Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Enkhtsolmon Enkhbayar

Ахмадууд ач, зээ нарынхаа тусламжгүйгээр цахим гүйлгээ хийж байна

Ухаалаг утас хэрэглэх, интернетэд холбогдох, утсандаа аппликейшн татах, шинээр google account нээх, нууц үгийн тохиргоо хийх, дата ашиглалт зэрэг нь залууст энгийн өдөр тутмын үйлдэл юм. Гэвч энэ нь ахмадуудад хүндрэл үүсгэж, цахим үйлчилгээ авахдаа хүүхэд, ач зээ нараасаа тусламж хүсэх нь түгээмэл. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Дэлхийн банкны дэмжлэгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам -ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Үндэсний цахим элч – Digital Nation Ambassador” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ЧД-ийн III хорооны иргэн, ахмад сургагч багш Г.Сарангэрэл “Технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим ур чадвараас хоцорч болохгүй. Цахим ур чадварт суралцах нь зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Тиймээс “Ухаалаг засаг 2” төсөлд хамрагдаж, сургалтад сууснаар хүүхэд, ач зээ нараа гуйхгүйгээр “И-монголиа” руугаа ороод хэрэгтэй мэдээлэл, тодорхойлолт, лавлагаагаа авч сурлаа. Цаашид сурсан зүйлээ улам батжуулж, лавшруулж бусад ахмадаа сургахаар зорьж байна. Цахим ертөнцтэй холбогдох анхан шатны мэдлэгтэй болсондоо ихэд баяртай байна” хэмээн ярилаа. “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд нийт 130 сайн дурын залуу болон ахмад сургагч багш, 600 гаруй ахмад настай иргэнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ухаалаг утасны хэрэглээ, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татах, гар утасны нууцлал, дата ашиглалт, цахим аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх, төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, эмнэлгийн цаг онлайнаар авах, банкны аппликейшн ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх аргачлалыг заажээ. СХД-ийн XVIII хорооны иргэн, ахмад сургагч багш С.Батсуурь “Цахим орчинд бусадтай харилцах соёл, өөрийгөө хамгаалах, энгийн төлбөр тооцоог утсаараа хийх, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадварт суралцсан. Орон сууцны төлбөр тооцоог банкин дээр очиж дугаарлахгүйгээр шууд утаснаасаа хийчихнэ. Эмнэлэг рүү заавал явж цаг авах шаардлагагүй гэдгийг мэдэж авсан. Эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний хариугаа хүртэл онлайнаар авчихна. Утсаа алдлаа гэхэд өөрийн мэдээллээ хамгаалах, нууцлалын тохиргоог хийж сурсан. Их өгөөжтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна” гэж онцлов.   Мөн ахмадуудад богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх сургалт орсон байна. А.Алтанцэцэг Ахмад сургагч багш “Энэхүү сургалтад суухаас өмнө цахим орчны талаар хэт ерөнхий мэдээлэлтэй байсан. Цахим орчинд хүмүүстэй ёс зүйтэй харилцах, өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдад төвөг учруулахгүйгээр өөрийнхөө цахим хэрэгцээг хангах, онлайн худалдан авалт хийх аргачлалыг мэддэггүй байсан. Утсаа кодолж, банкны гүйлгээ хийхэд нэг удаагийн код яаж авах аа сурч авлаа. Сошиалд янз бүрийн найзын хүсэлт ирдэг. Үүнийг хараад хуурамч хаяг уу, бодит хүний хаяг уу гэдгийг ялгаж сурсан. Өмнө нь бол ирсэн хүсэлт болгоныг нягтлалгүй хүлээн авдаг байсан бол одоо цензуртай ханддаг болсон” хэмээн дурдав. Улаанбаатар хот, орон нутгийн 30 гаруй ахмадыг нийт 40 цагийн сургагч багшийн онол, практик хосолсон сургалт, 12 цагийн дадлага хичээлд хамруулжээ. Сургалтад 55-64 насны ахмад өргөнөөр оролцож байна.

