар ирсэн маркийг манай ардын Засгийн газар хүлээн авч үзэв. Үүн дор уг маркийг худалдаалах эрхээр гүйцэтгүүлэх тулд уг маркийг хүргүүлж өгнө. Ардын Засгийн  гадаад явдлын яамнаа явуулаад хүргүүлэн шийтгэсүгэй. Үүний тул илгээв. Арван дөрөв дүгээр он долоон сарын шинийн 8 Дугаар 656 Харин тэр үед монгол улсыг гадуурхах бодлогыг хүчтэй явуулж байсан, Хятадын гоминданы засгийн газар монголын шуудангийн маркийг үл зөвшөөрөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад илгээсэн захидал боодлын маркийн дээр өөрийнхөө улсын шуудангийн марк нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Ийм учраас нэг хэсэг зуур хятадад явуулах захидалд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг нааж, хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлж байжээ. Анхны маркийн дараа зураач марзан Б.Шаравын эх зургаар улсын тэмдэгт 9 төрлийн нэг цуврал маркийг улсын банкны хэрэгцээнд гаргасныг шуудангийн хэрэгцээнд шилжүүлж, 1925 оны 2 дугаар сараас гүйлгээнд гаргажээ. Оруулга-2: БНМАУ-ын ТХЯ-наас анх 1958 онд марк сонирхогчдын дунд зарласан уралдаанд Худалдааны техникумын багш Хайдавын Гунаажав I байр эзэлж 400 төгрөгөөр, МУИС-ийн П курсын оюутан  Чулуунгомбо, 1 дүгээр дунд сургуулийн IX ангийн сурагч Дүгэрсүрэнгийн Ариунболд нар II байр эзэлж 300 төгрөгөөр, 22 дугаар сургуулийн Ү1 ангийн сурагч Эрэнцэнсономын Гомбо, Төв аймгийн Батсүмбэр сумын тракторчин Билгүүнгэрэлийн Идэр-Амгалан нар III байр эзлэн 200 төгрөгөөр тус тус шагнагджээ. 1957онд марк сонирхогчдийн нийгэмлэг ТХЯ ны дэргэд байгуулагджээ. Алтан, мөнгөн ялтас дээр болон торгон дээр марк үйлдвэрлэхийг өндөр технологийн марк гэх ба 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анх алтан ялтас дээр хэвлэж  өндөр технологийн маркийг хэрэглээнд гаргасан билээ. Зураг- 3. 1982 оноос эхэлж гаргасан алтан ялтастай марк сэдвийн дугаар: Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн хийгээд монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 оны 6 сарын 6 ны байдлаар энэ зуун жилийн дотор Монгол улс шуудангийн 1149 сэдвийн хүрээнд 4390 нэрийн марк гүйлгээнд гаргаад байна. Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНУАУ улсуудад хэвлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд Франц улсад хэвлүүлж байна. Марк

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна Read More »

Өнөөдөр “Төрийн албаны өдөр” тохиож байна

Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх, шинэчлэх, алдаршуулах, баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” болгон шийдвэрлэсэн. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж буй нийт төрийн албан хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд та бүхэндээ төрийн албаны өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр “Төрийн албаны өдөр” тохиож байна Read More »

Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай Цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны цахим засаглал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжлийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч сайд Олег Андреевич Пекось: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг өндрөөр үнэлж, цаашид хоёр орны мэдээллийн технологийн гарааны бизнесийг дэмжих, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд туршлага солилцон хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Уулзалтаар талууд ярилцсан агуулгын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс Бүгд Найрамдах Узбекистан Улстай Цахим засаглал, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллана Read More »

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв

Монгол Улс хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээг ОХУ-тай 2024 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд, БНХАУ-тай 2024 оны 05 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулав. Радио долгион нь хил хязгааргүй тархах онцлог бүхий байгалийн хязгаарлагдмал нөөц юм. Иймд хөрш орнууд энэхүү нөөцийг хил орчмын бүс нутагт ажиллах радио станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор техникийн нарийн зохицуулалт хийж, хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих шаардлагуудтай тулгардаг. Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага, технологийн дэвшилтэй уялдуулан хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг тухай бүр хийх шаардлага үүсэж байна. БНХАУ-тай хийсэн энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны үйлчилгээний 703-748/758-803 МГц, 880-915/925-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц, 2300-2400 МГц, 2500-2690 МГц, 1920-1980/2110-2170 МГц, 3300-3800 МГц радио давтамжийн асуудлуудыг хэлэлцэж, радио давтамжийн 1920-1965/2110-2155 МГц зурваст газрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалтын гэрээг шинээр байгууллаа. Эдгээр баримт бичгийг байгуулснаар Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны хөдөлгөөнт бус болон хөдөлгөөнт холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах эрх зүйн боломж бий болох чухал ач холбогдолтой юм.

Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв Read More »

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн хамгийн том үндэсний тэмцээн “КАНСАТ-2024” энэ амралтын өдрүүдэд (2024.05.26) Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар амжилттай зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд нийт 26 багийн 130 оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний бичил хиймэл дагуул хөөргөн өрсөлдсөн юм. Тэмцээний “КАНСАТ” төрөлд: I байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / II байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / III байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж// Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тэмцээний “БУЦАГЧ” төрөлд: I байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/ II байр: АРАВТ 2 /Батлан хамгаалахын их сургууль/ III байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль / Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ тус тус шалгарлаа. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инноваци хөгжлийн газар ШУА-ийн Одон орон Геофизикийн Хүрээлэн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк – National Information Technology Park MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Space Academy Mongolia Оролцогч байгууллага, их сургуулиуд: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences New Mongol KOSEN “Шинэ Монгол Технологийн Коллеж” We Mongolia Тэмүүжин өрлөг Томүжин Алтернатив Сургууль Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль We Mongolia Шинжлэх ухааныг дэмжин, ивээн тэтгэсэн байгууллагууддаа баярлалаа. ДДИШ ТВ ХХК Ондо Спэйс ХХК Инженер геодези ХХК Infinity Tech Store Optimal Nmax

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа Read More »

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Монгол Ард Улсын цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын захирлага” олноо өргөгдсөн 15 он гэх бичээс бүхий Холбооны музейд хадгалагдаж байсан тамгыг өнөөдөр (2024.05.22) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хүндэтгэлийн танхимд их эзэн Чингис хааны хөргийн өмнө залж, ЦХХХЯ-ны нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо Read More »

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Хүн бүр байгаль, эх дэлхийгээ хайрлах, нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдэж, Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 1000 хайлаас, хүрэн монос, шар хайлаас, бургас, гацуур модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ Read More »

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ

Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадамжийг сайжруулах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, технологийн ажилтнуудын дуу хоолойг сонсох, тэдний саналыг авах зорилгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Мэдээллийн технологийн салбарын бие даасан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бидний санаачилга, зүтгэлийг дэмжиж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархаж байна. Олон жил зохицуулалтгүй явсан IT салбарынхаа ирээдүйн хөгжилд санаа тавьж, алсын хараагаа илэрхийлж, зорилгоо нэгтгэн дуу хоолойгоо өргөж буй төр, хувийн хэвшлийн төлөөллүүддээ баярлалаа. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд эдийн засгийн өндөр үнэлгээтэй дэлхийн том компаниудад ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналуудыг удаа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгож, ирээдүй хойч үедээ ажилтай, орлоготой, тогтвортой хөгжилтэй улсыг өвлүүлэн үлдээхэд өнөөдрөөс анхаарах ёстой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол зохицуулалт нь: Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ Read More »

Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ

Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ. Үүнд төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо манлайлал чухал. Технологийн тусламжтайгаар шинэ тутам үүсэж буй боломж бүрийг иргэдэд танилцуулах, иргэд олон нийтийг цахимд хэвшүүлэх, аливаа асуудлыг цахимаар шийдэх, ил тод, хүнд сурталгүй үйлчлэхэд эхлээд төрийн албан хаагчийн ур чадварыг дэмжих хэрэгтэй.

Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ Read More »

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа

Эрүүл мэндийн салбарын цахимжилт нь иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн нэгдсэн бодлого, шийдвэрт эергээр нөлөөлөх чухал ач холбогдолтой. Тиймээс төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт- цахим эрүүл мэнд” сургалтад нийслэлийн бүх дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдах юм. Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулсан сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар энэ онд “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангах журам”, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг баталсан. Эдгээр журмууд батлагдсанаар эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, “ХУР” системээр дамжуулан Үндэсний дата төв болон И-Монголиа системтэй мэдээллийг саадгүй солилцох, нууцлал аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Ингэснээр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 4,500 орчим байгууллагад жилд үзүүлдэг амбулаторийн 20 сая гаруй үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая гаруй эмчилгээ үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдлийг нэг дор нэгтгэн, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч мэдээлэл солилцох боломжтой болсон. Түүнчлэн иргэд цахим жор, амбулатори, жирэмсний хяналт, хүүхдийн ягаан дэвтэр, дархлаажуулалт, дүрс оношилгоо, лабораторийн хариуг И-Монголиа-гаар дамжлуулан авах боломж бүрдсэн юм. ЦХХХ-ны Н.Учрал илтгэлдээ “Эрүүл мэндийн салбарын цахимжилт бол салбарын мэдээлэл солилцох журам дээр үндэслэн иргэдэд хүрнэ. Мэдээлэл солилцох журмыг гаргаад тухайн программ хангамжид тавигдах стандарт шаардлагуудыг биелүүлвэл хувийн хэвшлээс хэрэгжүүлж байгаа системийг ч ашиглаж болох эрх чөлөөг нь нээж өгсөн. Ингэснээр эрүүл мэндийн салбарын цахимжилт иргэдийн амьдрал ахуйд шууд нөлөөлж, ая тухтай амьдрах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүлээж авах нөхцөл бүрдэж байна. Цахимжилттай холбоотой бүхий л мэдээлэл буюу их өгөгдлийг нэгтгэж чадсанаар цаашид эрүүл мэндийн салбар их өгөгдөлд суурилсан урьдчилан сэргийлэх бодлого, шийдвэр гарах боломжтой” гэсэн юм.

“Цахим эрүүл мэнд” сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдлаа Read More »