Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Enkhtsolmon Enkhbayar

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдлээ. Энэ жилийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ЦХХХЯ-ны хамт олон Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 100 гаруй хайлаас модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэж, дуу чимээ намсгахаас гадна зуны улиралд шороо тоосны 50%, өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг ач холбогдолтой юм. #Хүнбүрбайгальхамгаалагч

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна Read More »

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна Read More »

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад өнөөдөр /2023.05.16/ танилцуулж, төслийн хүрээнд сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо. Уулзалтад Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн төв аппарат, Дамжуулах сүлжээ ашиглалтын газар, Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газар, Технологийн удирдлага төлөвлөлтийн газрын 119 албан хаагчид танхимаар, харьяа аймаг, дүүргийн газрын 263 албан хаагчид цахимаар нийт 400 орчим албан хаагчид оролцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа Read More »

Java програмчлалын олимпиад болж аваргууд тодорлоо

Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарын дунд Java программчлалын хэлээр тавдугаар сарын 13-нд олимпиад зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. ЦХХХЯ дэмжин хамтран ажилласан тус олимпиадын багш нарын төрөлд “Nest education” сургуулийн багш Д. Өсөхбаатар тэргүүн байр, “Сант” сургуулийн багш А.Батжаргал дэд байр, “Амжилт кибер” сургуулийн багш Ц.Ганхүү гуравдугаар байрт шалтгарав. Сурагч нарын ангилалд Дархан хотын “Оюуны-Ирээдүй цогцолбор” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү тэргүүн байр, “Nest education” сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт дэд байр, “Олонлог EXE” сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн гуравдугаар байрт тус тус орсон байна. Мөн 10 тусгай байрыг шалгарууллаа. Энэхүү олимпиад нь улирал бүр мэдээлэл зүйн багш нар болон сурагчид гэсэн ангиллаар болох бөгөөд Java, Javascript, Python, C++ хэлнүүд дээр ээлжлэн явагдах юм. Дараагийн улирлын олимпиад Python хэл дээр болох аж. Цахиурын эринд бүхий л салбар, шинжлэх ухаанд мэдээлэл технологийн суурьтай мэргэжилтнүүдийн эрэлт өсч байна. Монгол Улс дижитал шилжилт бүрэн хийж дуусгахад 30,000 орчим IT-ийн инженер шаардлагатай гэж үздэг. Иймээс MLC Business School нь Болгарын SoftUni Global-тай хамтран 20,000 IT инженер бэлтгэх “20K Программист” хөтөлбөр санаачлан зохион байгуулж байна. Сануулахад, тус олимпиадад нийт 36 ерөнхий боловсролын сургууль оролцсоны 14 нь улсын, 22 нь хувийн сургуулийн сурагчид оролцжээ. Долоогоос наймдугаар ангийн 12 сурагч, есөөс аравдугаар ангийн 16 сурагч, 11-12-р ангийн 37 сурагч тус тус оролцсон байна. Мөн 65 сурагчдаас 11 эмэгтэй сурагч тус олимпиадад оролцжээ.

Java програмчлалын олимпиад болж аваргууд тодорлоо Read More »

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, өөрчлөлт хийх болсон тухай танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2023.05.16/ Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамдын 3000 орчим албан хаагчдад төслийг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна Read More »

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө Read More »

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс өнөөдөр /2023.05.15/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг төрийн захиргааны төв байгууллага түүний харьяа байгууллагуудын албан хаагчдад зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр ажлын дэд хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж, ажлын хэсгийн гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ү.Амарбат, ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамдын 3000 гаруй албан хаагчид оролцлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 1 дүгээр хэлэлцүүлгийг өрнүүллээ Read More »

Шилэн ажиллагаа: Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг дэлгэв

Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо. Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулав. Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой. Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм.

Шилэн ажиллагаа: Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг дэлгэв Read More »

Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудын оролцоо, бодит үр дүн чухал

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллагын мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан албан хаагчид болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгч, санал солилцлоо. Цахим шилжилтийн зорилго авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэх. Үүнд орон нутгийн байгууллагууд тэр дундаа харьяа, салбар байгууллагуудын дэмжлэг, оролцоо бодит үр дүнд хүрэхэд нэн чухал болохыг дэд сайд Ж.Эрхэмбаатар онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудын оролцоо, бодит үр дүн чухал Read More »

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ Read More »