Ахмадууд ач, зээ нарынхаа тусламжгүйгээр цахим гүйлгээ хийж байна Read More »

Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэлээ  

“Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төсөл болон “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрийн байгууллагын цахим хуудсыг нэг загвар, нэгдсэн удирдлагатай болгож, “И-Монголиа”-тай холбох нөхцөл бүрдэж байна. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журмыг баталж, хэрэгжүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг нэг цонхоор хүргэж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард “Төрийн байгууллагын нэгдсэн системийн туршилтын хувилбар”-ыг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Үүнээс хойш, уг системд “Санал, хүсэлт” цонх үүсгэн, олон нийтээс санал авчээ.  Мөн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас gov.mn сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, 16 яам, 21 аймаг, 9 дүүргийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангажээ. Тагнуулын ерөнхий газраар төрийн байгууллагын нэгдсэн систем (gov.mn)-д мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэж, холбогдох зөвлөмжийн дагуу “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын төслийг боловсруулж, батлууллаа.

Төрийн байгууллагуудын вэб сайтуудыг нэгтгэлээ   Read More »

Дроны туршилтын бүс байгуулна

Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар Дроны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Тодруулбал, дрон, хүнгүй агаарын хөлгийн систем (UAS)-ийг 500 метрийн өндөрт турших байнгын ажиллагаатай туршилтын бүс (төрөлжсөн)-ийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх-Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ. Дроны туршилтын бүс байгуулснаар дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, геологийн хайгуул, байгаль орчны тандалт шинжилгээ хийх, эрчим хүч, онцгой байдал, алслагдсан сум суурин газарт интернэтийн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл болгон ашиглах юм. Мөн “Дрон такси” үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Энэ бүхнийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж, төр, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар холбогдох бусад байгууллагатай хамтран агаарын замаас зайдуу, өндрийн хязгаарлалтай болон өндрийн хязгаарлалтгүй цэгийг тогтоожээ. Улмаар радио давтамж, радио долгион, цахилгаан соронзон орны нөлөөллийн судалгаа хийн, дроны туршилтын бүс байгуулах боломжтой газрын байршлыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, батлууллаа.   Монгол Улсад аливаа агаарын хөлөг, төхөөрөмжөөр гүйцэтгэх нисэхийн үйл ажиллагааг Иргэний нисэхийн тухай (1999), Радио долгионы тухай (1999), Улсын нисэхийн тухай (2003), Агаарын зайг нисэхэд ашиглах тухай (2003) хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан Иргэний нисэхийн багц дүрмээр зохицуулдаг. Үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг, аюулгүй байдлын эрсдэл, нислэгт тэнцэх чадварын норм нормативыг тогтоон, нисэхийн агаарын зайг А, В, С, Е, F, G гэсэн ангилалд хувааж, холбогдох зөвшөөрлийг олгох байдлаар хэрэгжүүлж ирсэн.   Үүнээс дроныг нисэхийн агаарын зайг ашиглах G ангилалд хамааруулж, 25 кг-аас ихгүй жинтэй, газрын түвшнээс дээш 120 метрээс хэтрэхгүй өндөрт, зөвхөн өдрийн цагаар нисгэх зохицуулалттай. Мөн үндэсний болон нисэхийн аюулгүйн хамгаалалт, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын бусад шалтгаанаар олон улс болон орон нутгийн нисэх буудал, “Иргэний нисэхийн дүрэм 71”-д  заасан хязгаарлалттай, хамгаалалттай бүсэд нислэг үйлддэггүй. Гэвч дэвшилтэт технологийн хөгжлийг дагаад дээрх хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулж байсан дроны жин, хурд, нислэгийн өндөр болон зайн хязгаарлалт зэргээс давсан үзүүлэлттэй дронууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Энэ нь агаарын зай болон аливаа нислэг хөдөлгөөнд аюул учруулах, хууль бус зүйлс тээвэрлэх, тагнуулын үйл ажиллагаа эрхлэх, кибер халдлага үйлдэх, зөвшөөрөлгүйгээр дроны туршилт хийж олон нийтийн аюулгүй байдалд халдах зэрэг эрсдлийг бий болгожээ. Тиймээс улс орнууд дэвшилтэт шинэ технологийг турших, нэвтрүүлэх суурь орчныг бүрдүүлж, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих зорилгоор туршилтын чөлөөт бүс (Dron testing zone, Geo zone) байгуулан, нийгэм, эдийн засгийн хөгжлөө дэмжихээр зорьж байна.

