Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Enkhtsolmon Enkhbayar

Үндэсний Дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.07.04/ Uptime Institute-ийн Худалдааны албаны дарга Филип Коллертонтой уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын ХХЗХ-той Дата төвүүдийг сертификатжуулах, олон улсын стандартын сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар болсонд баяртай байна гэсэн юм. Мөн манай Дата төвүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, зохицуулалтад Uptime Institute-ийн зүгээс үнэтэй мэдлэг, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. ЦХХХЯ-ны зүгээс Үндэсний дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн найдвартай ажиллагаанд чухал үр нөлөөтэй юм. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. ХХЗХ болон Uptime Institute-ийн хамтын ажиллагааны тухайд Монголын Дата төвүүдийг UI-тай хамтран ажиллах, сертификат авах талаар дэмжих, ялангуяа Дата төвийн төлөвлөлтийн баримт бичгийн болон байгууламжийн батламж авах чиглэлээр ажиллах юм. Uptime Institute LLC нь дэлхийн 114 орны Дата төвүүдэд 2,800 гаруй сертификат олгосон бөгөөд Дата төвийн найдвартай ажиллагааны нэр хүндийн баталгаа болдог юм.

Үндэсний Дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлнэ Read More »

Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кондо Масанориг өнөөдөр /2023.07.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн төрийн 1000 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлж, “Цахим аймаг” бодлогын баримтлах чиглэлийг тодорхойлж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байгааг онцоллоо. Энэ хүрээнд бусад гишүүн орнуудаас сайн туршлагыг хуваалцаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ. Кондо Масанори: АНДЦХБ энэ жилээс эхлэн APT Web Dialogue платформоор дамжуулан шинээр хөгжиж буй технологиуд сэдвүүдийн хүрээнд гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт цахим шилжилтийн сайн туршлагаа хуваалцах боломжтой. Мөн АНДЦХБ-ын 2024-2026 оны Стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Үүнд санал, санаачилгаа ажлын хэсгээр дамжуулан төлөвлөгөөнд тусгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү ажлын айлчлал нь Монгол улс болон Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын хоорондын харилцаа холбоо, гишүүн улс орнуудын бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ Read More »

Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Судалгааны институд, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамтарсан ажлын хэсгийн баг төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.07.03) Архангай аймагт зохион байгуулж байна. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийн зорилго нь: Иргэн, төрийн албан хаагчдадаа нийцсэн хамгийн зөв процесс, дамжлагыг бий болгох, олон шат дамжлагыг халах, нэгээс илүү дамжлага үүсгэхгүйгээр төрийн албаны процессыг бий болгох, процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх, байгууллагын чадамж, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд тандалт судалгааны баг, чиг үүргийн шинжилгээний баг, ажлын байрны зураг авалтын баг, эрсдэлийн баг, мэдээлэл, технологийн баг зэрэг үндсэн 5, дэмжих 2 нийт 7 баг процессын дахин инженерчлэлийн суурь судалгаа, тандалт судалгаануудыг хийж, хаана, ямар асуудал байгааг тодорхойлон, тухайн байгууллагын үйл явцыг нэг бүрчлэн зурж тодорхойлж 4 өдөр ажиллана. Уулзалт, хэлэлцүүлэгт Архангай аймгийн 25 агентлагийн 300 гаруй албан хаагч хамрагдлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв – New Recovery Policy Accelerator Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар

Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна Read More »

