Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.
“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуралд оролцож, “Монгол улсын шүүхийн болон хуулийн байгууллагуудыг цахимжуулахад мэдээллийн технологийн үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Шүүх цахимжуулалтад шилжихэд аюулгүй байдлыг хангахад бид бэлэн. Шүүхийн цахим тогтолцоо нь харилцан уялдаатай, нэгдсэн бодлого төлөвлөлттэй байх зарчимд нийцсэн байх ёстой. Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай. Салбар хоорондын уялдааг хангах, архитектур төлөвлөлт, технологийн шийдлүүд гаргах, улсын бүртгэлийн байгууллагуудын холбогдох мэдээллийг найдвартай, иж бүрэн солилцоход дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм. Мөн илтгэлд цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийгдсэн дэвшил, бодлого стратеги, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, инновац үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим үйлчилгээний суурь дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилнэ. Үндэсний дата төвийн үйл ажиллагааг олон улсын дата төвийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Cloud провайдер хэлбэрт шилжүүлэн Үндэсний клауд дэд бүтцийг бий болгосноор хоорондоо зохицдоггүй тоног төхөөрөмж, техник хангамж үүсгэдэг асуудлыг цэгцэлнэ. 2023 оны 1 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэрэг төрөөс хуулийн этгээдтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг цахим нэг цонхонд төвлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн “e-business.mn” платформыг бий болгоно. Уг платформ нээгдсэнээр хүн, хуулийн этгээд дэлхийн хаана ч байсан Монгол Улсад компани байгуулах, тусгай зөвшөөрөл авах, сунгах, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломжтой болно гэдгийг онцоллоо.