Дроны туршилтын бүс байгуулна Read More »

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од энэ сарын 3-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон Европын Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн асар том давлагааг гэтлэх гол суурь нь хүчин чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудлаар Францын “Талес Алена Спейс” компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэнэ” гэж дурдлаа. Мөн ирэх жилээс цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан мэдээллийг хувийн хэвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв. Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс “Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Team Europe” хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дижитал эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг, бодит шийдлийн дэмжлэгийг үзүүлдэг. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ, Төв Азид дунд орбитын хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой. Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагуудаар дамжин иргэдэд хүрэх юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий болгож чадна” хэмээн онцоллоо.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална Read More »

Монголд дроны үйлдвэр байгуулна

“Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс Монгол Улсад дронтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бий болгох, дроны технологи, ноу-хауг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Ц.Баатархүү сайд “Монгол Улсад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй хэрэгцээ бий. Тэр дундаа, Засгийн газраас дрон хөгжүүлэх чиглэлд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон. Энэ чиглэлээр гурван ажлыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, дроны хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулах, хоёрдугаарт, дрон нисгэх оператор бэлтгэх, сургах, гуравдугаарт, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн чиглэлд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдөр байгуулсан санамж бичиг нь технологийн салбарт шинэ түүхийн хуудсыг эхлүүллээ” гэдгийг онцлов. БНСУ-ЫН ТЕХНОЛОГИОР МОНГОЛД ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ Мөн “Блью скай дрон” болон “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэх юм. “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”-ны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн, сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу-хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дроныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн” гэдгийг дурдав. БНСУ-ын GCNC-ийн захирал Хонг Юн Гын “Хамгийн түрүүнд дроны эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд өөрсдийн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн дроны оператор бэлдэх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана. Цаашлаад дрон үйлдвэрлэхэд технологийн шийдлүүдээ хуваалцана” гэдгээ дурдлаа. БНСУ нь 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд 7 минутад хүргэлт хийж байна. Тус улсаас дроны стратегийн 4 бодлогыг хэрэгжүүлж, дроны хүргэлтийн стратегийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Түүнчлэн алслагдсан бүсэд усны түвшин нэмэгдсэн тохиолдолд 5 кг ачааг хүргэдэг. Ингэхдээ хот доторх зам, маршрутыг тогтоож, нарийвчилж өгчээ.  Хөдөө аж ахуйн салбарт 2 га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ мэтээр орчин үед дроныг тоглоомоос илүүтэй мэргэжлийн түвшинд ашиглаж байна.

Монголд дроны үйлдвэр байгуулна Read More »

Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од өнөөдөр /2024.12.02/ Монгол дахь Америкийн худалдааны танхимын /АмЧам Монгол/ Гүйцэтгэх захирал О.Адьяа болон Бодлого, сурталчилгаа хариуцсан захирал И.Гэрэлчулуун нарыг хүлээн авч уулзлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “Шинэ парламент, хамтарсан Засгийн газар бүрдэж, шинэ бодлого, 4 жилийн төлөвлөгөө, салбарын бодлого стратегийг боловсруулж байна. Засгийн газраас инновацын асуудлыг чухалчилж, төрийн үйлчилгээг цахимжуулах, өгөгдлийг боловсруулахад хиймэл оюуныг ашиглах чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Мөн харилцаа холбооны стратеги боловсруулах ажлын хэсэг гаргасан. НҮБ-ын суурь баримт бичигт тулгуурлан ёс зүйтэй хиймэл оюуны бодлого боловсруулах судалгаа хийгдэж байна. Эстони Улс 1990-ээд оноос хиймэл оюуны чиглэлд стратегиэ боловсруулж, хоёр жил тутамд шинэчлэн өнөөгийн түвшинд иржээ. Манай улс тус улсаас туршлага судлан, И-Монгол платформыг нэвтрүүлсэн. Улмаар гар утасны апп хөгжүүлэн, давхацсан тоогоор 2 сая гаруй иргэнд үйлчилгээгээ хүргээд байна. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулахдаа чанарт анхааран, хиймэл оюунд суурилсан өгөгдлийн боловсруулалт хийх чиглэлд хөгжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Харин цахим эдийн засгийг бодлогын хүрээнд дэмжиж ажиллаж байна” хэмээн ярилаа. Монгол дахь Америкийн худалдааны танхимын Гүйцэтгэх захирал О.Адьяа “АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг. Манай байгууллага нь 2024 онд хиймэл оюуны хөгжлийн чиглэлээр бодлогын баримт бичиг гаргасан. Энэ хүрээнд Америк-Монголын бизнес эрхлэгчдийг холбох, ялангуяа технологийн компаниудын харилцааг өргөжүүлэх, төлөөлөгчийн газар байгуулах чиглэлд анхааран ажиллаж байна” хэмээн онцолж, цаашид энэ чиглэлд ЦХИХХЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Түүнчлэн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн аж.