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад үзүүлэх техникийн туслалцаа: Бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн үнэ цэнийн сүлжээнд тогтвортой, хүртээмжтэй интеграцчлалыг дэмжих төслийг баталсан. Төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийн худалдаа хийх, хил дамнасан цахим худалдаанд оролцох чадавхийг үнэлж, сайжруулах, дэлхийн цахим худалдааны төвүүдтэй уялдаа холбоог бий болгох, Монгол Улсын бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор одоо байгаа дотоодын цахим худалдааны платформуудыг судалж, ЖДҮ-ийг санхүү, бизнес эрхлэх, цаасгүй худалдааны платформ ашиглах талаар туршлага солилцоход уг арга хэмжээний зорилго чиглэж байна. Арга хэмжээний хүрээнд “Цахим худалдааг дэмжих төрийн санаачилгууд”, “Монголын ЖДҮ эрхлэгчдийн дэлхийн цахим худалдаанд бэлэн байгаа байдал”, “Малайз Улсын цахим өөрчлөлтийн аялал” гэсэн 3 үндсэн бүлэг сэдвийн дор Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэсний байгууллага, БНХАУ-ын Алибаба групп, Малайзын гадаад худалдааны хөгжлийн корпораци, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн төлөөллүүд оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээгээр Монголын ЖДҮ эрхлэгчдийн цахим худалдааны платформ, зах зээлийн хэрэглээнд нөлөөлж буй гол асуудлуудыг хэлэлцэх, цахим зах зээлийн хөтөлбөр, ЖДҮ-ийн оролцоог дэмжих санаачилга, Малайз, Сингапур зэрэг улсад хийсэн цахим худалдааны судалгааны ажлын үр дүнг танилцуулах, жижиг бизнесийн цахим тэргүүлэгч төслийн төгсгөлийн арга хэмжээний талаар, мөн цахим платформ, зах зээлээр дамжуулан хил дамнасан цахим худалдаанд Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийн чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох юм.

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна Read More »

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа Read More »

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ

Япон улсад Монгол улсаас 17 мянга орчим иргэд оршин сууж байна. Эдгээр иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, төрийн үйлчилгээг авахтай холбоотой аливаа саад бэрхшээлийг арилгах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Токио хотод байрлах элчин сайдын яаманд, Осака хот дахь ерөнхий консулын байранд тус тус “Хурдан”төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Ингэснээр Хилийн чанадад 5 улсад 9 цэгт, Улаанбаатар хотод 43 цэгт, Орон нутагт 55 цэгт төрийн үйлчилгээг операторын горимоор хүргэх “Хурдан” цэгүүд байгуулагдаад байна. Иргэн та Монгол улсад болон хилийн чанадад өөрт ойр байрлах “Хурдан” цэгээс төрийн 94 төрлийн лaвлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй авах боломжтой юм.

Япон улсын Токио, Осакa хотуудад оршин сууж буй Монгол иргэд төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээс авах боломж бүрдлээ Read More »

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Цахим аймаг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын суурь болох төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх цуврал сургалт Дархан-Уул аймгаас эхэллээ. Тус сургалтад ЦХХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Төрийн цахим үйлчилгээний газрын дарга П.Батбаатар нар оролцож мэдээлэл өглөө. ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулж буй сургалтад 250 гаруй төрийн албан хаагч оролцлоо.

Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа Read More »

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн Дархан хотын “Залуучууд” театрын өмнөх талбайд зохион байгуулагдаж байна

Тус үзэсгэлэнд: Tөрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Үндэсний дата төв УТҮГ Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ И-Монгол академи УТҮГ Монголын цахилгаан холбоо ХК Монгол шуудан ХК “Ай Си Ти Групп” ХХК “Интерактив” ХХК “Гэрэгэ Системс” ХХК “Метафорс” ХХК “Оргил Дельта Треид” ХХК “Фаро фоундешн” ХХК-иуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд технологийн дэвшил, инновацийг танилцууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн Дархан хотын “Залуучууд” театрын өмнөх талбайд зохион байгуулагдаж байна Read More »

“Цахим аймаг” форум Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна

Монгол улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыгг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ орон нутагтай хамтран ажиллах юм. Үүний хүрээнд өнөөдөр /6-р сарын 23/ Дархан-Уул аймагт зохиогдож буй “Маргаашийн хот” уриатай “Ухаалаг хот” арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймгийн төвийн сумдуудын удирдлагууд, Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид, ОУ-ын зочид төлөөлөгчдийг хамруулсан “Цахим аймаг” хэлэлцүүлэг, форумыг ЦХХХЯ, Дархан сумын ЗДТГ, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа. Форумд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцож цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын болон ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг танилцууллаа.

“Цахим аймаг” форум Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна Read More »

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав. Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо Read More »