Монгол-Америкийн технологийн компаниудын харилцааг өргөжүүлнэ Read More »

Далай доогуур кабель татах төслийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

Facebook, Instagram, WhatsApp-ын толгой компани болох Meta дэлхийг холбох 40,000 км-ийн урттай (ойролцоогоор 24,850 миль) далайн гүнд асар том кабель татахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. Өнгөрөгч аравдугаар сард усан доорхи кабелийн мэргэжилтэн Сунил Тагаре Метагийн “W” нэртэй шумбагч онгоцны асар том кабель барих төлөвлөгөөг хуваалцжээ. Дээрх төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд 5-10 жилийн хугацаанд хэрэгжих тооцоог гаргасан. TechCrunch-ийн мэдээлснээр, 2025 оны эхээр төслийн талаарх зам, хүчин чадал, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Кабель ашиглалтад орсноор Мета дэлхий даяар мэдээллийн урсгалд зориулсан тусгай хоолойг бий болгох юм.  Төлөвлөсөн маршрут нь одоогоор АНУ-ын зүүн эргээс Өмнөд Африкаар дамжин Энэтхэг хүртэл, дараа нь Энэтхэгээс Австралиар дамжин АНУ-ын баруун эрэг хүрэх юм. Эх сурвалж: Technology innovation

Далай доогуур кабель татах төслийг 5-10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ Read More »

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ

Осака хотод байрладаг нэгэн компани усанд орохыг дараагийн түвшинд хүргэх футурист шүршүүрийн савыг танилцууллаа. “Ирээдүйн хүний ​​угаалгын машин” гэж нэрлэгдсэн энэхүү өндөг хэлбэртэй капсул нь усаар дүүргэж, зүрхний цохилтоос хамааран температурыг тохируулна. Энэ нь хэт авианы долгион болон массажны бөмбөлөг ашиглан 15 минутын турш хүнийг угааж, хатаах үйлдэл хийх юм. Мөн өөрийгөө арчлах өвөрмөц туршлагыг санал болгох аж.  Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин худалдаанд хараахан гараагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард 1000 зочин тус төхөөрөмжийг Осакагийн Эрүүл мэндийн асарт туршихаар төлөвлөжээ. Эх сурвалж: Technology Innovation

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ Read More »

Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг цаасаар авах шаардлагагүй

-Төрийн үйлчилгээ цахимжсанаар 1,2 их наяд төгрөгийг хэмнэжээ- Төрийн албан хаагчид “E-Mongolia”-аас лавлагаа, тодорхойлолт авах нөхцөл бүрдлээ. Тодорхой хэлбэл, төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, төрийн албан хаагчийн цалингийн тухай тодорхойлолт, төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтын үйлчилгээ үзүүлэх юм. Эдгээр нь хамгийн эрэлттэй лавлагаа, тодорхойлолт учраас эхний ээлжид дээрх мэдээллийг оруулжээ. И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Төрийн үйлчилгээг цахимжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд руу чиглэсэн үйлчилгээг түлхүү хүргэсэн. Өнөөдөр 200 мянга гаруй төрийн албан хаагчдад төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор төрийн албаны лавлагаа, тодорхойлолтыг “E-Mongolia”-д шинээр нэмж байна” хэмээн онцоллоо. Цаашид төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээг нэмэх, хүний нөөцийн удирдлага модулийг төрийн албан хаагч модултай холбох, хүний нөөцийн бүртгэдэг шагналын мэдээллийг сервисээр холбох нөхцөл бүрдэж байна.  Мөн төрийн албан хаагчдад зориулсан тусгайлсан цонх нээх боломжтой аж. ЦХИХХЯ-ны газрын дарга Б.Бат-Өлзий “Сард 500 гаруй мянган иргэн И-Монголиагаар үйлчлүүлж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулахдаа цаасан маягтыг цахимжуулаад байна. Тиймээс програмчлагдаж болохуйц, төрд байгаа мэдээллээ дахин нэхэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чухал. Холбогдох газруудаас татаж авахад мэдээлэл, өгөгдлийг шинэчлэх, аль ч төрийн байгууллага мэдээллийг нь авах зэрэг процесст өөрчлөлт оруулж, хэн нэгнээс хамаарсан байдлыг шинэчлэх шаардлага байна” хэмээн ярилаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг авах тухай хүсэлт хамгийн ихээр ирдэг. Энэхүү хүсэлтийг цахимжуулчихвал аль аль талдаа ачаалал буурна” гэж онцлов. “E-Mongolia” УТҮГ нь төрийн 29 системийг хариуцан ажиллаж байна. Одоогийн байдлаар 86 байгууллагын 1255 үйлчилгээг 1,9 сая иргэнд үзүүлжээ. Ингэхдээ Мобайл апп, ТҮЦ машин, иргэдэд үзүүлэх “Нэг цэг”- ийн үйлчилгээний төвөөр дамжуулан, хүргэж байна. Цахимаар 59,3 сая үйлчилгээг иргэдэд үзүүлж, 1,2  их наяд төгрөгийг хэмнэжээ. Цаашид хиймэл оюунд суурилсан үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна. Гадаадад байгаа 216 мянган иргэн, алслагдсан бүсэд амьдарч буй малчдад үйлчилгээгээ хүргэхэд анхаарч, Үндэсний дата төвтэй хамтран ирэх жилээс төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн мэдээлэл хариуцагч 38 байгууллагын системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад анхаарах шаардлага бий. Тиймээс Хурын системийн тасалдалгүй байлгах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна.  

Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагааг цаасаар авах шаардлагагүй Read More »

Өгөгдөлд суурилсан бизнес загварууд уламжлалт эдийн засгийн бүтцийг эвдэж байна

Технологийн салбарын үсрэнгүй хөгжил, үүнийг дагасан өгөгдөл боловсруулах хүчин чадал нь үндэстэн дамнасан компаниуд төдийгүй улс орнуудад шинэ боломж, эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, АНУ-ын “Гайхамшигт 7” гэж нэрлэгдэх болсон технологийн компаниудын зах зээлийн үнэлгээ 2024 оны хагас жилийн байдлаар 15.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь БНХАУ болон Европын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээтэй ойртсон статистик болов. Дээрх компаниудын нийтлэг онцлог нь технологи болон өгөгдөлд суурилсан бизнес загварыг бий болгож чаджээ. Тус загвар нь уламжлалт эдийн засаг, салбаруудын бүтцийг богино хугацаанд эвдэж, улс орон, компаниудын өрсөлдөх чадварыг өөрчлөх боломжийг олгож байна. Өгөгдлийг зөвхөн статистик эсвэл мэдээллийн технологи хариуцсан байгууллага, нэгжүүдийн асуудал мэтээр хандах хэвшмэл ойлголт ард хоцорчээ. Нийтийн эсвэл улс орны хэмжээнд анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлэх цаг ирсэн. Улмаар олон улсын түвшинд өгөгдлийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилго, улс орнуудын хөгжлийн бодлогод өгөгдлийн тогтолцоо, засаглалыг хөгжүүлэх зорилтуудыг цогцоор тавьж, хэрэгжүүлж эхлээд байна. Жишээлбэл, Австралийн Холбооны Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сард “Өгөгдөл ба өгөгдлийн цахим Засгийн газрын стратеги”-ийн баримт бичгийг гаргасан. Үүнд дэлхийн стандартад нийцсэн цахим технологи, өгөгдөлд суурилсан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүддээ хүргэх үүрэг зорилтыг тусгажээ. Ингэхдээ Австралийн Засгийн газарт буй өгөгдлийг үнэ цэнэтэй хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч, удирдах, өгөгдлийг хадгалах, хамгаалах, ашиглах дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулахад хөрөнгө оруулалт тасралтгүй хийх зэрэг асуудлуудыг оруулж өгсөн. Улмаар Австралийн төрийн өгөгдлийн катологийг үүсгэх, өгөгдөл солилцоог дэмжих, өгөгдлийн системийг хөгжүүлэх, Засгийн газрын хэмжээнд өгөгдлийн засаглалыг бий болгох зэрэг зорилтуудыг тавьсан байна.

Өгөгдөлд суурилсан бизнес загварууд уламжлалт эдийн засгийн бүтцийг эвдэж байна Read More »